Дэлхийн болон Монголын хүүхдийн шилдэг зохиол, бүтээлийг хүүхэд, багачуудад таниулах, сурталчлах, уран уншлагын ур чадварыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг “Уран жиргээ-2019” наадмын дүүргийн шалгаруулалт эхэллээ.
Нээлтэд дүүргийн Засаг даргын орлогч П.Давхарбаяр оролцож хүүхэд, багачууддаа амжилт хүслээ.
Энэ удаагийн наадамд сургууль, цэцэрлэгийнхээ шалгаруулалтад 1-3 дугаар байр эзэлсэн оролцогчид сургуулийн өмнөх буюу цэцэрлэгийн нас, ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар анги, 6-9 дүгээр анги, 10-12 дугаар анги гэсэн 4 насны ангиллаар өөрийн бэлдсэн зохиол бүтээлээ уншиж оролцох юм.
Уралдааныг Монгол Улсын гавьяат багш С.Даваахүү, Соёл урлагийн их сургуулийн тайзны ярианы багш Д.Саранхүү нар шүүн тунгаана.
Дүүргийн наадмаас насны ангилал тус бүрээс шалгарч эхний гурван байр эзэлсэн хүүхэд, багачууд нийслэлийн наадамд авьяас чадвараа сорих юм.
Нийслэлийн наадам энэ сарын 11-ний өдөр Монголын хүүхдийн ордонд болно.
ЭХ СУРВАЛЖ: СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Холбоотой мэдээ