ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сирийн зөрчил болоод бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлын асуудлыг хэлэлцэхээр Ойрхи-Дорнодын удирдагч нарыг Москвад хотноо урьжээ. Путины урилгаар Йорданы хаан, Абу-Дабийн хунтайж нар өнөөдөр /VIII.25/ Москва хотноо газардсан байна. Харин маргааш /VIII.26/ Египетийн ерөнхийлөгч ОХУ-д хүрэлцэн ирэх аж.
Башар аль-Ассадыг дэмжигч цөөн холбоотны нэг ОХУ-ын зүгээс дөрвөн жил үргэлжилж, 240 мянган хүн амийг зольсон Сирийн зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байна. Өмнө нь ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Саудын Араб болон Ираны талтай “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцлийн асуудлыг авч хэлэлцсэн аж.
Ойрхи-Дорнодын удирдагчид айлчлалынхаа үеэр Москвад болох сансрын болон нисэхийн олон улсын үзэсгэлэнгийн /Маск-2015/ нээлтэнд оролцох аж. Оросын сансрын болон батлан хамгаалахын аж үйлдвэр дэх гадны сонирхол их байгаа ч үзэсгэлэнгийн үеэр олон улсын гэрээ хэлцэл байгуулагдахгүй байх хэмээн “Рособоронекспорт” компанийн төлөөлөгч Вячеслав Давиденко мэдэгджээ.
ОХУ нь Барууны хоригийг үл харгалзан өнгөрсөн онд 15.5 тэрбум ам.долларыг зэвсгийн худалдаанаас олсон байна. Түүнчлэн энэ долоо хоногт Ираны албаныхан Москвад айлчлан ОХУ-аас “S-300” пуужингийн системийг худалдан авах хэлэлцээг эцэслэхээр төлөвлөжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence-France Presse