Ш.Батхүүд холбогдох хэрэг 12 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай | News.MN

Ш.Батхүүд холбогдох хэрэг 12 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай

Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

Ш.Батхүүд холбогдох хэрэг 12 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай

Улсын дээд шүүхэд өчигдөр /2019.10.07/ "Жаст"-ын Ш.Бахтүүд холбогдох хэргийг хэлэлцсэн билээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн 240 дүгээр шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 519 дүгээр магадлалтай, Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох 190 хавтас хэргийг яллагдагч Ш.Батхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх юм. Ш.Батхүү нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шалгаж буй.

Ш.БАТХҮҮ ГОМДЛООСОО ТАТГАЛЗСАНААР ДЭЭД ШҮҮХ ХЭРГИЙГ ХЯНАН ХЭЛЭЛЦЭХ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ БҮРДСЭНГҮЙ

Ийнхүү шүүх хурал 15.50 цагт эхэлж Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарын өмгөөлөгчид хүрэлцэн ирсэн байв. Гэтэл Ш.Батхүү нь 2019 оны аравдугаар сарын 4-ний Баасан гаригт хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзах хүсэлт ирүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.5, 40.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцэх үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргасан юм.

Хэргийн тухай товч тайлбарыг Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзориг уншиж танилцуулав. Тэрбээр энэ хэрэг мөрдөн байцаалтад буцсан эцэслэн шийдэгдээгүй хэрэг гэдгийг тодотголоо.

Ш.БАТХҮҮ ХЭРГИЙГ САНААЧИЛСАН, ГАРДАН ГҮЙЦЭТГЭСЭН ГЭСЭН ҮНДЭСЛЭЛЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА

Хэргийг эргэн сануулбал, Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг, хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал нар нь бүлэглэн 2009 оны долдугаар сард “Жаст” групп ХХК, “Стандарт” банктай байгуулсан гэрээ биелүүлээгүйгээс үүдэх, түүнтэй холбоотойгоор аливаа зуучлах, аливаа хохирлын эсрэг баталгаа гаргах үүргийг “Эрдэнэт” үйлдвэр хүлээхгүй гэсэн гэрээний заалтыг өөрчлөөд “Стандарт” банктай 2009 оны долдугаар сарын 9-нөөс 2012 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн дотор гэрээ байгуулж нийт 104 сая 500 мянган ам.доллар авсан.

Ш.Батхүү,Ч.Ганзориг, Б.Мөнжаргал, Г.Амарбат нар нь бүлэглэн 2010 оны наймдугаар сарын 6-наас 2011 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн дотор нийт 55 сая 600 мянган ам.доллар буюу нийт 160 сая 100 мянган ам.доллар, монгол мөнгөөр 220 тэрбум 246 сая 450 мянган төгрөгийн зээлийг хуурамч бичиг баримт үйлдэн залилан мэхлэх аргаар авч амьдралын эх үүсвэрээс болгосноор “Стандарт” банк, “Эрдэнэт” үйлдвэртэй холбогдуулаад Лондонгийн Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргаж 2016 оны есдүгээр сарын 20-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 50 сая 988 мянга, 425 ам.доллар буюу 114 тэрбум 597 сая 506 мянган төгрөгийг гаргуулах шийдвэр гаргажээ.

2017 оны тавдугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр мөн зээлийн хүү шүүхийн зардлыг төлүүлэх 41 сая 697 мянга 377 ам.доллар буюу 100 тэрбум 790 сая 901 мянга 38 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргасан. Үүний улмаас дээрх төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрээс гаргахаар Лондонгийн арбитрын шүүх шийдвэрлэсэн.

Энэ хэрэгт Ш.Батхүү уг хэргийг санаачилсан, гардан гүйцэтгэсэн гэсэн оролцоотойгоор Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нар нь дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэсэн үндэслэлээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Ш.БАТХҮҮ, Г.АЛТАН, Э.СҮРЭН НАР НЬ БҮЛЭГЛЭН БИЧИГ БАРИМТ ХУУРАМЧААР ҮЙЛДСЭН

Үүнээс гадна Ш.Батхүүд холбогдох дараачийн хэргийг шүүгч уншиж танилцуулав. Ингэхдээ Ш.Батхүү, Г.Алтан, Э.Сүрэн нар нь бүлэглэн “Хадгаламж” банкийг зээлийн батлан даагчаар оролцуулах зорилгоор бичиг баримт хуурамчаар үйлдэн бодит байдлыг төөрөгдөлд оруулан Ш.Батхүү нь Г.Алтан, Э.Сүрэн нараас 23 сая 668 мянга 552 ам.доллар буюу 34 тэрбум 148 сая төгрөгийг авсан атлаа энэ зээлийн гэрээний үнийн дүнг гурван удаа нэмэгдүүлэн зээл авсан гэсэн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн.

Энэ зээлийн баталгааг “Хадгаламж” банк төлөхөөр хуурамч бичиг баримт бүрдүүлээд энэ хуурамч баримт бичгээ шүүх дээр ашиглаад Төрийн банкнаас дээрх мөнгийг гаргуулахаар шийдвэр гаргуулсан гэсэн залилан мэхлэх хоёр хэрэгт холбогдуулж прокуророос яллах дүгнэлт үйлджээ. Ш.Батхүү, Г.Алтан нар нь гэмт хэргийг санаачилсан гардан гүйцэтгэсэн, удирдан зохион байгуулсан бол Э.Сүрэн энэ гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн 2015 оны 1.9 дүгээр зүйлийг баримтлан хууль буцаан хэрэглэж 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 3.1 буюу таваас 12 жилийн хорих ялтай зүйл ангитай гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн аж.

Шүүхэд хуурамч нотлох баримт үйлдсэн хэргийг 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 252 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээр дээрх хэргийг хэлэлцээд урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Үүнийг прокурор эсэргүүцэл бичиж давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс таван үндэслэлээс хоёр үндэслэлийг үндэслэлгүй хэмээн үзэж, гурван үндэслэлийг хангах үндэслэлтэй хэмээн үзэж шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ингээд давж заалдах шатны шүүхийн шийдвэрт Ш.Батхүү гомдол гаргасан байдаг. Энэ үндэслэлтэй хэрэг хяналтын шатны шүүхэд ирсэн бөгөөд Ш.Батхүү 2019 оны зургадугаар сард энэхүү гомдлыг гаргасан юм билээ.

Ш.БАТХҮҮД ХОЛБОГДОХ ХЭРЭГ 12 ЖИЛИЙН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААТАЙ

Шүүгч Д.Ганзориг “Хөөн хэлэлцэх хугацааны хувьд яллах дүгнэлттэй ижилхэн прокурор 2002 оны эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзээд хууль буцаан хэрэглэх зарчмыг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дахь зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.

148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар энэ хуульд бичигдсэнээр 25 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай байна. Прокурорын хууль буцаан хэрэглэж, зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд хуульд бичигдсэнээр 12 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай ийм гэмт хэрэг байна” гэлээ.

Ийнхүү хурал засварлаж, Ш.Батхүү шүүхэд гаргасан гомдлоосоо гаргасан тул шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлгүй хэмээн үзлээ. Өөрөөр хэлбэл уг хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсан бөгөөд анхан шатны шүүхээр орох нь гарцаагүй боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж