Ж.Батбаясгалан: Шинжилгээний хариу сайжруулсан түлш хэвийн гэж гарсан

Хуучирсан мэдээ: 2019.10.07-нд нийтлэгдсэн

Сайжруулсан түлшний эргэн тойронд

Ж.Батбаясгалан: Шинжилгээний хариу сайжруулсан түлш хэвийн гэж гарсан

Ж.Батбаясгалан: Шинжилгээний хариу сайжруулсан түлш хэвийн гэж гарсан

 “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлш хэрэглэсэн 16 өрхийн 35 иргэн угаартаж, дөрөв нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл Нийслэлийн Онцгой комиссоос сайжруулсан түлшинд шинжилгээ хийсэн талаар дүгнэлтээ өнөөдөр /2019.10.07/ танилцууллаа.


НИЙСЛЭЛИЙН ОРЛОГЧ ДАРГА Ж.БАТБАЯСГАЛАН:

-Энэ сарын 5-6-нд шилжих шөнө нийслэлийн Онцгой комисс байгуулагдаж, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргийн 23 цэгээс дээж авч, гурван лабораторид шинжилгээнд хамруулсан.  Мөн барьцалдуулагч буюу холбогч бодисыг Гаалийн төв лабораторид шинжлүүлсэн. Ажлын хэсэгт 98 албан хаагч дээж авч, гурван газар шинжлүүлсэн. Өнөөдөр өглөө Нийслэлийн Засаг даргын шуурхай хуралдаж, Нийслэлийн онцгой комиссын шийдвэр, иргэдэд чиглэсэн сэрэмжлүүлгийг хүргэх, зөв мэдээллийг хүргэх, түлш хэрэглэх заавар зэргийг зөвлөх ажил өрнөж байна.

МХЕГ-ЫН ДЭД ДАРГА Н.ДАВААСҮРЭН:

-МХЕГ-аас хордлогод өртсөн айлуудын хэрэглэж байсан түлшинд шинжилгээ хийсэн. Шинжилгээний дүнг үндэслэж, улсын байцаагч нар дүнгээ гаргахаар ажиллаж байна. Геологийн төв лабораторид есөн дээж шинжлүүлсэн. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт нас барсан болон угаартсан таван иргэн, Баянзүрх дүүргийн нэг, Хан-Уул дүүргээс нэг, Сонгинохайрхан дүүргээс хоёр  дээж авч, шинжлүүлсэн. Одоо мөрдөж байгаа стандарттай харьцуулсан.

Нэр бүхий 9 айлаас авсан дээжийн чийглэг нь стандартын хэмжээ хангасан. 10 буюу түүнээс доош байх ёстой бөгөөд шинжилгээний хариугаар 3,2-9 байсан. Үнслэг нь 9 дээжээс 29 буюу түүнээс бага байх ёстой бөгөөд 23-24 гэсэн үзүүлэлт байсан бол дэгдэмхий чанар нь стандарт нь 22 буюу түүнээс бага байх ёстой бөгөөд 18,9-20,3 үзүүлэлттэй байсан. Мөн хүхэр нь 1 буюу түүнээс бага ёстой бөгөөд 0,95-1,04 үзүүлэлтэй байсан бөгөөд илчлэг нь 6000 буюу түүнээс дээш гарсан.

Мөн Тавантолгой түлшний угаасан нүүрс болон бэлдцэд шинжилгээ хийсэн нь стандартын шаардлага хангасан гэсэн шинжилгээний хариу гарсан. Эдгээр үзүүлэлтүүд нь угаартаж амиа алдсан болон угаартсан айл өрхүүдийн хэрэглэж байсан түлшинд шинжилгээ хийсэн бөгөөд өмнө нь бидний хийж байсан шинжилгээтэй таарч байгаа юм. Түүнээс гадна Гаалийн төв лабораторид хийсэн шинжилгээгээр цардуул болон шаварлаг элс агуулагдаж байна гэсэн дүнг ирүүлсэн. Химийн бодис бус органик цардуул, шаварлаг элс. Энэ гурван хариуг үндэслэж улсын байцаагчийн дүгнэлт гарч, нийслэлийн онцгой комисст хүргүүлнэ. Мөн өчигдөр угаартсан гэсэн дуудлага нэмэгдэж ирсэн. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэг өрхийн хоёр хүүхэд угаартсан гэсэн дуудлага ирсний дагуу, хүүхдүүдэд хордлого тайлах эмчилгээ хийгээд гаргасан. Нэг хашаанд нэг цэгээс, нэг ижил түлш авсан хоёр айлын нэг айлынх нь хоёр хүүхэд хордсон байхад нөгөө айлынх нь зүгээр байсан. Харин хүүхэд угаартсан айлаас тодруулга авахад орой унтахдаа түлшээ хийгээд, байшингийн яндангаа хаагаад унтсан гэдэг тайлбар өгсөн. Тэгэхээр түлшнээс бус хэрэглээгээ анхаарахгүй бол ийм байдал цаашид үргэлжилж магадгүй байна.

Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Нас барсан иргэд юунаас болж амиа алсдан талаар тодруулсан уу?

-Хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа явж байгаа учраас цагдаагийн байгууллага албан ёсоор мэдээлэл өгөх, Шүүхийн шинжилгээний газраас албан ёсны дүгнэлт гарна. Өнөөдөр 12.00 цагийн байдлаар албан ёсоор хүн  угаартаж нас барсан гэсэн мэдээлэл алга. Харин өчигдөр угаартсан гэсэн 11 дуудлага ирсэн.

-Иргэдийн хувьд шахмал түлшийг хэрэглэх үү, яах ёстой вэ?

-Монгол Улсад мөрдөгдөж байгаа шинэчлэн баталсан, хууль тогтоомжийн дагуу мөрдөж байгаа сайжруулсан түлш түлж болно. Бүтэн жилийн хугацаанд сайжруулсан түлшийг туршиж, стандартыг нь баталсан.

-Хэрэглэгчид цаашид юуг анхаарах ёстой вэ. Хэрэглээний горим алдагдаж байгаа бол яах ёстой вэ?

-Ер нь бол нийслэлээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс инженерийн байгууламж, иргэд рүү хандсан ажиллагаа явагдаж байна. Нийслэлийн нийт хүн амын 60 орчим хувь нь галлагаа буюу халаалтын системээр өөрсдийгөө халааж байгаа. Стандартын бус маш олон төрлийн зуух хэрэглэж байгаа. Үүнтэй холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны бүх төрийн албан хаагчид өнөөдөр гэр хорооллын бүх айлуудаар халаалтын ханан пийшин, зуухтай холбоотой мэдээллийг өгч, яг одоо ажиллаж байна. Дахиж иргэд маань эрүүл мэнд, амь насаараа хохирохгүй байх талаар анхаарч ажиллаж байна.

-Иргэдийн хэрэглэж байгаа зуух, пийшинд ямар нэг асуудал байна уу. Зуухтай нийцэхгүй байх боломж бий юу?

-Ахуйн хэрэглээний бүх зууханд сайжруулсан түлшийг ашиглана. Гол нь аюулгүй байдал, хэрэглээний асуудал хөндөгдөж байна. Жишээлбэл, битүүмж алдагдах, яндан нь агаар сорох, яандагийн холболт гэх мэт бүх зүйлийг шалгаж, яагаад гэр дотроо угаарын хий алдах болов гэдэг дээр дүгнэлт гаргахын тулд шуурхай ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна.

-Зарим эрдэмтдийн зүгээс угаартаж байгаагаа мэдэх, утаа гарч байгааг мэдэгдэх төхөөрөмж тавих боломжтой гэсэн байр суурийг илэрхийлж байна?

-Айл өрх бүр стандартын бус сууцтай байгаа учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй гэж бодож байна. Угаарын хий мэдрэх төхөөрөмж тавих ёстой ч эрсдэлүүд гарч байгаа юм. Угаарын хий мэдрэгч аппарат орчин, өрх бүрт хэрэглэх боломжтой төхөөрөмж байдаг гэдэг саналуудыг эрдэмтэд хэлж байна. Иргэд өөрсдийн эрүүл мэндийг анхаарах нь зүйтэй.

-Угаартсан иргэдийн биеийн байдал ямар байгаа вэ?

-Таван хүн хордлогын төвд байгаа бол нэг хүүхэд Эх нялхасын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байна.

Ш.ОЧ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж