Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сор клиник” эмнэлэг өнөөдөр /2019.10.07/ албан ёсны нээлтээ хийлээ. Хүүхэд болон насанд хүрэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг нэг дороос цогц байдлаар түргэн, шуурхай, чанартай хүргэх, сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологи болох эхо, рентген аппаратаар нарийн оншилгоо, шинжилгээ хийж байгаагаараа онцлогтой.
“Сор клиник” эмнэлэг өдөрт дунджаар 160 гаруй хүнд үйлчилж, 100-аад хүнд эмнэлзүйн лабораторийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай. Өдрийн эмчилгээнд 80-аад хүн хамрагдаж, 15 өвчтөн хэвтэн эмчлүүлэх бүрэн боломжтой. Нээлтийн үйл ажиллагааны үеэр бид тус эмнэлгийн захирал О.Батболдтой ярилцлаа.
-Монгол Улсын эрүүл мэндийн салбарт өөрийн гэсэн үүргээ гүйцэтгээд явж буй “Сор клиник” эмнэлэг өнөөдөр албан ёсны нээлтээ хийж байгаад баяр хүргэе. Танай эмнэлэг бусдаас ямар онцлог, давуу талтай вэ?
-Манай эмнэлэг орчин үеийн дэвшилтэт технологи эхо, рентген аппаратаар бүрэн хангагдсан. Иргэдэд чанартай, найдвартай үйлчилгээг нэг дороос цогц байдлаар хүргэж байна. Оношилгооны рентген аппарат нь 2019 онд үйлдвэрлэгдсэн сүүлийн үеийн аппарат. Тухайн өвчтөнд очиж буй рентген туяаны нөлөөлөл маш бага. Дотор болон хүүхдийн эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдийн хэсэг дээр нарийн мэргэжлийн зүрх, судасны болон арьс харшлын эмч нар ажиллаж байна. Харин насанд хүрэгсдийн эмчилгээний хэсэг дээр зүрх судас, уушигны эмч нар үйлчилж байна. Хамгийн гол нь манай эмнэлэгт хандсан үйлчлүүлэгч урьдчилан сэргийлэх үнэ төлбөргүй зөвлөгөө авахаас эхлээд нарийн оношилгоо, шинжилгээ өгөх, хэвтэн эмчлүүлэх зэрэг үйлчилгээг цаг алдалгүй, явдал чирэгдэлгүй нэг дороос авах юм. Бид бүхэн иргэдэд чанартай үйлчилгээг эрсдэлгүй, аюулгүй орчинд түргэн, шуурхай үзүүлэх зорилготой.
-Дотор болон хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэхээр танайд гэр бүлээрээ ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авч болох нь ээ?
-Яг тийм. Манай эмнэлэг гэр бүл болоод хувь хүн, албан байгууллагад зориулсан урьдчилан сэргийлэх үйлчилгээний багцууд гаргасан. Хүүхдээ үзүүлэнгээ өөрсдөө давхар эмчийн хяналтад урьдчилан сэргийлэх үүднээс оношлуулж, шинжилгээнд хамрагдах бүрэн боломжтой. Эмч нарын хувьд мэргэжлээрээ олон жил ажилласан туршлагатай, нарийн мэргэшсэн, чадвартай хамт олон байгаа. Бид мөн БНСУ-ын Соной эмнэлэгтэй хамтарч ажилладаг. Тиймээс эмч нараа БНСУ-ын онлайн сургалтад хамруулж, ур чадварыг нь дээшлүүлэн, ахиж дэвшихэд байнга анхаардаг.
-“Сор клиник” эмнэлэг өөр ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?
-Бидний үйл ажиллагааны нэг чиглэл бол иргэдээ өвдсөн хойно нь бус өвдөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс эрүүл мэндийн боловсролыг үнэ төлбөргүй олгох сургалтууд зохион байгуулах явдал. Тухайлбал, нэг долоо хоногийг “Бага насны хүүхдийг томуу, томуу төст өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ” гэсэн сэдвээр зарлаад эцэг, эхчүүдийг сургалтад хамруулж, үнэгүй зөвлөгөө өгдөг. Мөн даралт хэрхэн буулгах, эрүүл зөв амьдралын хэвшлийг яаж бий болгох зэрэг мэдээлэл, сургалт хийж байна. Манай эмнэлэг байгуулагдахаасаа өмнө Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулсаар ирсэн байдаг. Үүнээс дурдвал, Улсын нэгдүгээр эмнэлэгт бөөрний тасагт болон хүүхдийн эх нялхсын эмнэлэгт тоног төхөөрөмж хандивлах, мөн хөдөө орон нутагт урьдчилан сэргийлэх оношлогоо, шинжилгээ явуулах зэрэг маш олон ажил хийж, хэрэгжүүлсээр ирсэн. Энэ туршлага дээрээ үндэслээд нэн шаардлагатай байгаа дотор, хүүхдийн “Сор клиник” эмнэлгээ нээж буйдаа баяртай байна.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр бид хүндэт донор Ш.Отгонцэндээс сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрбээр “Миний ээж, ах хоёр маань донор байсан. Би өөрөө ч мөн Улаан загалмайн хүндэт донор. Насаараа эмнэлгийн байгууллагад цусаа өгч, хүний алтан амь аварч явсан болоод ч тэр үү эмнэлгийн тусламж үйлчилгээг их буянтай ажил гэж боддог. Өнөөдөр "Сор клиник" гээд шинэ эмнэлэг нээлтээ хийж байгаад ах нь их баяртай байна. Сүүлийн үед байшин, барилга ихээр баригдаж байгаа ч яг энэ хотхон шиг сургууль, цэцэрлэг, эмийн сан нэг дороо байрласан байх нь их ховор. Одоо бүр эмнэлэгтэй боллоо.
Хүний амин чухал хэрэгцээг нэг дор хангаж, цогцолбор болгоно гэдэг чинь иргэдээ бодсон маш том ажил. Тэгээд ч сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологитой чадвартай эмч, мэргэжилтэнтэй ийм эмнэлэг нээгдэж байгаа нь манай улсын эрүүл мэндийн салбарын нэг ахиц юм гэж харж байна даа" гэв.
Монгол Улсын эрүүл мэндийн салбар, эмнэлгийн үйлчилгээ сүүлийн үед хурдацтай хөгжиж байна. Эмч мэргэжилтнүүд ч илүү чадваржиж байна. Гэсэн хэдий ч улсын эмнэлгүүд ачаалал ихтэй хэвээр байгаа юм. Энэ ачааллаас хуваалцаж, улсынхаа эрүүл мэндийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулахаар “Сор клиник” эмнэлэг ийнхүү албан ёсны нээлтээ хийж байна. Эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх өрөөнд ороход зурагт, ширээ сандал, хөргөгч гээд хүний хэрэгцээ бүрэн хангагджээ. Өрөөнүүд цэвэрхэн, дулаан, тохитой. Эмнэлгийн эмч, ажилтнууд ч мөн найрсаг, түргэн шуурхай, мэргэжилдээ эзэн болсон харагдана. Угтаж авахаас эхлээд үдэж өгөх хүртлээ үйлчлүүлэгчээ хүндэлсэн харьцааг тэд эрхэмлэнэ. Ийм л найрсаг дотно харьцаа, ийм л аюулгүй, чанартай үйлчилгээ иргэд бидний төлөө үүд хаалгаа нээж, эрүүл мэндийн манаанд зогсох болжээ.