Нойргүй удаан явбал юу болох вэ?

Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

Нойргүй удаан явбал юу болох вэ?

Нойргүй удаан явбал юу болох вэ?

Орчин үеийн завгүй амьдралд бид бүтэн нойргүй хонох үе зөндөө. Хийж буй ажлаа дуусгах, амжилт гаргах, шалгалтад бэлтгэх, найз нөхөдтэйгээ наргиж цэнгэх гээд нойроо хугасалсан шөнүүд заримдаа олон тохиолдоно. Хэрэв энэ байдал олон дахин давтагдвал бидний биед ихээхэн өөрчлөлт ордог байна. Үүнийг уншигч та бүхэнд хүргэе.

ТАРХИ

Унтсаны дараа хамгийн сайн амардаг эрхтэн бол тархи. Муу, муухай бодол, сэтгэл гутрал, элдэв шаналал бүхэн бөх унтаад босоход арилж, амьдрал шинэ хуудаснаас эхлэх мэт санагддаг. Хэрэв оройтож унтах, эсвэл хангалттай сайн унтаагүй бол тархи бүрэн амарч чадахгүй. Энэ байдал удаан үргэлжилбэл таны толгой өвддөг болно. Улмаар ой санамж мууддаг аж. Үүнийг та хүсэж байна гэж үү?

СЭТГЭЛ САНАА

Хангалттай сайн унтдаг хүний сэтгэл санаа тогтвортой, өөдрөг байдаг. Ийм хүн сэтгэл гутралд орох нь бага. Хэрэв хар шөнөөр кофе уугаад ажлаа хийгээд суувал та маргаашийн бүтэн өдрийн ажлыг унтаа, ууртай өнгөрөөх болно. Толгой дүүрч, сэтгэл хоосорно. Гэсэн ч та тоолгүй нойр муутай яваад байвал та аймхай, ууртай, бухимдуу нэгэн болон хувирна.

ДААВРЫН ӨӨРЧЛӨЛТ

Нойр муутай явахын нэг уршиг нь бие организмд явагдах дааврын өөрчлөлт. Дааварт өөрчлөлт орсноор хүн гутарч, улмаар таргалж эхэлдэг байна. Шөнө суухдаа илүү ихээр идэж буйгаа та өөрөө ч анзаарахгүй. Ялангуяа бүсгүйчүүд та бүхэн анзаараад үзээрэй. Олон шөнө нойр муутай явахад сарын тэмдэг хүртэл тогтворгүй болж, өөрчлөгддөг байна. Эмэгтэй хүнд дааврын өөрчлөлт хамгийн сөрөг нөлөөтэй. Тиймээс хангалттай сайн унтаж амарч байгаарай.

ЦУСНЫ ЭРГЭЛТ

Хангалттай сайн унтвал таны цусны эргэлт сайжирч цусан дахь сахрын хэмжээ тогтвортой байна. Хүн хоногт дунджаар 7-9 цаг унтах ёстой. Хэрэв үүнээс бага унтдаг бол яваандаа сахарын өвчинтэй болох магадлал өндөр болдог байна. Тэгэхээр нойр ямар чухлыг ойлгосон биз ээ. Гэхдээ мэдээж хэтрүүлж унтаж болохгүй.

ЗҮРХ СУДАС

Тархи амрахгүй байснаар сэтгэл гутарч, дааврын өөрчлөлт орж, улмаар сахарын хэмжээ ихсэх нь зүрхэнд хамгийн их ачаалал өгдөг. Энэ бүхэн зүрхний олон төрлийн өвчний эх үүсвэр болдог байна. Зүрх бол хүний амьдралыг тэтгэгч чухал эрхтэн. Нойргүй хонож ачааллана, дээр нь кофе уугаад дэлсэнэ. Ийм байдлаар удаан явбал зүрхний хэм алдагдах, савлах, хатгуулах зэрэг өөрчлөлт орж эхэлдэг байна.

АРЬС, ГОО САЙХАН

Нойр муутай хонох нь эрүүл мэндэд нөлөөлөөд зогсохгүй гоо сайханд халтай. Гоо сайхан таны арьснаас эхэлнэ. Хангалттай нойр авч чадахгүй удаан явбал таны арьс илүү хурдан хөгширдөг аж. Нүдний доогуур уутанцар үүсэж, үрчлээ нэмэгдэж, арьс хуурайшдаг байна. Өөрөөр хэлбэл арьс хүртэл ядарч сульддаг. Гэхдээ бүтэн нойроос өөр арьс эмчлэх ямар ч эм, бэлдмэл үгүй. Сайн унтаж амарсны дараа арьс хүртэл “инээдэг”. Тиймээс эрдэмтэд хоногт найман цаг унтаж байхыг зөвлөж байна. Тогтмол цагт унтаж, босож байх нь хамгийн зөв амьдралын хэмнэл. Үүний тулд та ажил, амьдралаа зөв зохицуулж байгаарай. Тэгэхгүй бол нэг л өдөр дутуу нойр таныг “зохицуулсан” байх вий.

Эх сурвалж: РАМБЛЕР.РУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж