Аливаад анхны алхам хийх л хамгийн хэцүү байдаг гэж үгтэй. Учир нь анхны юм бүхэн аз эз, алдаа оноо, боломж эрсдэл, гайхамшиг хийгээд гутамшиг алийг нь ч дагуулж мэдэх билээ.
Улаанбаатарчууд утаатай “нөхөрлөөд”наанадаж 25 жил, түүнчлэн утаатай тэмцээд дор хаяж 20 жил болж байна. Утаа хэмээх дайсныг дарж авахын тулд жил болгон хэдэн арван тэрбум төгрөг төсөвлөдөг ч бахь байдгаараа, харин ч улам бүр угаартаж хордсоор өдий хүрсэн.
Өнөөдрийнхөөс ялгаатай нь энэхүү хорт утаа он удаан жилийн турш, алгуурхан бөгөөд үл анзаарагдах тийм “зэвүүн” хэмнэлт хурдаар нийслэлчүүдийг тэр чигээр нь хоморголон угаартуулж буйг бид мэдэхгүй биш мэддэг. Энэ хооронд засаг, төр зөндөө солигдож, намууд ээлжлэн төрийн эрх барьсаар байсан ч хотын утааг бууруулахын тулд хэн нь ч зоригтой, шийдтэй алхам хийж зүрхлэхгүй явсан.
Өнгөрсөн жил У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлээд Улаанбаатар хот руу түүхий нүүрс оуулахгүй, хэрэглүүлэхгүй байх шийдвэр гаргасан нь огцом “тэрслүү” шийдвэр байв. Нийслэлийн гэр хороололд амьдарч буй 220 мянган айл өрхүүд “Одоо юугаа түлдэг билээ?, Үйлдвэрлэнэ гээд байгаа сайжруулсан түлш нь хэр чанартай, илчлэгтэй байх юм бол” гэж хамгийн түрүүнд гайхаж тээнэгэлзсэн нь дамжиггүй. Үүнтэй зэрэгцээд тэднээр далимдуулан өмнөөс нь улс төр хийж, ашиг хонжоо олох гэж байж ядсан хэсэг бүлэг хүмүүс хорхойтсон баавгай шиг бужигнаж байсныг ойрын өдрүүдийн үйл явдал бэлхнээ харуулж эхэллээ.
Угаартаж амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд юуны түрүүнд гүн эмгэнэл илэрхийлье. Энэ хүмүүсийн үхэл бидэнд том сургамж болох учиртай. Юун дээр алдав, яагаад ийм зүйл болов гэдгийг дүгнэн шинжилж, дараагийн удаад яавал зохилтой вэ гэдгээ хамтдаа эрэлхийлэх нь хамгийн чухал.
Адаглаад “Сайжруулсан түлш бол нүүрс шиг пийшингийнхээ амаар хальж асгатал дүүргээд орхичихдог эд биш” гэдгийг иргэд, олон нийтэд сайтар ойлгуулж, сайжруулсан түлшийг хэрхэн зөв түлэх тухай мэдээллээр хангах нь нэн тэргүүний хийх ажил болоод байна. Улайн дээр овоордог хон хэрээ шиг хүний үхлээр далимдуулан “шоудаж”чадаж байгаа тэр хүмүүст харин асуудлыг хэрхэн шийдэх, бэрхшээлийг яаж даван туулаад дараагийн шат өөд өгсөх вэ гэдэг нийтийн эрх ашиг бус, амин хувийн өчүүхэн ашиг сонирхол нь нэн тэргүүнд юм байна.Эрдэнэт хүмүүний амь нас эрсэдсэн энэхүү харамсалтай үйл явдал тэдний хувьд харин ч боломж, ашиг хонжоо, эрх мэдэл, мөнгө болон нүдэнд нь харагдаад байх шиг.
Хэрэв тэд “Засгийн газрын шийдвэр буруу байсан, сайжруулсан түлшийг хэрэглэхгүй байх нь зүйтэй” гэж тэнгэрт нэг дуу, газарт нэг дуу хадаан бархирсаар зогсооход хүрвэл 1.4 сая гаруй нийслэлчүүд бид яах вэ. Нийтээрээ хорт утаандаа угаартаад дуусах уу.Дараагийн удаад лав байгаа бүхнээрээ дэнчин тавиад анхны алхам хийх зүрхтэй, зоригтой хүнгарч ирэхгүй л болов уу.
Г.ОЮУ