Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /2019.10.08/ Байгалийн түүхийн музейн барилгын асуудлаар тус музей дотор мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тэрбээр мэдээлэхдээ “Ирэх 2020 оны улсын төсвийн номонд Үндэсний төв номын сан, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрын барилгыг шинээр барихад нийт 12 тэрбум төгрөг төсөвлөсөн. Одоо энэ улстөржилт хэрээс хэтэрч, соёлын байгууллагуудын хөрөнгө оруулалтын асуудлыг зогсоохоос өөр аргагүй боллоо. Би одоо Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны даргад өөрийн саналаа хүргүүлж байна. Засгийн газраас соёлын салбарт сүүлийн 90 оноос хойш хийгээгүй хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж, хэрэгжүүлэхээр зургийн ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын тодорхой хувийг Засгийн газрын нөөцөөс гаргаж, энэ зунаас ажлууд нь эхлээд ирэх жилийн төсөвт эдгээр барилгын ажлуудыг эхлүүлэхээр явж байсан. Харамсалтай нь нэр бүхий улс төрч, соёл урлагийн зүтгэлтнүүд, архитектор, төрийн бус байгууллагууд болон хувь хүмүүс эсэргүүцлээ илэрхийллээ. Тийм болохоор би энэ 12 тэрбум төгрөгийг Төсвийн тухай хуульд зохицуулалт хийж, манай боловсрол, спорт, шинжлэх ухааны салбарт тулгамдсан олон асуудлыг шийдэхэд зарцуулах санал хүргүүлж байна. Маш харамсалтай байна” гэв.
“МУЗЕЙН БАРИЛГЫГ АНХ ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЕХНИКУМЫН ЗОРИУЛАЛТААР БАРЬСАН”
Салбарын сайд үргэлжлүүлэн хэлэхдээ “Байгалийн түүхийн музейн барилгыг анх 1952 онд хөдөө аж ахуйн техникумын барилгын зориулалтаар зураг төслийн гаргаж байсан түүхтэй. Энэ зургуудыг яагаад үзүүлж байна вэ гэхээр сүүлийн үед энэ барилгыг анхнаасаа музейн зориулалтаар барьсан, соёлын үнэт өв гэдэг мэдээллүүд яваад байгаа учраас анхны зураг төслийг танилцуулж байгаа юм. Боловсол, соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2013 оны шийдвэрээр Байгалийн түүхийн музейг буулгах, шинээр барих ажил эхэлсэн. Тэр ондоо улсын төсвийн хөрөнгөөр зураг төсвийн ажлын тендер зарлагдаж, “Балданс” гэдэг компани шинэ зураг төслийг хийсэн. Энэ зургийг дахин боловсруулж, сайжруулаад “Чингис хаан” музейг байгуулахаар шийдвэр гарсан юм.
Одоо музейн газрын асуудал үүссэн. Байгалийн түүхийн музейн ар талд байрлах хуучин модон байшинг тухайн үед музейд ажиллаж байсан ажилтанд музейн захиргаанаас 1998 онд хувьчилсан байдаг. Дараагаар нь энэ хавийн газартай нь өмчилж авсан учраас газрын асуудал үүсч байгаа. Хотын удирдлагуудтай газрын асуудлыг шийдвэрлэх, энэ байшин барилгыг нураах асуудлыг ярьж байгаа. Энэ музейн барилгыг буулгаж, шинээр “Чингис хаан” музейг байгуулахаас өөр арга байхгүй. Энэ барилгаа өөрөө нурах хэмжээнд хүрчихээд байхад ямар нэг байдлаар улстөржүүлж, захиалгатайгаар мушгин гуйвуулж соёлын үнэт өв мэтээр олон нийтэд тайлбарлаж байгаад харамсаж байна. Сүүлийн хэд хоног энд суулт хийж, олон нийтийг турхирсныг сайтар ажиглалаа. Тэр хүмүүс “Энэ барилгыг буулгаж болохгүй” гэж хэлээд байгаагаас яагаад буулгаж болохгүй, хэрхэн засаж сайжруулах боломжтой гэдгийг хэн ч ярихгүй байна” гэдгийг хэлж байв.
“БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН БАРИЛГЫГ ХҮЧИТГЭХ БОЛОМЖГҮЙ”
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цэнгэл музейн барилгын талаар тайлбарлахдаа “Манай байгууллагаас Байгалийн түүхийн музейн барилгад хоёр удаа дүгнэлт гаргасан. Үүнд 2012 онд нэг дүгнэлт, 2013 онд үйл ажиллагааг нь зогсоох акт тавигдсан юм. Мөн Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас гаргасан дүгнэлтийг үндэслэн үйл ажиллагаа явуулах боломжгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй барилга гэдэг акт тогтоосон. Байгалийн түүхийн музейн барилгыг хүчитгэх боломж байхгүй. Барилгын суурийн тоосгонууд нь үйрээд унасан, даацын хана нь бүгд босоо хагарал, цууралттай үүссэн байгаа” гэсэн юм.
“БАРИЛГЫН ХАНА ГАР ХҮРЭХЭД ҮҮРЧ, УНАЖ БАЙНА”
Байгалийн түүхийн музейн барилгад бүрэн хэмжээний биет судалгааг хийсэн З.Биндэрьяа шинжээч музейн барилгын талаар мэдээлсэн юм. Тэрбээр “Энэ музейн барилга нь 1953 онд газар хөдлөлтийн норм дүрэмгүйгээр баригдсан байдаг. Музейн барилгад 2012 онд манай их сургуулийн “Рэк” констракшн салбар яамтай хамтран энэ барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлт, ашиглалтын нөхцөл байдлыг үнэлэхээр захиалга өгсний дагуу иж бүрэн шинжилгээг хийсэн. Шинжилгээ, судалгаагаар барилгын тоосго нь газар хөдлөлтийн нормоор 75 байх ёстой. Гэтэл 55 марктай байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг килограмм тоосго 75 кг ачаа даах ёстойгоос 50 кг ачаа дааж байна гэсэн үг. Мөн тоосго наасан зуурмаг 25 маркаас дээш байх ёстой байтал 10 марк байсан. Тэр цагаас хойш тоосго нь чийгшээд, нураад унаж байна. Энэ барилгын хучилт модон, суурь нь чулуу байгаа. Гэтэл өнөөдөр чулуун суурьтай барилга ашиглалтын шаардлага хангахгүй. Энэ барилгыг хүчитгээд нэмэр болохгүй. Бараг хүчитгэл хийхээр бол шинээр хэд хэдэн сургууль барих зардал орно” гэлээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ