Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.10.08) хуралдаан гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх эсэхийг хэлэлцэв.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан 1,0 тэрбум ам.долларын зээлийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн зөвлөх компаниар шалгарсан Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Инженерс Индиа Лимитед” компанийн боловсруулсан техник-эдийн засгийн үндэслэлээр (ТЭЗҮ) газрын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг нийт 1235.989 сая ам.доллар байхаар тооцоо гарсан. Үүнтэй холбогдуулан тус үйлдвэрт нэмэлтээр шаардлагатай 236.0 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулахаар Энэтхэгийн талтай тохироод байна. БНЭУ-ын Экспорт-Импорт банкны зээлийн нөхцөл нь хугацаа 20 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, хүү (жилийн хүү) 1.75 хувь, зээлийн хөнгөлөлтийн түвшин 29.44 хувь байна гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ш.Раднаасэд, Б.Чойжилсүрэн, Д.Оюунхорол, Ж.Батзандан, О.Батнасан нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс газрын тосны үйлдвэр барьснаар бензин, шатахууны нэгж бүтээгдэхүүний үнэ 900 төгрөгөөр худалдаална гэж мэдэгдсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны байр суурь, тооцоо хэвээр байгаа эсэхийг илүүтэй тодруулж байлаа. Мөн газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) боловсруулахад Энэтхэгийн компани сонгосон шалтгаан, цаашид үйлдвэр ашиглалтад орсноор гарах дайвар бүтээгдэхүүний ашиглалтын талаар лавлав.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяр, хариултдаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд тус банк өөрийн гэсэн шаардлага тавьдаг. Энэ шаардлагад нийт зээлийн 65 хувьд нь тус улсын бараа, ажил, үйлчилгээ худалдан авна гэсэн байгаа. Иймд төслийн техник эдийн засгийн үндэслэлийг “Инженерс Индиа Лимитед” компани боловсруулсан гэж байлаа. Мөн тэрбээр, 2018 оны 12 сард газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-г үндэслэн үйлдвэрээс гарах нэгж бүтээгдэхүүний үнэ 900 төгрөг гэж байсан. Гэвч уг нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийн хүрээнд 236.0 сая ам долларын зээл авах болсны дагуу нэгж бүтээгдэхүүний үнэ бага зэрэг өөрчлөгдөх магадлалтай. Бидний хувьд нэгж бүтээгдэхүүний үнийг 1000 төгрөгт барихаар ТЭЗҮ хийсэн болон менежмент хийж байгаа компанийнхантай тохиролцож байгаа. Түүнчлэн евро стандарт хангасан АИ-95, АИ-92, АИ-98 болон дизель, онгоцны түлш үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор гарах дайвар бүтээгдэхүүнийг ч чухалчилж авч үзсэн. Бидний сонгосон үйлдвэр эхний ээлжинд түлш, шатахуун үйлдвэрлэх бөгөөд бага зэргийн мазут, хий зэргийг гаргана. Үүнийг үйлдвэрийнхээ цахилгаан станцад ашиглахаар ТЭЗҮ-ийг боловсруулсан гэж байлаа.
Гишүүдийн зүгээс Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнээс 100 хувь хараат байдлаас салж, үйлдвэр барих, төсөл хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ дэлхийн нефтийн бүтээгдэхүүний үнээс хямд байхад зайлшгүй анхаарахыг онцгойлон сануулж байлаа. Түүнчлэн газрын тосны үйлдвэр ашиглалтад ороход газрын тос олборлож байгаа компаниудтай гэрээ хэлцэл хийхийн зэрэгцээ, түүхий эдийн ханган нийлүүлэлт тасралтгүй байхад анхаарч, дотоодын хайгууллаа нэмэгдүүлж баталгаатай нөөцөө бүрдүүлэхэд бодлогын ажил хийхийг захиж байлаа. Мөн үйлдвэрийн нэгж бүтээгдэхүүнийхээ өртөг зардал, эрсдэл зэрэг эдийн засгийн тооцоогоо сайн нягталж, зөв гаргахыг онцгойлон анхааруулж байлаа.
Ингээд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон.
Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуралдаанд Сангийн яам болон Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг Бүгд Найрамдах Франц Улсын 57.985 сая еврогийн зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр Францын талтай тохироод байна. Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн нөхцөл нь нийт хугацаа 30 жил, жилийн хүү 0.08 хувь, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, хөнгөлөлтийн түвшин 60.3 хувь байна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол энэхүү хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийлүүлэх техник, тоног төхөөрөмж нь Онцгой байдлын ерөнхий газрын хэдэн хувийн хэрэгцээ шаардлагыг хангахыг тодруулав.
Өнөөдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын техник, тоног төхөөрөмжийн хангамж 55-60 хувьтай байна. 2016 онд хийсэн судалгаагаар 230-аад тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмж шаардлагатай гэсэн тооцоо бий. Улсын хэмжээнд гал унтраах аврах 67 анги, 240 гаруй автомашин ашиглаж байгаагаас 30 гаруй хувь нь ОХУ, 20 гаруй хувь нь европын бусад улсуудад үйлдвэрлэсэн техник, тоног төхөөрөмж эзэлж байгаа. Франц Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр Онцгой байдлын ерөнхий газрын техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал 80-90 хувьд хүрнэ гэсэн тооцсоныг Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян хариулав.
Ингээд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.0 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ
Хуралдааны төгсгөлд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай (Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II төслийг санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн) хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүлийн 58.3 хувь нь дэмжив.
Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв
Холбоотой мэдээ