АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Талархлын баяраар Цагаан ордноос “хөөгдөж” болзошгүй байгаа ажээ. Сенат түүнийг яллах магадлал өндөр байгаа талаар “The Guardian” мэдээлсэн байна.
Трамп өрсөлдөгчөө харлуулахын тулд гадны улс төрийн хүчинд шахалт үзүүлсэн нь эргэлзээгүй хариуцлага тооцох үндэслэл хэмээн америкчууд үзэж буй аж. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын сүүлээр Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж, Ардчилсан Намаас 2020 оны сонгуульд нэр дэвшиж буй Жо Байдентай холбоотой хэргийг шалгах шахалт үзүүлсэн тухай мэдээлэл тархсан билээ.
“Axios” цахим хуудаст мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрт нь хариуцлага тооцохоос айж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдахчуудад хандан энэ талаарх үзэл бодлоо хуваалцсан байна. Трамп импичмент (эргүүлэн татаж, хариуцлага тооцох) намтарт нь хар толбо үлдээнэ гэж айж байгаа аж.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөгчдийн нэг Жо Байденыг шалгуулахаар шахалт үзүүлсэн гэх мэдээллийг няцаажээ. Улмаар Үндсэн хуулийн дагуу надад ийм эрх мэдэл байхгүй хэмээн мэдэгдсэнийг “Kyodo” агентлаг уламжилсан байна.
Тэрбээр тус агентлагт ярилцлага өгөхдөө “АНУ-ын Ерөнхийлөгч ямар нэгэн шахалт үзүүлээгүй. Ийм зүйл болох нөхцөл байдал үүсээгүй. Манай улсын хуулийн дагуу АНУ-ын прокурорууд олон улсын хууль тогтоомжид үндэслэн хамтын ажиллагааны хүсэлт гаргасан тохиолдолд хамтран ажиллах боломжтой” гэж хэлжээ.
Эх сурвалж: GUARDIAN, TASS, AXIOS,
Холбоотой мэдээ