Монгол Улс спортын топ төрлүүддээ л өдийг хүртэл анхаарал тавьж, хөрөнгө мөнгө зарцуулж ирсэн. Топ гэгддэг төрлүүд нь харамсалтай нь цөөхөн. Яах аргагүй бөхийн орон гэдэг утгаараа жүдо, чөлөөт хоёртоо тун сайн анхаардаг. Гэвч сүүлийн жилүүдэд төрийн "хайр"-аас гадуурх сагсан бөмбөгийн спорт тун чиг бахархам амжилтуудыг гаргаж байна. Монголд багийн спорт хөгжихгүй хэмээх хийсвэр яриа эртнээс яригдаж, одоо хэр нь намжаагүй. Харин үүнийг Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдын амжилт үгүйсгэж байгаа. Тэдний ойрын жилүүдэд гаргасан амжилтыг ард түмэн нь үнэлж, тэднээс илүү их амжилт нэхдэг болсон нь нууц биш.
Уржигдар /2019.10.06/ гэхэд Монголын 3х3 сагсан бөмбөгийн Үндэсний эрэгтэй баг болох "Улаанбаатар ММС Энержи" баг ФИБА 3х3 тэмцээний энэ улирлын хамгийн сүүлийн тэмцээн болох Жэжүгийн Дэлхийн гранприд 13:10 харьцаатай Словенийн "Пиран" багийг хожиж аварга боллоо. Өнгөрсөн амралтын өдөр БНСУ-ын Жэжүд үргэлжилсэн дэлхийн гранпри тэмцээнд манай багийнхан АНУ-ын "Нью-Йорк Харлем", БНСУ-ын "Инжэ" багтай нэг хэсэгт орсон ч АНУ-ын "Нью-Йорк Харлем" багт хожигдож, "Инжэ" багийг хожиж хэсгээсээ хоёрдугаар байраар гарсан. Улмаар хасагдах шатанд дэлхийд эрэмбээрээ тэргүүлдэг Сербийн "Земун" багийг 17:16 харьцаатайгаар ялж, шөвгийн дөрөвт ОХУ-ын "Нева" багийг хожиж аваргын төлөө шалгарсан юм.
Ингээд аваргын төлөө 13:10 харьцаатай Словенийн "Пиран" багийг хожиж аварга болов. Энэ тэмцээнд түрүүлснээр манай баг 15 мянган ам.долларын шагнал хүртсэн төдийгүй Саудын Арабын их дуулгад оролцох эрхээ бататгажээ. Үндэсний шигшээ багийн тамирчин, 2017 оны 3×3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний "Үнэ цэнэтэй тоглогч" Э.Дөлгөөн 2018 оны 3×3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гайхалтай ур чадвартай тоглож, бэлгэдлийн гурван тоглогчийн нэгээр нэрлэгдсэн. Харин өнөө жилийн Азийн аваргын бэлгэдлийн шилдэг гурван тоглогчийн нэгээр Монгол Улсын шигшээ багийн ахлагч Д.Дэлгэрнямыг нэрлэсэн байна.
Үндэсний эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар багтдаг. Шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн улсдаа нэгдүгээрт, дэлхийд 78-т, багийн ахлагч Д.Дэлгэрням улсдаа хоёрдугаарт, дэлхийд 85-т, Э.Цэрэнбаатар улсдаа гуравдугаарт, дэлхийд 117-т, Г.Цэнгүүнбаяр улсдаа дөрөвдүгээрт, дэлхийд 122-т тус тус эрэмбэлэгддэг аж.
3Х3 ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ ТАМИРЧИД ЗУРГАДУГААР БАЙРТ ЭРЭГТЭЙ БАГ АРАВТ БИЧИГДЛЭЭ
Мөн дээрх тэмцээнтэй зэрэгцэн БНХАУ-ын Ланжоу хотод Сагсан бөмбөгийн залуучуудын 3х3 U23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-6 хооронд болсон. Тус тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 20 баг оролцсноос Монгол Улсын эрэгтэй багийн тамирчид эхний 10-т бичигдсэн бол эмэгтэйчүүдийн баг зургадугаар байрт шалгарчээ. Ийнхүү тэд Азийн шилдэг багийн нэгд зүй ёсоор нэрлэгдэж байгаа энэ үед төр засаг хүнийрхүү зангаа хаяж, сагсан бөмбөгийн спортын төрөлд багахан ч болтугай хөрөнгө мөнгө зарцуулбал яасан юм бэ.
Ямар сайндаа л Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга нь бэртэл авч талбайг орхисон эмэгтэй тамирчнаа хараад өөрийн цахим хуудсандаа “Монголын сагсан бөмбөгийн спорт удахгүй эмчтэй бүтэн багтай явдаг болно. Монголын спортын салбар ч гэж, арай л гомдмоор ч юм шиг ээ. Гэхдээ бид бүгдийг үргэлж дэмждэг бүх хүмүүс дээ, хожих болон хожигдохд хамтдаа байдаг бүх монголчууд даа маш их баярлалаа” хэмээн нийтэлж байх вэ дээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ