Нийслэлийн гэр хороолол руу дэд бүтэц татаж, барилгажуулахгүйгээр агаар, хөрсний бохирдлыг аюулгүй шийдвэрлэх боломжгүй нь өнгөрсөн өдрүүдэд болж буй үйл явдал харууллаа.
Одоо зөвхөн гэр хороололд анхаарлаа хандуулж ажиллая. Байгалийн түүхийн музей, Үндэсний төв номын сан, Дуурь, Драмын театрын барилгыг нурааж, шинээр барихаас илүүтэй гэр хорооллын 220 мянган өрхийн хашааны газрыг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулбал өнөөгийн энэ хүнд нөхцөлөөс гарах вэ гэдэг төлөвлөгөө боловсруулж, хөрөнгөө хуваарилах нь чухал байна. .
Хийх хүн арга олдог гэж үгтэй. Нэг хэсгийнх нь хашааны газрыг нэгдсэн дулаантай холбох дэд бүтэц татаад өгчихөд л байшингаа дулаанаар хангадаг болчихно. Өөр нэг хэсгийнх нь газрыг байраар сольж болно. Хэдэн жилийн өмнө 100 айл, Нарантуул зах орчим ямар байсныг эргээд нэг саная. Битүү гэр хороолол. Хөрсний бохирдол, агаарын бохирдол нь тартагтаа тулчихсан. Бороо цас ороход гудамжаар нь явахын эцэсгүй, сөнөсөн тосгон гэмээр аймшгийн орчин нөхцөл угтдаг байв. “Гэр хорооллыг барилгажуулах” төслийн үр шимээр өнөөдөр дээрх газруудад шил толь болсон барилгууд сүндэрлэн баригдчихсан, хэдэн зуун айл байранд амьдарч байна.
Гэтэл Засгийн эрх нэг намаас нөгөөд шилжсэний дараагаас энэхүү төслийг гацааснаар гэр хорооллыг барилгажуулах ажил үндсэндээ зогссон гэж хэлж болно.
Тэр бүү хэл Сонгинохайрхан дүүрэгт хотын захиргааг барих ажлыг ч нам зогсоосон. Хэрэв энэ ажил үргэлжилсэн бол өнөөдөр Баянхошуу, Ханын материал орчмын гэр хорооллын гудамжууд багасчихсан, бараг хот боссон байхыг үгүйсгэхгүй. Ийм ажил улстөржилтөөс болж, яваагүй. Ашиг бага өгөхөөр харагдсан уу, хөдөлгөөгүй. Хүсвэл энэ байтугайг л хийх хөрөнгө мөнгө эргэлдүүлж, талын нэг цацлаа.
Эрх баригч намынхны өнгөрсөн хугацаанд хийж чадаагүй ажил дээр нь өнөөдөр эсрэг нам нь “танц” эргэн, ипотекийн зээлийг хүүгүй болгоно, баячуудын олон байрыг хурааж, бүртгүүлсэн иргэдэд эхнээс нь хуваарилна гэх зэргээр “үлгэр” ярьж сууна. Аль ч улс иргэдээ орон сууцжуулахын тулд ийм дээрэм хийгээгүй юм.
Харин МАХН-ынхан ирэх сонгуульд сонгогдож л байвал тэнгэр нурсан ч яах вэ гэсэн аястай олон нийтийн толгойг яавал эргүүлэх вэ гэсэн шиг үл бүтэх зүйл амлаж сууна. Улс төрийн нам нь төлөвшөөгүй, УИХ-ын сонгуульд үл бүтэх зүйл амладаг популистууд нь ихэвчлэн нэр дэвшиж, сонгогддогын нэг жишээ ч энэ болж байх шиг.
Уг нь МАН Засгийн эрх барьсан өнгөрсөн гурван жилд гэр хорооллыг барилгажуулах ажлыг далайцтай хийж чадсан бол ирэх сонгуульд сонгогдоход нь ч, ирээдүйгээ бодсон ч хамгийн зөв ажил болох байлаа. Харамсалтай нь, чадсангүй.
Жилийн найман хувийн хүүтэй олгодог ипотекийн зээлийг ч хүртээмжтэй болгож чадсангүй, түрээсийн 972 айлын орон сууцанд 35 мянган иргэн азаа үзэх хүртэл хэмжээнд байрны эрэлт үүсгэв.
Хэдийгээр өнөөдөр цаг хугацаа богино үлдсэн ч гэлээ ирээдүйгээ бодвол нийслэлийн гэр хорооллыг барилгажуулахад л гол хүчээ хаяж ажиллах нь чухал байна.
Ажилгүй иргэдийг ажлын байраар хангахаас эхлээд өөрсдөөр нь тоосгыг нь зөөлгөөд, шаврыг нь зууруулаад барилгыг нь бариулахаас л ажлын байр аяндаа бий болохоор байгаа.
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдын тэтгэмжийг нэмж 200 мянган төгрөгт хүргэнэ, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлж, 3600 төгрөгт хүргэнэ, цалин, тэтгэврийг инфляцын төвшинтэй уялдуулж нэмнэ гэх амлалтаас илүү гэр хорооллыг хөгжүүлэх шаардлага байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ