ТЭРСЛҮҮ ҮГ: Тэгвэл агаарын бохирдолтой тэмцэх хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2019.10.07-нд нийтлэгдсэн

ТЭРСЛҮҮ ҮГ: Тэгвэл агаарын бохирдолтой тэмцэх хэрэггүй

ТЭРСЛҮҮ ҮГ: Тэгвэл агаарын бохирдолтой тэмцэх хэрэггүй

Өвөл болохоор хүйтэн болдог. Хүйтэн болохоор Улаанбаатар утаа угаартаа "мансуурдаг". Цаг агаар хасах хэм рүү орохтой зэрэгцэн Улаанбаатарын хар саарал өдрүүд эхэлж байна. Энэ жилийн хувьд харьцангуй утаа багатай байгаа нь нэгд, налгар намар болж буйтай, хоёрт, Улаанбаатарт нүүрс түлүүлэхгүй гэсэн У.Хүрэлсүхийн шийдвэртэй холбоотой юм.

Хүйтний улирал оргилдоо хүрэх үед нийслэл гамшигт автах нь хэвийн үзэгдэл болсон. Ханиад, хатгаандаа уйлсан, ёолсон хүүхдүүд эмнэлгээр дүүрч, хүүхнүүд өвөл жирэмслэх эрхгүй болсоор арваад жил өнгөрчээ. Өнгөрсөн 10 жилд Улаанбаатарын утаатай тэмцээгүй Засгийн газар, хотын дарга гэж байгаагүй. 2008-2016 оны хооронд улсын төсвийн урсгал зардлаас 97,7 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54,9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9,4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164,1 тэрбум төгрөг зарцуулж, гадаадын 104,7 сая ам.долларын зээл, 48,6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг аваад ч Улаанбаатарын агаарын бохирдол “ул мөргүй” алга болсонгүй. Харин ч эсрэгээрээ энэ мэт элдэв гоё төсөл хөтөлбөрийн санхүүжилт эрх барьж байсан нам, засгийн дарга нар, танил тал, ах дүү нарыг хөрөнгөжүүлж хөлжүүлсэн нь олон байх. Жишээ нь, Н.Алтанхуягийн Засгийн газрын хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөр. Нүүрс шуудайлж зарснаар агаарын бохирдол өссөн үү гэхээс буураагүй юм.

Тэгвэл утаатай тэмцэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газар Улаанбаатар хотод түүхий нүүрс түлүүлэхгүй, зөвхөн сайжруулсан түлш түлэх  шийдвэрийг гаргасан.

Учир нь, Улаанбаатарын агаарын бохирдлын гол эх үүсвэр нь гэр хороололд амьдарч буй 220 мянган өрх. Тэд жилдээ 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг, түүний хариуг улаанбаатарчууд угаараар амьсгалсныхаа төлбөрийг эрүүл мэнд, амь насаараа төлсөөр ирсэн.

Энэ оны тавдугаар сарын 1-нээс Улаанбаатарт түүхий нүүрс оруулахгүй, зөвхөн “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг түлэхээр болсон билээ. Сайжруулсан түлшийг дагаад сайн, муу мэдээ ч гарч эхэлж байна.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригаас Баасан гаригт шилжих шөнө Улаанбаатарт дөрвөн хүн сайжруулсан түлш хэрэглэж байгаад угаартаж нас барсан эмгэнэлтэй хэрэг гарсан билээ. Нийтдээ 35 хүн шахмал түлшийг хэрэглэснээс болж, угаартсан талаар албаны мэдээнд дурджээ. Энэ бол харамсалтай явдал. Гэхдээ өмнө нь ч нүүрс түлж байгаад угаартаж амиа алдах, гэр оронтойгоо шатаж нас барах харамсалтай хэргүүд ч цөөнгүй гардаг. Түүнчлэн, утааг бууруулах зорилгоор тараасан зуух нь дэлбэрч, хүний амь нас, эрүүл мэнд хохирч байсан цөөнгүй тохиолдол бий. Сүүлийн хоёр жилд 359 хүн угаарын хийнд хордож эмнэлгийн тусламж авсан гэх тоо баримт байна. Угаарын хий ахуйн хүрээнд хэн нэгнийг хордуулахад маш ойр байдаг. Галаа буруу түлбэл, мод, аргал түлээд ч угаартах эрсдэлтэй. Тиймээс энэ эрсдлээс хүн бүр гэр бүл, үр хүүхдээ сэрэмжилж, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг байнга авч байх шаардлагатай болж байна. .

Сайжруулсан түлшийг түлэх явцдаа иргэд технологийн горим алдсан уу, эсвэл сайжруулсан түлш үйлдвэрийн шаардлага, чанарын стандарт хангаагүй байв уу гэх зэргээр эргэлзээтэй асуулт олон байгаа. Энэ бол иргэд ч, эрх баригчид анхаарах ёстой асуудал мөн. Гээд, гол шалтгааныг нь олохгүйгээр зөвхөн улстөржүүлээд өнгөрвөл нийслэл утаа, угаараасаа хэзээ ч салахгүй. Сайжруулсан түлштэй холбоотой янз бүрийн таамаглал хэвлэлээр хөвөрч байна. Албаны хүмүүсийн тайлбараар Тавантолгойн коксжих нүүрсийг угаагаад, шахмал түлш болгож БНСУ-д лабораторид шинжлүүлсэн байдаг. Уг  шинжилгээний дүнгээр олон улсын стандарт хангасан гэж үзжээ. Түүнчлэн, Мэргэжлийн хяналтынхан 2019 оны нэгдүгээр сараас эхлэн сар бүрийн үйлдвэрлэлийн чанарыг хянаж стандарт шаардлагыг хянаж байсан.

  “Хотод нүүрс түлүүлэхгүй” гэсэн Засгийн газрын шийдвэр бол зөв. Хэрэгжилт дээр нь асуудал гарсан эсэхийг нь нягталж тодруулах ёстой. Түүнээс шийдвэрийг нь улстөржүүлэх юм бол улаанбаатарчууд агаарын бохирдолтойгоо ахиад арван жил зууралдана гэсэн үг. Үнэндээ, У.Хүрэлсүхээс өөр хүн “Улаанбаатарт нүүрс түлэх”-ийг хориглосон зоригтой шийдвэр гаргаж чадахгүй байсан. 

Энэ эмгэнэлт хэрэг сайжруулсан түлшний чанар, стандартыг байнга шалгах, эрүүл мэндэд хэр хор хөнөөлтэй вэ гэдэгт байнга хяналт тавих, цаашлаад сайжруулсан түлшийг яаж түлэх вэ гэх аюулгүй ажиллагааны зааварчилгаа, сурталчилгааг сайжруулах том сануулга болж байна.

Түүнээс түлшнээс хүмүүс хордлоо, одоо эргээд нүүрсээ түлье гэвэл ухарсан алхам болно. Тэгээд ч агаарын бохирдолтой тэмцэх үүнээс өөр бодит ажил, тодорхой гарц одоохондоо алга. Гэр хорооллын 220 мянган өрхийг бүгдийг нь орон сууцжуулж, дулааны шугам сүлжээнд холбож, цахилгаанаар асуудлыг нь шийдэх эдийн засгийн боломж Монгол Улсад байхгүй. Иймээс  хотод нүүрс түлүүлэхгүй гэх шийдвэрийг улстөржүүлэх нь утаатай битгий тэмцээ гэж шаардаж байгаатай адилхан сонсогдож байна. Тиймээ, бусдын үхлээр битгий улс төр хий. Эрсдэл илүү хортой байж мэднэ.

Б.ЗАГДАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж