МХБХ анх удаа 16 хүртэлх насны шигшээ багийг бүрдүүлж улмаар олон улсын тэмцээн уралдаанд энэ жилээс эхлэн оролцож байгаа билээ. Тус хэвлэлийн бага хуралаар ирэх 2016 онд Энэтхэг улсад болох хөлбөмбөгийн 16 нас хүртэлх Азийн АШТ-ны урдчилсан шатны тоглолтуудыг манай эх орон хүлээн авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Мөн тус тэмцээнийг зохион байгуулах МХБХ-той хамтарж ажиллах үндэсний хэвлэл мэдээллийн шилдэгүүд болох NTV телевиз болон Gogo.mn сайтууд санамж бичигт гарын үсэг зурлаа.
МХБХ-г төлөөлж нарын бичгийн дарга Ө.Шижир, NTV телевизийг төлөөлж гүйцэтгэх захирал Ц.Энхбат, Gogo.mn сайтыг төлөөлж Б.Эрдэнэчимэг нар хамтран ажиллах санамж бичигт ийнхүү гарын үсэг зурлаа. Энэхүү хөлбөмбөгийн 16 хүртэлх насны Ази тивийн АШТ-нд манай Монгол улсын 16 хүртлэх насны шигшээ баг анх удаагаа оролцож байгаа нь гол онцлог бөгөөд “К” хэсэгт Япон, Хонг-Конг, Брунейн шигшээ багуудтай оноолт таарсан юм.
Гэвч Брунейн шигшээ баг харамсалтайн тухайн тэмцээнд оролцох боломжгүй болсон байна. Урьдчилсан шатны тоглолтууд манай эх оронд 9 дүгээр сарын 16-20-ны хооронд явагдах болно. Хэвлэлийн бага хурлын үеэр Монгол улсын 16 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Серби мэргэжилтэн Войислав Бралушич болон МХБХ-ны техникийн мэргэжилтэн С.Жаргал нар тэмцээний талаар болон шигшээ багийн дасгал сургуулилт, тэмцээний ач холбогдолын талаар мэдээлэл өгсөн байна.
ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn