"Хотын удирдлага хүний амь эрсдэж буйд хариуцлага хүлээ"

Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

"Хотын удирдлага хүний амь эрсдэж буйд хариуцлага хүлээ"

Нийслэлийн Засаг даргын тамгын газарт НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс сайжруулсан шахмал түлшний асуудлаар өнөөдөр /2019.10.08/ мэдээлэл хийж, нийтийн сонсгол хийх тухай саналаа НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барилаа.  НИТХ дээр сар бүр агаарын бохирдлыг бууруулах ажлын талаар мэдээлэл сонсдог боловч таталт багатай зууханд түлэх боломжгүй талаар 2019 оны хоёрдугаар сард гарсан дүгнэлтийг огт танилцуулаагүй байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа албан тушаалтан бүр өөр өөр мэдээлэл хийж байгаа юм. Иймд мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод болгох зорилгоор НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс сайжруулсан шахмал түлшний асуудлаар нийтийн сонсгол хийх санаачилга гаргажээ.  Тэдний санаачилгыг МАН-ын С.Мөнхчулуун, Н.Батсүмбэрэл, Ж.Батсайхан нарын зарим төлөөлөгчид дэмжиж гарын үсгээ зурсан байна. Хотын иргэдийг айдаст автуулаад байгаа сайжруулсан түлшний асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг аравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах юм.

 

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун:  – Улаанбаатарынхан нэг уушгитай гэдэг. Угаарын асуудал хэрээс хэтэрлээ. Тиймээс асуудлын шалтгааныг олж тодруулахын тулд нийтийн сонсголыг зайлшгүй явуулах шаардлагатай. Энэ бол аль нэг нам, улс төрийн асуудал биш юм.  Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу түүхий нүүрсийг хориглох шийдвэр гарсны дагуу хэрэгжүүлж буй шахмал түлшийг стандартын зууханд хэрэглэх ёстой. Хэрэв өнөөдөр бидний хэрэглэж буй зууханд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэвэл хүний амь нас эрсдэх эрсдэлтэй гэдэг асуудлыг агаарын бохирдол хариуцсан мэргэжилтэн нь ярьсан шүү дээ. Энэ бол маш ноцтой асуудал. Иймд ИТХ-ын гишүүд нэгдэж нийтийн сонсголыг явуулъя гэсэн саналаа НИТХ-ын дарга Дагвад өргөн барихаар боллоо.

Өнөөдөр бид энэхүү шахмал түлшийг хэрэглэснээр цаашид ямар эрсдэл, үр дагавар гарахыг мэдэхгүй. Агаарын бохирдолтой тэмцэх газраас энэ оны хоёрдугаар сарын 15-нд гаргасан дүгнэлтээр сайжруулсан шахмал түлшинд туршилт хийж үзэхэд коксжсон нүүрс учраас таталт муутай зууханд түлбэл цаашид асалт явагдахгүй тул хүний биед хортой угаарын хий гарна хэмээсэн байдаг. Цаашид энэ түлшийг хэрэглэвэл амь нас эрсдэх аюултай гэдэг асуудлыг ярьж байгаа учраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төлөвлөгөө гаргах ёстой юм.

Энэ жил 200 мянга гаруй өрхөд яаж дулаан өвөлжих вэ гэдэг асуудал тулгарч байгаа учраас салбар салбарын мэргэжилтнүүдийг оролцуулсан нийтийн сонсгол явуулах шаардлагатай гэж үзэж байна. Сайжруулсан шахмал түлшнээс иргэд хордсон учраас хариуцлагын асуудал яригдаж байгаа. Энэ асуудалд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын дарга С.Амарсайханыг хар толгойгоороо хариуцна гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр хотын дарга С.Амарсайхан хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ хариуцлага хүлээлгэхээс илүү арваннэгдүгээр сард нийслэлийн иргэд түлэх түлээтэй байх уу гэдгийг шийдэж, нөөц төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй.

СТАНДАРТ БУС ЗУУХАНД САЙН ТҮЛШ ХЭРЭГЛЭВЭЛ АЮУЛТАЙ ГЭСЭН ДҮГНЭЛТИЙГ НУУСАН

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү: -Нийслэлд тулгамдаж буй асуудлаар НИТХ-дахь төлөөлөгчид нам, улстөржихгүйгээр нэгдэж нийтийн сонсгол явуулах саналыг дэвшүүлж байна. Хотынхны эрүүл мэнд, амь настай холбоотой асуудлыг ярьж байгаа юм. Улаанбаатарын иргэд айдас дунд байна. Цаашид бид сайжруулсан шахмал түлшээ хэрхэн түлэх тухай мэдээлэл тодорхойгүй, албан тушаалтнуудын ярьж буй мэдээлэл зөрүүтэй байна. Ямар нэгэн байдлаар нэгдсэн мэдээлэл өгөөч гэсэн хүсэлтийг иргэд хэлж байгаа юм.

Нийтийн сонсгол хийснээр үйлдвэрлэгчид, шийдвэр гаргагчид, хэрэглэгчид, хохирогчдын гэр бүлийн төлөөлөл, судлаачид, мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оролцож шалтгаанаа тогтоох хэрэгтэй байна. Агаарын бохирдлыг бууруулахын төлөө Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал онцгой анхаарч, АН-ын бүлэг сар бүр хурал хийдэг байсан. Харамсалтай нь, шийдвэр гаргагчид мэдээллээ нуун дарагдуулсан.

2019 оны хоёрдугаар сарын 15-нд стандартын зуухнаас өөр зууханд шахмал түлш хэрэглэвэл Монгол Улсын стандартын хэмжээнээс хэтрэх тул боломжгүй, нүүрс төрөгчийн дутуу шаталт илүү байна гэсэн дүгнэлтийг нуусан. Тухайн үед энэ дүгнэлтийг мэдээлээгүй нь их том алдаа болж байна. Буруутан бол бултаж болохгүй гэсэн зарчмын байр суурьтай байгаа. Хүний амь нас эрсдэж буй асуудал Улаанбаатар хотын удирдлагууд тодорхой хариуцлага хүлээх ёстой.


"ШАХМАЛ ТҮЛШЭЭР БИТГИЙ УЛС ТӨР ХИЙЖ, СААД БОЛООЧ ЭЭ"

НЭМЭЛТ: 13:31 ЦАГ

Шахмал түлшний асуудлаар сэтгүүлчид мэдээлэл хийлээ. Чөлөөт сэтгүүлч, яруу найрагч н.Батхүү “Би 1986 оноос хойш гэр хороололд амьдарч байна. Шахмал түлш хийгдэхээс өмнө хувь компаниудын хийж байсан шахмал түлшийг ч мөн адил хэрэглэж үзсэн. Шахмал түлш шаталт, халалтын хувьд өөлөх зүйл байхгүй. Зуухаа сайн янзлахаас эхлээд хувь хүний хариуцлага чухал шүү дээ. Засгийн газрын зүгээс утааны эсрэг хийж байгаа хамгийн зөв зүйтэй ажлын нэг нь шахмал түлш.

Өнөөдөр хамгийн бага зардлаар хамгийн хурдан хугацаанд утаанаас салах шийдлийг гаргаж ирж байхад битгий саад болооч ээ. Шахмал түлш үр дүнгээ өгөөд, нутагшаад 1-2 жил болох юм бол асуудалгүй. Бид арай хэрэглэж дадаагүй байна. Үүнийг далимдуулж улс төр хийж, шахмал түлш рүү буруу чихэж байгаад харамсаж байна. Аль ч нам нь ялгаа байхгүй хэн нэгнийхээ хийсэн зөв зүйлийг улс төрд ашиглаж харлуулдгаа болимоор байна” гэв.

"Ноцтой мэдээ" сонины эрхлэгч Б.Галсансүх “Улс төрийн хүчнүүд бие биеийнхээ алдаан дээр дандаа тоглолт хийдэг. Монголчуудынхаа амь насан дээр дөрөөлж битгий улс төр хийгээч ээ. Сэтгүүлчид үүнийг захиалгатайгаар дэвэргэх шаардлагагүй. Бодит байдлыг л мэдээл” гэж онцоллоо.

Чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр “Шахмал түлшийг зуух руу хийгээд л болчихдог зүйл биш. Үнс нь их болсон үед дүүргээд хийж болохгүй. Гэтэл заавар олгоогүйгээс болж осол гарсан байна. Нийгэмд техникийн дэвшил, шинэ зүйл нэвтрэхэд осол гарч байдаг. Өнөөдөр бид шахмал түлшийг хэрэглэхээс өөр ямар ч арга байхгүй. Гол нь үүнийг хийх явцдаа алдаа гаргасан бол алдаагаа засах ёстой. Хэрэглэхдээ алдаа гаргасан бол мөн л алдаагаа засах ёстой. Өнөөдөр Монголын ард түмэнд хөгжихөөс өөр ямар ч арга зам байхгүй шүү. Хэрэв хөгжлийн нэгэн элемент болсон шахмал түлшийг хэрэгжүүлэхгүй бол нийт улс үндэстнээрээ мөхөх аюулд хүрсэн. Улаанбаатарын бүх хүн утаанд хордоод үхчих юм бол бид мөхөх нь ойлгомжтой” гэв.


"ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭД ТӨРИЙН БУРУУ ШИЙДВЭР, УВАЙГҮЙ ШУНАЛЫН ЗОЛИОС БОЛЛОО"

НЭМЭЛТ: 12:30 ЦАГ

"Гэр хороолол" хөдөлгөөнөөс өнөөдөр /2019.10.08/ шахмал түлшний асуудлаар мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөний тэргүүн Б.Батсүх “Ойрын хоногт харамсалтай үйл явдал ар араасаа гарч байна. Утаагүй түлш түлсэн гэр хорооллын иргэд амь насаа алдаж байна. Одоогийн байдлаар амь насаа алдсан таван хүн байгаа гэсэн ч сая авсан мэдээллээр амиа алдсан хүний тоо 14 байна гэж мэдээлж байна. Тийм учраас Засгийн газраас хэрэгжүүлсэн түүхий нүүрс Улаанбаатар хот руу оруулахыг хориглож, утаагүй түлшээр гэр хорооллыг хангана гэсэн амлалт нийслэлчүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд ноцтой халдлаа.

Гэр хорооллын иргэд утаагүй түлш түлснээр амь насаа алдаж эрүүл мэндээрээ хохирч байна. Цаашид гэр хороолол хөдөлгөөний зүгээс гэр хорооллын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхийн төлөө тэмцэнэ. Засгийн газрын дээрх шийдвэр гарснаас хойш бид удаа дараа тэмцэж, жагсаал цуглаан хийж байсныг иргэд мэднэ. Иргэд амиа алдсаны дараа асуудлыг ярьж байгаа нь туйлын харамсалтай байна. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Амарсайхан нарын буруу шийдвэр, увайгүй шуналын золиос гэр хорооллын иргэд боллоо. Тиймээс тэднийг албан тушаалаасаа огцортол бид төв талбайд жагсаал цуглаан хийхээ зарлаж байна” гэв.

"Гэр хороолол" хөдөлгөөний гүйцэтгэх захирал Я.Мөнгөнцэцэг “Гадны хөгжил өндөр улсын ард иргэдэд аюул учирч, амь нас хохироход газар дээр нь очиж уй гашууг нь хуваалцаж уучлал гуйдаг. Хэрэв өөрсдийнх нь буруу байвал үг дуугүй огцордог улс төрийн соёлыг өндөр хөгжилтэй орнуудаас харж байна. Гэтэл өнөөдөр таван хүн нүүрсэнд хордож амиа алдсан байхад хотын дарга нь үнэн зөв мэдээлэл тараана гээд инээгээд зогсож байна. Шаардлагатай бол хариуцлага тооцох ёстой хүнд нь хариуцлага хүлээлгэнэ гээд инээгээд зогсож байгаа хотын дарга байдаг юм уу? Ерөнхий сайд бүр таг чиг. Өнөөдөр амиа алдсан хүүхдүүдийн ар  гэрт яагаад очихгүй байгаа юм. Эмгэнэл илэрхийлсэн нэг ч дарга байхгүй байна" гэв.


ӨНГӨРСӨН ШӨНӨ НАЙМАН ИРГЭН УГААРТАН, ЭМНЭЛЭГТ ХАНДЖЭЭ

10:00 ЦАГ

Эрүүл мэндийн яамнаас угаарын хийн хордлогод өртсөн 16 хүний биеийн байдал сайжирч, эмнэлгээс 10 нь гарсан талаар өчигдөр /2019.10.07/ мэдээлсэн. Өчигдөр өглөөний 9.00 цагийн байдлаар Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа насанд хүрсэн таван хүний биеийн байдал сайжирч байгаа бөгөөд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй нэг хүүхдийн бие хүндэвтэр байгааг мэргэжилтнүүд хэлж байсан юм.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн албаны дарга Р.Даваадорж "Өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө угаарын хийд хордсон байдалтай найман иргэн эмнэлгийн байгууллагад хандаж, зөвлөгөө аваад буцсан. Эмнэлэгт хэвтсэн хүн байхгүй" гэж мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт угаарын хийн хордлогод өртсөн нийт 70 гаруй иргэн эмнэлгийн байгууллагад хандсан байна. Есдүгээр сарын 6-ны байдлаар гэхэд 28 хүн эмнэлэгт хандаж, эмчээс зөвлөгөө авчээ.

07:44 ЦАГ

“Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшийг хэрэглэж, угаарын хийн хордлогод өртсөн нийт 70 гаруй иргэн эмнэлгийн байгууллагад хандсан байдаг. Есдүгээр сарын 6-ны байдлаар 28 хүн эмнэлэгт хандаж, эмчээс зөвлөгөө авсан гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлсэн. Сайжруулсан шахмал түлшний орц найрлагын талаарх эрдэмтэн судлаачдын байр суурийг хүргэе.


“МОНГОЛД ТҮЛШНИЙ ХИЙГ ШИНЖИЛЖ СУДАЛДАГ БАГАЖ БАЙХГҮЙ”

Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан ярихдаа “Угаарын хий буюу CO түүхий нүүрс, мод, шахмал түлш, тамхи татах гээд олон эх үүсвэрээс үүсдэг. Гол шалтгаан нь хүчилтөрөгчийн хангамж сайтай орчинд шатаавал нүүрсхүчлийн хий ялгарах ёстой. Харин агаарын солилцоо багатай, хүчилтөрөгч хангалтгүйгээс дутуу шаталтаас үүдэн угаарын хий үүсдэг. Угаарын хий ямар ч түлшнээс үүснэ. Магадгүй цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн байх. Цаг агаарын хувьд одоо харьцангуй дулаан, салхигүй байгаа учраас иргэд гал түлэхдээ сайн дөл авалцаж, шатаагүй байхад нь галласнаас угаартсан байж болзошгүй. Шахмал түлшинд агуулагдаж буй цардуулыг ихэвчлэн ургамлаас гарган авдаг учраас хүний эрүүл мэндэд хортой зүйл байхгүй. “Тавантолгой түлш” компани байгуулагдаж, шахмал түлш үйлдвэрлэж байгаа гэдэг мэдээлэлтэй байна. Манай хүрээлэнд “Сайжруулсан шахмал түлшний судалгаа, туршилт хийж өгөөч” гэж албан ёсоор хандсан зүйл байхгүй. Манай нэг лабораторид нүүрсний хими технологийн судалгаа хийдэг. Уг судалгаагаараа Монголын нүүрсний ордуудын бүхий л шинж чанар, хийн болон коксжуулсан түлшний туршилтын ажлыг хийнэ. Манай хүрээлэн дээр сайжруулсан шахмал түлшний үзүүлэлтүүдийг тодорхойлох бүрэн боломжтой.

Манай хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын хувьд сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэхдээ ямар нэмэлт бодис хэрэглэдэг талаар мэдээлэлгүй байна. Гэхдээ ямарваа нэг химийн бодис үйлдвэрлэгч Хор аюулгүйн лавлах мэдээллийг зайлшгүй бүтээгдэхүүнээ дагалдуулж өгдөг. Тэгэхээр дэлхийн аль ч улс, үйлдвэрээс нэмэлт бодисоо авсан бол тэр лавлахыг заавал өгсөн байх ёстой. Энэ лавлах мэдээллийг үзвэл хортой элементүүд байна уу, шатахаараа ямар хий ялгаруулдаг, аюулгүй юу гэдгийг харах боломжтой. Дараагийн нэг чухал үзүүлэлт бол шахмал түлш шатах үедээ ямар хий гаргаж байгааг шинжлэх хэрэгтэй. Тэгснээр хүний биед хортой, хоргүй хий байна уу гэдгийг тогтоох боломжтой юм. Манай хүрээлэнгийн хувьд түлшнээс гарч буй хийг шинжлэхээс бусад туршилт судалгааг хийх боломжтой. Манай улсын химийн лабораториудад хий шинжилдэг багаж төхөөрөмж байхгүй. Манай хүрээлэнгээс АНУ-аас маш хямдхан үнээр түлшний хийг шинжлэн судлах багаж авахаар ярьж байгаа ч 80 сая төгрөгийн санхүүжилтгүйгээс авч чадахгүй байна” гэв.

“САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШИЙГ БАГА БАГААР ТҮЛЭХ ХЭРЭГТЭЙ”

Тус хүрээлэнгийн нүүрсний лабораторийн эрхлэгч, доктор Ж.Нарангэрэл “Манай улсад шахмал түлшийг өмнө нь хийж, үйлдвэрлэж байсан. Энэ жилээс хэрэглэж эхлэх сайжруулсан шахмал түлшийг ч гэсэн маш туршлагатай хүмүүс хийж байгаа гэж бодож байна. Миний бодлоор иргэд сайжруулсан шахмал түлш хэрэглэх аргаа л олохгүй байх шиг байна. Тэрнээс биш гадуур зарагдаж буй шахмал түлшний түүхий эд болох нүүрс, барьцалдуулж буй бодисоос болж иргэд угаартсан гэж бодохгүй байна. Иргэд нүүрс, шахмал түлшний алийг нь ч буруу түлж, дутуу шатаавал угаарын хий үүснэ. Гэр хорооллын иргэд маань өмнө нь түүхий нүүрс түлэхдээ хувин хувингаар хийдэг байсан. Өмнө нь хэрэглэж байсан Багануур, Шивээ-Овоо уурхайн түүхий нүүрс дэгдэмхий бодис ихтэй, шатахдаа амар, утаа тортог ихээр гаргадаг байсан. Харин сайжруулсан шахмал түлш нь дэгдэмхий бодис багатай учраас шатаж дуусаагүй байхад нь нэмж хийгээд байж болохгүй. Түүхий нүүрсэнд агуулагдаж буй байгалийн цацраг идэвхт бодисын судалгааг аль хэдийнэ хийсэн. Тэр судалгаагаар хүнд хор хөнөөлтэй зүйл байхгүй гэдгийг тогтоосон.

Ер нь шахмал түлшний холбогч материал гэхэд хэд хэдэн шаардлага тавьдаг. Нэгдүгээрт, сайн барьцуулж өгөх ёстой. Хоёрдугаарт, нүүрстэй хамт шатаж дуусах ёстой. Гуравт, үнэ хямд, хүний биед хоргүй байх ёстой юм. Манай улсад ашиглагдаж буй шахмал түлшний холбогч материал эдгээр шаардлагуудыг хангасан байх гэж бодож байна. Сайжруулсан шахмал түлшний илчлэгийн хувьд түүхий нүүрснээс хамаагүй өндөр учраас бага багаар түлэх ёстой. Ер нь шахмал түлшийг АНУ болон Европын орнууд хэрэглэж байсан. Тухайн үед АНУ гэхэд шахмал түлшээ нефтийн хүнд үлдэгдлээр барьцалдуулдаг байсан бол Европт нүүрсний давирхайн хүнд үлдэгдлээр барьцалдуулдаг байсан. Эдгээр нь нэлээд сайн барьцалдуулагч боловч хүнд маш хортой. Тиймээс ахуйн хэрэглээндээ хэрэглэхээ больсон түүхтэй. Одоо манай улсад шахмал түлшийг эрдэс бодис болох шаврын төрлийн бодисоор барьцалдуулж байгаа учраас хүний эрүүл мэндэд хоргүй гэж бодож байна" гэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж