Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт энэ сарын 3-ны өдөр баавгай айл руу дайрч, аав хүү хоёр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг харамсалтай хэргийг Сибирийн хар баавгайтай холбон тайлбарлаж байгаа ч тодорхойгүй байгаа юм. Энэ талаар тус яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн мэргэжилтэн Б.Номин-Эрдэнээс дараах зүйлийг тодрууллаа.
-Намрын улиралд баавгай самар, жимсээр хооллодог болохыг амьтны мэргэжилтнүүд хэлж буй. Гэтэл ямар учраас баавгай айл руу дайрч, хүний аминд хүрэв?
– Бидэнд эцсийн байдлаар тодорхой мэдээлэл ирээгүй. Баавгай хүн идсэн байж болзошгүй гэсэн л мэдээлэл ирсэн. Эцсийн дүн гараагүй учраас тодорхой хариу өгөх боломжгүй. Урьдчилсан байдлаар хоол тэжээлийн хомсдолтой холбоотой гэж үзэж байгаа. Баавгай нь жилийн дөрвөн улирлаас шалтгаалан идэш тэжээлээ өөрчилдөг холимог идэштэн. Яг одоо буюу намрын улиралд самар жимсээр хооллодог. Энэ амьтан самар жимс, загас, амьтны сэгээр хооллодог холимог тэжээлтэн юм. Зөвхөн идэш тэжээл нь хомс үед бор гөрөөс, зэрлэг гахай зэрэг амьтан барьж махаар хооллодог. Гэтэл энэ жил самар жимсний ургац бага, хоол тэжээлийн хомсдолд орсон учраас айл руу дайрсан байх магадлалтай. Энэ нь хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой. Самар жимсний ургац бага, дээр нь хүмүүс хууль бусаар самар жимс их хэмжээгээр түүж хурааснаас болж баавгайнд хоол тэжээлийн хомсдол үүссэн гэж хэлж болно. Хэрэв энэ жил самар жимсний ургац их байсан бол хүн рүү дайрахгүй.
-Энэ жилийн тухайд Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Хэнтий аймгийн нутгуудаар баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн байдаг. Яамны зүгээс тухайн үед баавгайг буудаж болохгүй гэх үүрэг өгсөнөөс өөр ямар арга хэмжээ авсан бэ?
– Хоол тэжээлийн хомсдолоос болж баавгай суурьшлын бүс рүү орох болсноос гадна тухайн амьтны амьдрах орчин хумигдаж байна. Иргэд зэрлэг амьтны тархац нутагтай ойр амьдардаг, нүүлгэн шилжүүлэх шаардлагыг тавихад нүүдэггүй зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд есдүгээр сарын 4,5-нд Сэлэнгэ, Хэнтий аймгаас мэдээлэл ирүүлсэн. Бид аймгуудын мэдээлэлд үндэслэн есдүгээр сарын 7-нд чиглэл өгч, зөвлөмж хүргүүлсэн. Албан бичигт Байгаль орчин аялал жуулчлалын яамны зүгээс иргэдэд сэрэмжлүүлэг өгч шуурхай ажилласан, Амьтны тухай хуулийн 35.1 дах заалтын дагуу “Хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжлэх зорилгоор зайлшгүй шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагуудын оролцоотойгоор тоо толгойг зохицуулах арга хэмжээ авах” буюу хүний амь нас, эрүүл мэндэд халдах эрсдэлтэй зайлшгүй тохиолдолд буудах зөвшөөрөл олгож, зөвлөмж чиглэл, өгч ажилласан.
-Орон нутгийн удирдлага Байгаль орчин аялал жуулчлалын яам баавгайг буудаж болохгүй гэсэн чиглэл өгсөн учраас сум тавьж үргээхээс өөр арга байхгүй гэх байр суурийг илэрхийлж байсан шүү дээ ?
– Баавгай бол ховор амьтан учраас буудахаас илүү мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, унтуулах замаар идэш тэжээлтэй газрыг нь судалж байгальд нь тавих нь зүйтэй гэж үзэж байгаа. Таван жилийн өмнө хийсэн судалгаагаар 500 гаруй баавгай судлагдсан. Үүнээс хойш хийсэн судалгаа байдаггүй. Ховор амьтны талаасаа баавгай нь ховордсон амьтан учраас буудаж болохгүй. Гэтэл хүний аминаас үнэтэй амьтан гэж ярьж болохгүй. Тийм учраас бид хүний амь насыг хамгаалах зорилгоор зайлшгүй тохиолдолд буудаж болно гэсэн чиглэл өгсөн.
Ер нь бол баавгайг алсын зайнаас үргээх, малчин айлууд нохойгоо сул тавих хэрэгтэй. Ер нь малчин айлууд нохойтой байх хэрэгтэй. Алсын зайнаас дуу чимээ гаргаж үргээх хэрэгтэй.
-Суурьшлын бүсэд баавгай харагдах болсныг иргэд Сибирийн хар баавгай хэмээн үзэж буй. Аав хүү хоёрын аминд хүрсэн баавгайг ч бас хар баавгай байсан гэх. Үүнийг зарим судлаач үгүйсгэж хүрэн баавгай гэх байр суурийг илэрхийлээд байгаа. Сибирийн хар баавгай гэдгийг нь тогтоосон уу. Монголд орж ирэх боломжтой юу?
– Бид удаан хугацааны тандалт судалгаа явуулсны дараа л айл руу дайрсан баавгайг Сибирийнх үү, Монголынх уу гэдгийг тогтооно. Урьдчилсан байдлаар идэш тэжээлийн хомсдолын улмаас л ийм асуудал үүссэн гэж тогтоож буй.
-Яамны зүгээс энэ сарын 5-нд шуурхай хурал зарласан. Ямар чиглэл, зөвлөмж, шийдвэрийг гаргаж ажилласан бэ?
–Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/558 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг энэ сарын 5-нд хуралдаж, сайдын албан даалгавруудыг аймгуудын Засаг даргад хүргүүлсэн. Албан бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аймгийн цагдаагийн газар, амьтны мэргэжлийн байгууллагатай хамтран шуурхай баг байгуулж баавгай дайрах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, баавгайн дайралтаас хамгаалах талаар иргэдэд мэдээлэл өгч, баавгай орж ирж болзошгүй суурьшлын бүсүүдээс иргэдийг нүүлгэж шилжүүлэх ажлыг яаралтай хийж гүйцэтгэх чиглэл өгсөн. Зайлшгүй тохиолдолд Амьтны тухай хуулиар баавгайг буудаж болно гэсэн чиглэл өгсөн. Гэхдээ Байгаль орчин аялал жуулчлалын яаманд байгуулагдсан ажлын хэсэгт баавгайг буудсан даруйд мэдэгдэх ёстой гэх шийдвэр гаргасан. Дараа нь ажлын хэсэг шалгана. Хэрэв мэдэгдэх үүрэг өгөхгүй бол хууль бус ан нэмэгдэх эрсдэлтэй. Ажлын хэсэгт Гаалийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрыг багтаасан.
-Амиа алдсан аав хүү хоёрын амьдарч байсан бүс нь зэрлэг амьтны бүсэд хамаарав уу, эсвэл баавгай суурьшлын бүс рүү халдсан уу?
– Амь насаа алдсан хоёр иргэний хувьд бичил уурхай явуулж байсан, техник тоног төхөөрөмж манаж байсан айл гэх мэдээлэл орон нутгийн Байгаль орчны газраас ирсэн. Харин Бичил уурхай нь яг хаана байсан талаарх мэдээлэл ирээгүй. Ерөнхийдөө иргэд уулархаг нутаг, ой модтой газраар ойрхон нутаглахгүй байх хэрэгтэй.
-Өнгөрсөн жилийн аравдугаар сард баавгай малчин айл руу халдаж, өрөм тосыг нь идсэн. Золоор намаржиж байсан айлуудад хүн байгаагүй. Тухайн үед хоол тэжээлийн хомсдолтой холбон тайлбарласан. Яамны зүгээс хүйтний улиралд зэрлэг амьтдад биотехнекийн ямар арга хэмжээ авдаг вэ. Баавгайд хоол тэжээлийг нь тодорхой хэмжээгээр зохицуулж өгөх боломж байдаг уу?
-Аргаль, янгир, халиун буга гэх мэт өвсөн тэжээлтэн амьтдад бид био техникийн арга хэмжээ авдаг. Хүйтэнд өвс тэжээл тавьж өгнө. Гэтэл баавгайнд бид самар жимс тавьж өгөх боломжгүй учраас хонь ямаа тавьж өгөх хэрэгцээ шаардлага гарч байгаа учраас био техникийн арга хэмжээ авах боломжгүй. Баавгайд ийм арга хэмжээ авах нь эрсдэлтэй. Идэш тэжээлийг нь бэлдэж өгснөөр баавгайг гаршуулж байгаа юм. Гаршуулсан баавгай биднээс тэжээл нэхээд л ирнэ гэсэн үг. Тийм учраас хөвч рүү нь татах байдлаар идэш тэжээлтэй газар нь байлгах арга хэмжээ авч холдуулах л арга хэмжээ авна.
-Буудах зөвшөөрөл олгох, сум тавьж үргээхээс өөр ямар арга хэмжээ авах ёстой вэ. Баавгай айл руу дайрч, аав хүү хоёр амь насаа алдсан хэрэгт олон нийтийн зүгээс Байгаль орчин аялал жуулчлалын яамыг дорвитой арга хэмжээ аваагүйн улмаас ийм золгүй хэрэг гарсан гэж шүүмжилж байгаа?
–Бид орон нутгийн удирдлагуудтай утсаар холбогдож, үргэлж үүрэг чиглэл өгч байгаа. Баавгайнд бариулсан байж болзошгүй аав хүү хоёрын хэрэг гарахаас өмнө бид иргэдэд сэрэмжлүүлэг өгөх, зөвлөмж өгөх байдлаар ажилласаар ирсэн. Хүний эрүүл мэнд амь насанд халдах зайлшгүй тохиолдолд баавгайг буудахаас бусад үед амьтныг унтуулах кетамин гэх тариа бий. Одоо хэрэглэж буй эм нь баавгайг буудаж унтуулахын тулд 5-6 тарьж буудаж байж унтуулж байна. Гэтэл хоёр, гурав буудуулсан баавгай үргэх, улангасах хүн рүү дайрах эрсдэл өндөр. Арга хэмжээ авч байгаа хүмүүст ч аюултай. Харин кетамин нэртэй буудаж унтуулах тарианы тун нь манай улсын эмийн жагсаалтад байдаггүй, хориотой. Тийм учраас бид тодорхой, дорвитой арга хэмжээ авч ажиллаж чадахгүй байна. Энэ асуудлыг өнгөрсөн бямба гаригт /2019.10.05/ хуралдахдаа хэлэлцэж, шаардлагатай өндөр тунтай эм тариаг оруулах тухай албан бичгээ Гаалийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газарт хүргүүлсэн. Энэ мэтчилэн бид орон нутгийн удирдлагуудад чиглэл зөвлөмж өгөх, унтуулах тарианы асуудлыг шийдвэрлэх зэргээр маш олон ажил хийж, тухай бүрт нь арга хэмжээ авч байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ