Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулах тухай” 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллаж байна. Тус ажлын хэсэг Архивын Ерөнхий газрын Мэдээллийн технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Болд, Үндэсний төв архивын Түүхийн баримтын архивын эрхлэгч М.Байгалмаа, Нийслэлийн архивын газрын Лавлагаа, үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ганцэцэг гэсэн хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны түвшинг тогтоож, дүгнэлт хийж байна.
Улсын үзлэгийн бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас урьдчилсан үзлэгийг бүх харьяа хэлтэс албад, сургууль цэцэрлэг, орон нутгийн өмчит газруудад зохион байгуулсан юм.
Энэхүү Улсын үзлэгээр архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад гарч байгаа ажлын ололт, дутагдлыг үнэлэхээс гадна илэрсэн зөрчил, алдаа дутагдлыг засч арилгуулах, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөөгөөр хангаж, архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын явц байдлыг тогтоох юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.