Хөнгөн атлетикийн ДАШТ-ий эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2015.08.25-нд нийтлэгдсэн

Хөнгөн атлетикийн ДАШТ-ий эргэн тойронд

Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 08 дугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотод эхэлсэн билээ.

Спортын хатан хаан гэгдэх энэхүү тэмцээнд 200 гаруй орны шилдэг 2000 гаруй тамирчид оролцож байгаа бөгөөд манай улсаас гурван тамирчин оролцож байгаа юм. Эрэгтэйчүүдийн ангилалд гавьяат тамирчин Б.Сэр-Од, эмэгтэйчүүдийн төрөлд олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа, Л.Отгонбаяр нар оролцоно.

Хөнгөн атлетикийн ДАШТ 8 дугаар сарын 22-ны өдөр эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн төрлөөр эхэлсэн бөгөөд 30-нд эмэгтэйчүүдийн марафоноор өндөрлөнө.

Энэ 8 дугаар сарын хоёрдугаар хагаст дэлхийн нийт хөнгөн атлетикийн спортоор бүрэн амьсгалж байна. 8 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд ИААФ буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбооны 50 дугаар их хурал БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдлаа. Тус Конгрессийн үеэр шинэ Ерөнхийлөгч болон удирдах бүрэлдэхүүнийг сонгож ИААФ-ийн тэмцээний дүрэмд өөрчлөлт орууллаа.

Олон улсын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгчөөр спортын нэрт зүтгэлтэн, олимпийн аварга С.Коэ /ИхБритани/, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр олон улсын олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, домогт тамирчин С.Бубка/Украйн/ нар сонгогдлоо.

Конгрессийн арга хэмжээнд Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, Улсын их хурлын гишүүн Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Конгрессийн үеэр доорхи албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалтуудыг хийлээ. Олон улсын хөнгөн атлетикийн холбооны шинэ ерөнхийлөгч С.Коэ, тэргүүн дэд ерөнхийлөгч С.Бубка, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны хөгжлийн асуудал хариуцсан захирал Аль Малек болон ОХУ, Япон, Энэтхэг, БНСУ зэрэг 10 гаруй орны хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалтыг хийлээ. Мөн дэлхийн хөнгөн атлетикийн зам талбай,тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Итали улсын Мондо компанийн спорт хариуцсан гүйцэтгэх захирал Андре Валлауритай уулзаж манай улсад тавигдаж буй олон улсын стандартад нийцсэн 400 метрийн тойрог бүхий зам талбайн асуудлаар санал солилцож тодорхой асуудлуудыг шийдлээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж