Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Атибус” компанийн захирал Г.Баярмагнайд зодуулсан гэх ажилтнууд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өнөөдөр/VIII.24/ гомдол гаргажээ. Ажлаас халж буй ажилтныг хүчээр халагдах өргөдлөө бичиж өгөхийг шаардсанаас энэхүү маргаан, зодоон үүссэн байна.
“Манай компанийн захирал үндэслэлгүйгээр удаа дараа ажилтнуудынхаа биед халдаж байсан. Одоо надтай захирал Г.Баярмагнайд зодуулж байсан хоёр ажилтан өргөдөл гаргаад байна. Намайг ажлаас хална гэсэн атлаа өөрийн хүсэлтээр халагдаж байна гэх өргөдлийг бичихийг шаардсан. Халагдаж байгаа учраас гэнэт ажлаас халагдсаны мөнгө авахын тулд би өргөдөл бичиж өгөөгүй. Гэтэл Б.Баярмагнай уурлаж улмаар миний биед халдсан. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан бөгөөд үүнийг гэрчлэх дүрс камерийн бичлэгт бичигдсэн тул баримттай” гэж тус компанид диспетчерээр ажилладаг залуу мэдээлсэн юм.
Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс болсон явдлыг ажилтнаа зодсон гэх Г.Баярмагнайгаас тодруулсан юм. Тэрээр “Би ажилтнаа зодоогүй. Ажлаас халсан асуудал ч байхгүй. Зодуулсан гэх диспетчер залуу манай өрөөнд орж ирэн танхайрсан учраас өрөөнөөс чирч гарган, заамдсан” гэсэн юм.
Энэхүү хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Д.ЖАРГАЛ