Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар энэ сарын 10-наас 12-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын 25 жилийн дараа Бүгд Найрамдах Казахстан Улсад хийх айлчлал болох юм. Тодруулбал, 1994 онд Ерөнхий сайд асан П.Жасрай Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчилж, түүнээс хойш 25 жил тасраад байсан бөгөөд Ерөнхий сайдын албан ёсны айлчлал сэргэж байгаагаараа онцлог юм.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Маминтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дараачийн шатанд дэвшүүлэн хөгжүүлэх, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцоно.
Айлчлалын талаар Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжингөөс тодруулахад тэрбээр "Ерөнхий сайдын албан ёсны айлчлалыг өндөр түвшний айлчлалын давтамжаа хадгалж байгаа стратегийн ач холбогдолтой гэж хэлж болно. Монгол Улс Төв Ази тэр дундаа Казахстан улс руу чиглэсэн бодлогоо эрчимжүүлж, шинэ шатанд гаргахыг оролдож байна. Айлчлалын үеэр Засгийн газрын түвшний, төрийн байгууллагууд хоорондын, хувийн хэвшлийн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурагдана. Яг одоо ажлын хэсгийнхэн газар дээр нь очоод текстээ тохироод байж байна.
Мөн айлчлалын хоёрдах өдөр нь Ерөнхий сайд Монгол, Казахстаны бизнес форумд оролцож үг хэлнэ. Уг бизнесийн форумд манай талаас 60 гаруй бизнесийн төлөөлөгчид оролцоно. Казахстаны талаас ч гэсэн тодорхой амжилтад хүрсэн, нэр хүндтэй бизенесийн төлөөллүүдээ тус форумд оролцуулна. Аливаа хоёр улсын харилцаанд бизнес, хувийн хэвшлийнхний харилцаа хөгжих нь хоёр орон цаашдаа урт хугацаанд харилцаагаа хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Тиймээс айлчлалын бүрэлдэхүүнд бизнесийн салбарынхныг нэлээд өргөнөөр хамруулсан. Айлчлал үр дүнтэй, шуурхай айлчлал хийх зарчим барьж, бэлтгэлээ хангаж байна" гэлээ.
Холбоотой мэдээ