"Сүйрлийн эсрэг хөдөлгөөн"-ий тэмцэгчид Их Британийн 200 жилийн түүхт дурсгал дээр өөрсдийн бэлгэ тэмдгийг зуржээ. Алтон Барнесийн цагаан морь нь Милк толгод дээр 51 метр урт, 49 метр өргөн талбайд 1812 онд шохойгоор зурагдсан 35 км-ын зайнаас ч харагддаг үндэсний хамгийн үзэсгэлэнтэй дурсгалуудын нэг билээ.
Хөдөлгөөнийхний гаргаж буй үйлдлийн талаар хүмүүс "Байгаль орчныг аврах арга нь байгаль орчныг муухай болгох гэж үү?", "Ингэснээрээ ямар тустай гэж? Энэ бол нийгэм, түүхээ хүндэлж мэддэггүй тэнэг хүмүүсийн үйлдэл" гэх мэтээр санал бодлоо илэрхийлжээ.
Гэхдээ цагаан морин дээрх уг бэлгэ тэмдгийг ердөө футболкууд цувуулж тавин дүрслээд зургийг нь авсан байжээ. Нийтээрээ туйлширч, сөрөг сэтгэгдэл бичиж байсан хүмүүст хөдөлгөөний зүгээс "Энэ бол зүгээр л футболк цувуулж тавин зурсан зүйл. Ямар ч хоргүй. Хэрвээ та нар түүхийн дурсгалыг үгүй хийх нь муу зүйл гэж бодож байвал хүн төрөлхтөн бүх байгалийг яаж байгааг бодоод үзээрэй" гэсэн хариу өгчээ.
Лондоны төвд хиймэл цус шүршиж олны анхаарлыг татсан тус хөдөлгөөнийхөн ийнхүү 14 хоногийн үйл ажиллагаагаа өчигдрөөс эхлүүлсэн байна. Мөн тэмцэгчид Ламбэт гүүр, Вэстминстер гүүр, Трафалгар талбайг хаах зэрэг олон “сонирхолтой” аргаар тэмцэж байгаа аж.
Вэстминстер гүүрэн дээр тэмцэгчид бүжиглэж, иогийн дасгал хийж, зарим эмэгтэйчүүд нь хоорондоо хүзүүгээрээ гинжээр холбогдсон байдалтай зогсжээ. Трафалгар талбайд олон тэмцэгч цуглаж, нэгэн эр оршуулгын машины рулиэс хүзүүгээ гинжлээд жолоодож явсан байна.
Үд дунд гэхэд 135 тэмцэгчийг баривчилсан байна. Нийт 30 мянган хүнийг эгнээндээ нэгтгээд байгаа хөдөлгөөнийхөн "Бид байж болох хамгийн тайван замаар тэмцэнэ. Баривчлагдсан ч, шоронд орж өлсөж зовсон ч бид өөрсдийнхөө хэлэх зүйлсийг хэлсээр байх болно. Бид дэлхийн дулааралтай яаралтай тэмцэх ёстой гэж үзэж байна. Бид засгийн газраас 2025 он гэхэд хүлэмжийн хийг тэг болгохыг шаардаж байна" гэжээ.
Хөдөлгөөний төлөөлөгч, 24 настай Зое Жонес бүсгүй "Бид энд засгийн газрыг яаруулахаар ирсэн. Учир нь бид дахиад хүлээгээд сууж чадахгүй нь. Дараагийн хоёр долоо хоногт бид илүү халуухан зүйлүүд хийх болно. Зарим үйлдэл маань цагдаа нарын уурыг хүргэж, биднийг баривчлах байх. Бид магадгүй зам хаах гэх мэт үйлдлээрээ энгийн иргэдийн өдөр тутмын амьдралд саад болох байх. Гэхдээ энэ бол засгийн газарт шаардлага тавих ганц арга. Бид ч гэсэн энгийн иргэд. Үзэл бодлоо илэрхийлж байгаа энгийн иргэд" хэмээн ярьжээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: EXPRESS
Холбоотой мэдээ