Нийслэлийн Орон сууцны корпорациас “Буянт-Ухаа 2″ хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах шалгуур хангасан иргэдтэй өнөөдөр /2019.10.08/-өөс гэрээ хийж байна. Ингээд тус корпорацийн дэд захирал С.Дорждэрэмээс ажлын явцын талаар тодрууллаа.
–Нийслэлийн орон сууцны корпорацид ажил ид өрнөж байна. Өнөөдрөөс эхлэн шаардлага хангасан иргэдтэй гэрээ хийж байгаа гэсэн үү?
-Тийм. Өнөөдрөөс эхлэн эхний хоёр шатанд тэнцсэн иргэдээ дуудан гэрээний нөхцөлөө эцэслэн тохирч, урьдчилгаа төлбөр, барьцаа, байр талбайг сонгуулж байна. Мөн барьцаагаа байршуулсан иргэдэд давхар тоотыг нь сонгуулж, гэрээгээ хийж байна. Ирэх баасан гариг буюу аравдугаар сарын 11-нд Сүхбаатарын талбайд иргэдэд батламж, түлхүүрийг нь гардуулж өгнө.
-Есдүгээр сарын сүүлчээр эрэмбийн дараа жагссан 135 иргэний материалыг хүлээн авсан. Энэ ажил дууссан уу?
-Энгийн түрээс, түрээслээд өмчлөх нийт 580 өрхөөс 135 иргэний материалыг сүүлийн хоёр долоо хоногт дахин авч байгаа. Учир нь эдгээрийн 70 хүн нь цахим бүртгэлд тэнцсэн хэрнээ бичиг баримтаа биеэр авч ирж, бүрдүүлж өгөөгүй. Харин 60 гаруй хүн нь эрэмбэ доошилж, ажилласан жил нь тэнцэхгүй байх, орон сууцны өмчлөлийн түүх гарч ирсэн гэх мэт журмын шаардлага хангаагүй. Энэ ажил бараг дуусч, цөөн хүний материал хүлээж авах дутуу үлдээд байна. Дахин эдгээр иргэдийн материалыг шалгаснаар цөөнгүй тооны хүмүүс хасагдах байх. Мөн адил дараагаар нь эрэмбэлэгдсэн иргэдийн материалыг хүлээж авах болно.
-“Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллыг Улсын комисс хүлээн авсан уу?
-Өнөөдөр гэрээний ажил эхэлж байна. Бидний зүгээс ирэх долоо хоногоос иргэдээ байранд нь оруулахаар төлөвлөөд байна. “Буянт-Ухаа 2” орон сууцанд өдөрт хэчнээн айл нүүлгэх боломжтой гэдэг хуваарийг гаргаж, хяналт тавьж ажиллана. Тусгай харуул хамгаалалт гаргаж, манай ажилчид очно. Улсын комиссоос “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцыг хүлээн авсан.
-Иргэдийн хувьд барьцаа төлбөрт хэдэн төгрөг байршуулж байгаа вэ?
-Гэрээ хийж байгаа иргэдийн хувьд энгийн түрээсийн гурван сарын төлбөртэй тэнцэх хэмжээний барьцаа төлбөр байршуулна. Түрээслээд өмчлөх хэлбэрт тэнцсэн иргэд тухайн иргэд манай байгууллагатай тохиролцож “Орон сууцныхаа 50 хувийг бүрдүүлсэн” гээд ирж байгаа айлууд ч байна. Зарим иргэд “Манайх 10, 20 сая төгрөгөөр төлбөрөө урьдчилаад төлье” гэж хандаж байна. Тэгэхээр тухайн иргэний төлөх мөнгөн дүн ямар байр талбай сонгож байна, өрхийн орлогоосоо хамаараад харилцан адилгүй байна. Ер нь иргэдийн хувьд ам сайтай “Би материалаа яаж бүрдүүлэх вэ” гээд лавлаад ирж байна. Өмнө нь цахим бүртгэлд тэнцээгүй иргэд бухимдаж байсан бол одоо тэнцсэн иргэд мэдээллээ лавлаж асууж байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ