Европын холбоо Японтой тээвэр, эрчим хүч, дижитал төслүүдийг уялдуулах тухай дэд бүтцийн хэлэлцээр байгууллаа. Энэхүү хэлэлцээр нь Ази Европыг холбох шинэ төсөл болно гэдэгт талууд итгэл төгс байгаа ажээ. Үүний зэрэгцээ Европын холбоо болон Японы хооронд өнгөрсөн жил байгуулсан эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын эдийн засгийг ойртуулах арга барилын үргэлжлэл болж байна.
Энэ хүрээнд Европын холбоо Японд үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй татварыг 99 хувиар цуцлах, харин япончууд Европын холбоонд үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй татварыг 94 хувиар цуцлав. Еврокомиссийн дүгнэлтээр, хэлэлцээр дунд хугацаандаа Европын холбооны экспортыг 13 хувиар, импортыг 23 хувиар нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ.
Хямралын дараах үе буюу 2010-2018 онуудад Европын холбоо болон Японы худалдааны харилцаанд тогтвортой өсөлт ажиглагдахгүй байсан бөгөөд 150-170 тэрбум ам.долларт хэлбэлздэг байв.
Дэд бүтцийн хэлэлцээрийн хүрээнд Ази тивд хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Гэхдээ одоогоор дээрх төслүүд нь тодорхой болоогүй байгаа ч Европын холбооноос 65 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэх ажээ.
Энэ чиглэлд БНХАУ-ын “Нэг бүс-Нэг зам” төсөл мөн хэрэгжиж буй. Тус санаачилгын хүрээнд дэд бүтцийн төсөлд 90 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлж байгаа билээ.
Европын холбооны статистикийн албаны мэдээллээр, Япон болон Европын холбооны хоорондох худалдаа 2018 онд 14 сая тонн болсон аж. Үүний дийлэнх хэсгийг машин, тоног төхөөрөмж, эм зэрэг үнэтэй бараа бүтээгдэхүүн эзэлж байна. Гэхдээ энэхүү хэлэлцээр нь эдийн засгийн асуудал гэхээсээ илүүтэй улс төрийн ч агуулгатай гэдгийг судлаачид хэлж байна.
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд хийгдэх төсөл нь БНХАУ-ын “Нэг бүс- Нэг зам” хөтөлбөрийн алтернатив хувилбар нь гэдгээрээ онцлог ажээ.
Брюссель, Токио нь Европ болон Ази Номхон далайн нутаг дэвсгэрт транзит ачаа тээврийн салбарт БНХАУ-ын нөлөө ихэсч байгаа болон Бээжин Ази болон Африкт улс төрийн нөлөөлөөгөө эдийн засгаар дамжуулан бэхжүүлж буйд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.
Еврокомиссийн ерөнхийлөгч Жан-Клод Юнкер хэлэлцээрт гарын үсэг зурах үеэр дэд бүтцийн бүтээн байгуулалтад туслахдаа өрийн дарамт үүсгэхгүй, эсвэл нэг улсын хараат байдалд оруулахгүй гэдгээ амалжээ. БНХАУ-ыг өрийн дарамт үүсгэх замаар нэг улсын хараат болгож болзошгүй гэдэг асуудалд судлаачид санаа зовниж буй юм.
Хятадын өрийн дипломат арга барил нь XIX зуунд улс орнуудыг колончилж байсан арга барилтай төстэй бөгөөд харилцан ашиггүй гэрээ нь үүний тусгал болж байна гэж судлаачид дүгнэжээ. Тухайлбал, Шри-Ланка БНХАУ-д найман тэрбум ам.долларын өртэй бөгөөд үүнийхээ оронд Хамбантота стратегийн боомтоо 99 жилийн хугацаанд хятадуудад түрээслүүлж байгаа билээ.
Үүнтэй адил хувь заяа Кенийн Момбаса боомтод тохиолджээ. Пакистан ч гэсэн санхүүгийн асуудлаас болоод БНХАУ-ын өрийн дарамтад ороод буй. Энэтхэгийн шинжээчдийн үзэж буйгаар, энэ асуудлыг шийдэх гарц нь Арабын тэнгисийн эрэгт Хятадын тэнгисийн цэргийн баазыг барих гэв. Ингэснээр Персийн булангаас гарч буй газрын тосны урсгалд хяналт тавих боломж бүрдэнэ гэж харж байгаа ажээ.
Замби мөн найман тэрбум ам.долларын өрөөс болоод БНХАУ-аас хараат байдалд орж байна.
Энэ бүх асуудал төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой бөгөөд тэдгээр замууд нь хятадуудад харьяалагддаг ажээ. Мөн тэрхүү замаар тухайн улсынх нь байгалийн баялгийг зөөвөрлөх болов. Нөгөө талаар, АНУ болон Европын холбооны хяналттай систем ч гэсэн ямар нэгэн зүйлээр барьцаалж, улс төрийн шаардлага тавьж буй нь тодорхой гэв.
Европын холбоо, БНХАУ-ын хоорондох худалдаа 2018 онд 684 тэрбум ам.доллар болсон бөгөөд энэ нь Японтой хийж буй худалдааны хэмжээнээс дөрөв дахин их юм. Гэхдээ худалдааны энэ өсөлт нь Брюссельд ашиг тустай байгаагүй аж. Европын холбоо руу экспортлож буй БНХАУ-ын экспорт импортоос 1.5 дахин их аж. Европын компаниуд болон тэдний нэгдэл БНХАУ-ын нөлөөг хүчтэй шүүмжлэх болов.
Брюссель Бээжингээс эдийн засгийн болон улс төрийн бодлогоо либеральчилж, өөрчлөхийг шаардаж байна. Гэхдээ тэд зөвхөн шаардаж буй, харин эсэргүүцэл огт зарлахгүй байгаа билээ. Тухайлбал, 2017 онд Европын холбоо Нэг бүс-Нэг зам хөтөлбөрийн хүрээнд Белград болон Будапешт хооронд өндөр хурдны галт тэрэг тавьсан асуудалд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, Европын холбооноос БНХАУ-ыг төслийг хэрэгжүүлэхдээ Европын холбооны дүрмийг зөрчсөн гэж буруутгав.
Иймээс Брюссель Хятадын нөлөөний эсрэг адил төстэй саналыг гаргахаар шийдсэн нь Японтой байгуулж буй дээрх хэлэлцээр болж байна.
Эх сурвалж: EXPERT.RU
Холбоотой мэдээ