Ардын намынхны зунжингаа хэрэлдэж, хэлэлцэж баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх хувилбар бүхэлдээ задрахаар болж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга ес дэх хоригоо тавьсан нь Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоол. Уг асуудлыг өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд олонх хоригийг хүлээн авахыг дэмжсэн юм.
Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцангийн хэлснээр, Ардын намынханд одоо хоёр арга зам үлдсэн нь үнэн. Аль арга зам нь, яавал Монголд хожоотойг МАН-ын нүүдэл мэднэ. Ерөнхийлөгчийн хориг дээр олонх хэр зөв нүүхээс МАН ч, Монгол ч хожно гэсэн үг. Хоригийг МАН-ын бүлгийн гишүүд хүлээж авахдаа мэдээж, өргөө давхар тооцсон байлгүй.
Ард нийтээс санал асуух нь МАН-ын хувьд маш тэнэг шийдвэр байсан. Даа ялангуяа, сонгогчийн боловсролгүй хар масс дийлэнх хувь нь, дээр нь ЖДҮ, жаран тэрбумын дуулианаас болоод нэр нүүргүй болсон 76-гийн өмнөөс дунд хуруу гаргавал парламентын засаглал нурж мэдэхээр байлаа. Үнэндээ ард нийтээс санал асуух нь МАН-д ашиггүй болоод Монголд хортой.
Харин одоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмэн дэмжихгүй бол яах вэ гэх айдсаасаа салах сайхан шалтаг МАН-д гарч ирлээ. Ерөнхийлөгч ард түмнээс асуухыг дэмжээгүй гэх бэлэн зэлэн ам хаах үгтэй болсон. Ардчилсан намын зөвлөл ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмнээс асуухыг эсэргүүцэж буй. Тэгэхээр үнэмлэхүй олонх Үндсэн хуулийг өөрчлөх мандаттайн хэрэг юусан билээ, өнөөдөр түүнийгээ ашигладаг цаг.
Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эх тогтоолд тавьсан хоригийг хүлээж авснаараа УИХ хоёрдугаар хэлэлцүүлгийг дахин хийхээр болж байна.
Энэ тохиолдолд өмнө нь ганц, хоёрхон кнопны зөрүүгээс болоод дэмжлэг авалгүй унасан зүйл заалтуудыг, жишээлбэл, Гүйцэтгэх засаглалд эрх мэдэл олгох гол концепцио эргээд оруулж ирэх далимтай болсон нь нөгөө л Ерөнхийлөгчийн хориг. Ерөнхийлөгчийн хоригийг өмнөө гул бариад, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадвал Г.Занданшатарын парламентын гавьяа нь болно.
Үүний тулд Ардын нам, Ардчилсан намтай гар барих шаардлагатай болж буй. Улс төрийн богино зайны тоглолтоо бодох биш улс орны ирээдүй эрсдэлээ тооцож, ардчилал, эрх чөлөөгөө хамгаалж үлдэх нь өнөөдрийн парламентад суудалтай намуудын үүрэг болсон. Өмнөх шигээ Ардчилсан намын зөвлөл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оролцохгүй гэж эрх хүүхэд шиг тунирхаж гэдийгээд, эсвэл гөжөөд суух ёсгүй гэсэн үг. Өнгөрсөн 30 жил ардчиллаар овоглож, ардчиллыг тугаа болгож ирсний хувьд шүү дээ.
Энэ удаад Ардчилсан намын зөвлөл болон Ардын намын бүлгээс бүрдсэн зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд үнэмлэхүй олонх цөөнхийн саналыг хүлээн зөвшөөрөх магадлалтай гэсэн үг.
С.Эрдэнийн намын хувьд 18 саналтай, хамгийн гол нь “Сонгодог парламентыг баталгаажуулж, цаашдын хөгжлийн хандлагыг зөв болгоё гэвэл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй” гэх санал. Мөн гишүүдийн тоог 108 болгох, 50 хувь нь жагсаалтаар, 50 хувь нь тойргоос сонгох сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулах байр суурьтай байгаа юм.
АН, МАН-ын байгуулсан ажлын хэсгийн зөвшилцөл нь амжилттай болбол сүүлийн дөрвөн парламент дамжсан Үндсэн хуулийн шинэчлэлт эцэслэгдэнэ. Үгүй бол парламентын тогтолцоонд баяртай гэж хэлэхэд хүрнэ.
Үндсэндээ ,өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Г.Занданшатарын парламент хийж чадах эсэх нь МАН-ын үнэмлэхүй олонхын эв нэгдлээс хамаарах улс төрийн шинэ нөхцөл үүсчээ.
Ерөнхийлөгч Х.Баттулгын богино болоод холын зайны улс төрийг анхааралтай ажиглавал Засгийн газрыг чиглэсэн улс төрийн ард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг гацаах гол сонирхол нь нэвт харагдаж байна. Тиймээс МАН-ынхан аль ч утгаараа Ерөнхийлөгчийн улс төрийн дааж, давж гарахаас өөр арга байхгүй.
Товчхондоо, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бужигнуулаад эхэлбэл УИХ юун Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх манатай болно. Нэг хэсэг нь засгаа хамгаалах, нөгөө нь унагаах гээд сандал суудлын том дажин үүснэ. Ерөнхийлөгч Х.Баттулга шиг хүн үүнийг тооцоолоогүй байсан гэвэл хүүхэд ч итгэхгүй биз.
Мэдээж, МАН хоригийг нь хүлээж авсан учраас Ерөнхийлөгчийн хоёр дахь нүүдэл нь У.Хүрэлсүхийн засгийг унагаах, эрх баригчдыг хооронд нь зөрчилдүүлэх. Ингэж байж л Ерөнхийлөгч цаг хожно гэж тооцсон байх. Ерөнхийлөгчийн засаглалд шилжих дур сонирхолоо нууж хаахаа больсон Ерөнхийлөгчийн хувьд парламентын засаглалыг бэхжүүлэх сүүлчийн боломжийг нураах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гацааж, өөрөө алтан загасны эмгэн болохыг хүсч суугаа нь худлаа биш. Гуравдугаар ээлжийн хоолонд орох, өмнөх засгийг нь огцруулсан өшөө хорслоо тайлахыг хүсч буй хүмүүс МАН-д цөөнгүй бий.
Гэвч, Ерөнхийлөгчийн шидсэн ясыг тэл үмхэх л юм бол МАН ч, Монгол ч ялагдана. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөгөө хамгаалж үлдмээр байвал айвал бүү хий, хийвэл бүү ай, Ардын намынхан.
Холбоотой мэдээ