Шотландад өнгөрсөн амралтын өдрөөр тусгаар тогтнолын төлөө жагсаал боллоо. Тусгаар тогтнохыг дэмжих эсэх санал хураалт явуулахыг шаардан, олон арван мянган хүн жагсчээ. Жагсаалыг зохион байгуулагчдын зүгээс “Бид Их Британийн бүрэлдэхүүнд байвал бүрэн хүчин чадлаа ашиглаж чадахгүй. Бид энд хоёрдугаарт үнэлэгддэг. Харин тусгаар тогтносноор дэлхийд олон талаар тэргүүлэх боломж гарч ирнэ” хэмээн лоббиджээ.
Жагсаалд оролцогчдын тоо 200 мянга хүрсэн нь төсөөлснөөс их байсныг зохион байгуулагчид мэдэгдэв. Харин Шотландын цагдаагийн газраас тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Тус улсад өмнө нь 2014 онд тусгаар тогтнолын санал асуулга болж, оролцогчдын 55 хувь нь эсрэг санал өгчээ. Гэтэл 2016 онд Европын холбооноос гарах Их Британийн санал хураалтад оролцсон шотланд иргэдийн 62 хувь нь үлдэх санал гаргасан аж.
Их Британи Европын холбооноос гарснаар эдийн засаг хямарна гэсэн байр суурийг Шотландын Үндэсний намын тэргүүн, салан тусгаарлахын төлөө байдаг бүс нутгийн анхны сайд Никола Стержен илэрхийлжээ. Их Британийн Засгийн газрын шийдвэр нь Шотландын ард түмний ашиг сонирхол, ардчилсан хүсэл эрмэлзлийн эсрэг болж байгаа нь биднийг тусгаар тогтнол, бүх нийтийн санал асуулгын төлөө зайлшгүй алхам хийхэд хүргэж байна” гэж мэдэгдлээ. Тэрбээр Шотландын хоёр дахь удаагийн тусгаар тогтнолын санал асуулгыг 2021 онд явуулах хүсэлтэй буйгаа твиттерт жиргэн мэдэгдсэн байна.
УЭЛЬС
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард явуулсан судалгаагаар, Нэгдсэн хатан хаант улсын бүрэлдэхүүнээс гарахын төлөө Уэльсэд ердөө 17 хувь санал өгч байв. Гэтэл сүүлийн үед хэд хэдэн удаа болсон жагсаалын эцэст тусгаар тогтнолын төлөө үзэл эрчимжжээ. Үүнд Их Британийн улс төрийн хямрал нэмэгдсээр байгаа нь нөлөөлжээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Умард Уэльсийн Гуинет гүнлэгийн зөвлөлийн хурлын үеэр депутатууд бүс нутгаа тусгаар тогтнуулахыг дэмжжээ. Тусгаар тогтнохын төлөө 42 депутат санал өгсөн бол ердөө дөрвөн депутат л эсрэг санал өгчээ. Уэльсийн тусгаар тогтнолын төлөө нам ирэх 2030 онд тусгаар тогтнолын төлөөх санал асуулга явуулахаар төлөвлөжээ.
УМАРД ИРЛАНД
Умард Ирландчууд 2016 онд Brexit-ийн эсрэг санал өгч байсан. Тэд Лондоны засгийн газрын зарим шийдвэрт тун сэтгэл дундуур байдаг. Тухайлбал, хил хязгаар тогтоож, визний дэглэмд шилжсэн нь дургүйцэл дагуулсан. Их Британи Европын холбооноос гарвал Умард Ирландын сонгогчдын 51 хувь нь Нэгдсэн хатан хаант улсаас тусгаарлаж Ирландтай нэгдэхэд бэлэн байгаа нь сүүлд явуулсан судалгаанаас ажиглагджээ. Иргэний дайны үед амьдарч байгаагүй орчин үеийн залуусын дунд энэ үзүүлэлт 60 хувьтай байна.
BREXIT
Европын холбооноос гарах үйл явцыг Их Британи-гарах буюу англиар ‘Brexit’ хэмээн нэрлэх болсон. Анх Их Британийн ерөнхий сайд асан Дэвид Кэмерон кампанит ажлынхаа үеэр “Хэрвээ ард түмэн Европын холбооноос гарах шийдвэр гаргавал шууд хэрэгжүүлж эхэлнэ“ гэж амласан. Тэр ёсоор 2016 онд ард нийтийн санал асуулгад оролцогчдын 52 хувь нь Их Британийг бие даахыг дэмжсэн. Харин мэргэжлийн хүмүүс “Их Британи Европын холбооноос хууль эрх зүйн хүрээнд нэгмөсөн “салахад” хоёр жил шаардагдана” гэсэн тооцоо гаргаж байв.
Үүнээс хойш гурван жил өнгөрч, Их Британийн ерөнхий сайд гурав дахь удаагаа солигдоод байхад Европын холбоотой салалтын гэрээ байгуулах ажил бүтэмж муутай байна. Европын холбооноос гарахаар бол худалдаа наймаагаа хэрхэн зохицуулах гэх мэт олон асуудлаар Их Британийн эрх баригчид тохиролцож чадахгүй хэвээр байна. Европын холбооноос Их Британитай тохиролцоонд хүрэх хугацааг сунгасан нь хоёр долоо хоногийн дараа дуусах юм.
Холбоотой мэдээ