Ногоон технологи ба хөрөнгө оруулалт сэдэвт олон улсын үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

Ногоон технологи ба хөрөнгө оруулалт сэдэвт олон улсын үзэсгэлэн болно

Ногоон технологи ба хөрөнгө оруулалт сэдэвт олон улсын үзэсгэлэн болно

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Эдийн засгийн Хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны хамтын ажиллагааны хүрээнд “Экспо Монголиа” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн арга хэмжээг танилцуулах олон улсын үзэсгэлэн, бага хурлын талаар тус улсын Хүнд машин механизм үйлдвэрлэгчдийн холбоо болон "Ёот Фау консалт" ХХК-иас өнөөдөр /2019.10.08/ мэдээлэл хийлээ. “Экспо Монголиа” олон улсын үзэсгэлэн, бага хурал энэ онд долоо дахь удаагаа зохиогдох бөгөөд “Ногоон технологи хөрөнгө оруулалт” сэдвийн дор болно.

Тус үзэсгэлэнгийн үеэр уул уурхай, үйлдвэрлэл, бизнесийн салбар дахь зах зээлийн шинэлэг санаа, хамгийн сүүлийн үеийн техник технологийг танилцуулахаас гадна Монгол Улсад ирээдүйд хийгдэхээр зорьж буй төслүүдийн мэдээлэлтэй танилцах, хөрөнгө оруулалтын боломжийг судлах, зорилтот зах зээлд бизнесийн түншлэл тогтоох, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гэрээ хэлэлцээр хийх боломжийг үзэсгэлэнд оролцогчид болон сонирхогчдод олгох юм.

“Экспо Монголиа 2019” олон улсын үзэсгэлэн, бага хурлын үйл ажиллагаа аравдугаар сарын  9, 10-ны өдрүүдэд “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэн худалдааны төвд болно. Энэ удаагийн үзэсгэлэн, бага хуралд Усны менежмент  сэдвийн дор хот суурин газрын ус хангамж, ус цэвэрлэх байгууламжийн дэвшилтэт технологийг танилцуулах илтгэлүүд тавигдах юм. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Мөрөн хот болон ХБНГУ-ын Барут хотын хамтын ажиллагааны  төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулах аж. Энэ талаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүхээс дараах зүйлийг тодрууллаа.

Ц.ГАНСҮХ: МӨРӨН ХОТ БОХИРЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭСЭН ЗАГВАР ХОТ БОЛНО

-Мөрөн сум болон ХБНГУ-ын Барутмарк хотын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төслийн үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Манай хоёр хот найман жилийн хамтын ажиллагааныхаа хүрээнд ногоон технологийг орон нутагт хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжүүлээд байна. Тухайлбал, герман технологид суурилсан экологид ээлтэй “Бидний байшин “төслийг дурдахад таатай байна. Уг төслөөр утаагүй, хөрсөнд бохирдолгүй технологийг амжилттай туршиж, иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийг барьж ашиглалтад оруулсан. Мөн усны зүй зохистой хэрэглээг дэмжих, иргэдэд сурталчлах “Бидний ус” төслийг хэрэгжүүллээ. Энэхүү төслөө ЕБС-ийн хүүхдүүдээр дамжуулан хэрэгжүүлж, сургуулиудад цэвэр усны төхөөрөмжүүдийг суурилуулж өгч, ус уухын ашиг тустай талыг сурталчилсан.

Эдгээр төсөл хөтөлбөр маань энэ онд үргэлжлээд явж байна. Энэ хүрээнд ирэх 13, 14-ний өдрүүдэд “Төв, суурин газрын усан хангамжийг нэмэгдүүлэх менежмент хөгжүүлэлт” сэдэвт онол, практикийн бага хурлыг Германы Барутмарк хот, Усны академитай хамтран зохион байгуулах гэж байна.

-Мөрөн хот усан хангамжийн дэд бүтцийг сайжруулан, бага оврын цэвэрлэх байгууламжийг туршиж загвар хот болох зорилготой гэлээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Усны дэд бүтцийг төв суурин газарт хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, гэр хороололд инженерийн шийдэл бүхий цэвэрлэх байгууламжийг бий болгох, Хөвсгөл нуурын эрэг дагуу байрлаж байгаа жуулчны баазуудад цэвэрлэх байгууламжийн технологийг нутагшуулах зэрэг ажлуудыг эхлүүлээд байна. Бага оврын цэвэрлэх байгууламжийг туршсанаар 21 аймагт тулгамдаад буй бохирын асуудлыг шийдвэрлэсэн загвар хот болох зорилго тавьсан. Тухайлбал, Мөрөн хот дахь айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудад бага оврын цэвэрлэх байгууламжуудыг ашиглуулж турших юм.

Ц.ДЭЛГЭРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж