Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

76:1
"Шударга дүр эсгэгч"

News агентлаг УИХ-ын гишүүдийг нэрсийн дарааллаар танилцуулдаг “76:1” буланг хүргэдэг билээ. Бид энэ удаад УИХ-ын гишүүн Жадамбын Энхбаярыг танилцуулж байна.


МАН-аас гурав дахь удаагаа нэр дэвшиж сонгогдсон түшээ бол Жадамбын Энхбаяр. Батлан Хамгаалахын Сайд, генерал Ш.Жадамба агсны хүү Энхбаяр гэдгээр нь улс төрийн хүрээнд илүү сайн мэднэ. Сайн эцгийн буянаар тэр улстөрд нөлөөтэй болж, МАН-ын залуу үеийн түүчээ хэмээн үнэлүүлдэг нэгэн.

Ж.Энхбаяр гишүүний хувьд 2000 оноос хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагаандаа цэг тавьж, намд, төрд орж ирсэн гэдэг. Тэр цагаас тэрбээр даргын албан тушаалд томилогдох болж, 2002 оноос эхлэн Хотын захиргаанд хэлтсийн дарга, дэд дарга хийж байгаад8 Гаалийн ерөнхий газарт орсон гэдэг. Харин 2004 онд анх МАН-аас Говь-Алтай аймагт нэр дэвшиж, УИХ-д сонгогдож байв.

Төрд ажилласан түүх нь гааль, мэргэжлийн хяналттай холбогддог ч сайн эцгийн нэрийг гурав гэдэг шиг цэргийнхэнд элэгтэй, тэдний асуудалд өндөр ач холбогдол өгдөг генералын хүү Батлан хамгаалах салбарыг толгойлж явсан сүйхээтэй эр. Сүйхээтэй гэсний учир нь тэрбээр төрд ажиллахын хажуугаар газар тариалангийн бизнес эрхэлж, өдгөө Сэлэнгэ аймагт махны чиглэлийн шинэ үүлдрийн үхрийн фирм ажиллуулдаг, жилийн орлого нь 2,4 тэрбумд хүрдэг шаггүй бизнесмен.

Улс төр, бизнес хоёрыг хослуулагчид төрд ажилладаг бичигдээгүй хуулийн дагуу тэр өнөөдөр төр ч барьж буй, бизнесээ ч өргөжүүлж буй.

Өнгөрөгч парламентын үед МАН цөөнх байсан, эрх баригчдыг шүүмжлэх нь сөрөг хүчин бүрийн хийдэг ажил байсан учраас илүү их шударга, зарчимтай ярих нь ард түмэнд таалагдаж, түүнийг тодруулсан.  Гэхдээ энэ удаагийн парламентад Ж.Энхбаяр илүү их тодорсон гэхэд болно, өмнө нь нэг удаа Батлан хамгаалахын сайдаар ажилласныг эс тооцвол. Гэхдээ Ж.Энхбаяр хоосон толгой биш.

Улстөрчийн хувьд, намын гишүүний хувьд аливаа асуудалд тэр илүү зарчимч, шударга ханддаг нь. Намынхаа гишүүдийн алдаа, оноог нь хэлчихдэг, шүүмжилчихдэг нь. МАН-ын хэсэг залуус намынхаа “акулуудтай” үзэлцэж Засгийн газрыг огцруулах, УИХ-ын даргыг огцруулах “дайн”-ыг У.Хүрэлсүх, Ж.Энхбаяр нар тэргүүлж байсан гэдэг. Энэ үед дараагийн Ерөнхий сайд, МАН-ын дарга тэдний нэг нь болно гэх яриа ч Тусгаар тогтнолын ордонд өрнөж байсан. Гэвч У.Хүрэлсүх өнөөдөр Засгийн газрыг, МАН-ыг толгойлж буй. Түүнийг намын дарга, Ерөнхий сайд болоход нь хар, хорыг нь хамгийн их зохицуулж, чиглүүлсэн хүн нь Ж.Энхбаяр гэх яриа ч улс төрийн хүрээнд яригддаг. Тэдний тэмцэл өрнөсөөр УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахад Ж.Энхбаяр мөн л дараагийн дарга нь гэх баттай яриа МАН-ын цөөнх дунд яригдаж байсан.

Харамсалтай нь ЖДҮХС-аас зээл авсан гэх дуулиан дэгдэж, одоо бол Ж.Энхбаяр “нуувчинд” орсон байгаа. ЖДҮХС-аас бага хувийн хүүтэй зээл авч, иргэдийнхээ авах боломжийг хулгайлснаараа, шуугиан дэгдээд эхлэнгүүт уучлал гуйгаад, нэг өдрийн дотор тэрбумын зээлээ төлчихсөн нь энэ насандаа хусаад арилахгүй муу нэр, хочтой болсон. Хэдийгээр хуулийн байгууллага түүнийг гэм буруугүй гэж хэргийг нь хэрэгсэхгүй болгож, хаасан ч  МАН-ын ЖДҮ-чдийн тэргүүн эгнээнд тэр бичигдэнэ.  Тиймээс түүнийг шударга залуу улстөрчдийн төлөөлөл гэгдэж байсан олон хүний урам хугарсан. Бүр шударга дүр эсгэгч хэмээн цоллож байв. Түүнийг ангийн хорхойтой, хууль бус ан хийсэн, нутгийнхаа генералуудад шагналын хур буулгасан, батлан хамгаалах, цэргийн салбарынханд элэгтэй гээд сайн, муу олон яриа, шүүмж хэвлэлийн хуудаснаа хөвөрдөг.

Улс төрийн намтар түүх нь арвин биш ч улстөрд илүү их арвин түүх бүтээх, МАН-ын дараагийн лидерүүдийн нэг бол Ж.Энхбаяр гэж намынх нь тодорхойлж буй.

Ямартай тэр МАН-ыг тодорхойлох, илүү тодруулах эсвэл харлуулах аль ч дүрийн эзэн хэвээрээ гэдэг нь улс төрийн судалгаа, рейтинг тогтоогчдоос харж болно. Харин цаашид энэ дүрүүдийн алийг нь сонгох нь түүний дараагийн улс төрийн алхамаас тодорхой болох болов уу.

Ж.ЭНХБАЯР НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1990 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль
  • 1999 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1996-2000 онд*Нэхий* ХХК, *Сүлжмэл* ХХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Газар” ХХК-ий захирал
  • 2000-2002 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга
  • 2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд дарга
  • 2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх
  • 2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2014-2016 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга.

ГАДААД ХЭЛ:

  • Англи
  • Орос

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж