Нэмэлт: 16.30 цагт
"Жаст" групын захирал асан Ш.Батхүүд холбогдох шүүх хурал Улсын дээд шүүхэд өнөөдөр 15.00 цаг өнгөрч байхад эхэлсэн ч тэрбээр гомдлоосоо татгалзсан учраас Улсын дээд шүүхээс яллагдагчийн хүсэлтийг ханган, хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх үндэслэлгүй гэсэн тогтоол гаргалаа.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 05-ны өдрийн 240 дүгээр шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 519 дүгээр магадлалтай, Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох 190 хавтас хэргийн мөрдөн байцаалтад буцаах таван үндэслэлээс Ш. Батхүү хоёрыг нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн гомдол гаргасан байна. Ш.Батхүү нь уг гомдлыг 2019 оны долдугаар сарын 30-ны өдөр гаргасан ч 2019 оны аравдугаар сарын 4-ний өдөр татгалзсан гэсэн тайлбар бичгийг Улсын дээд шүүхэд хүргүүлжээ. Шүүх бүрэлдэхүүн яллагдагчийн хуульд заасан үндэслэлээр буюу гомдлоосоо татгалзсан учраас хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэлгүй гэсэн тогтоолыг гаргалаа.
Шүүх хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн, Б.Цогт,Ч.Хосбаяр, Б.Батцэрэн нар оролцсон бол яллагдагчаар Б.Мөнхжаргал болон түүний өмгөөлөгч, Ч.Ганзоригийн өмгөөлөгч, Төрийн банкийг төлөөлсөн өмгөөлөгч нар оролцлоо. Харин Ш.Батхүү нь хүндэтгэх шалтгааны улмаас хуралд оролцсонгүй. Ш.Батхүү гомдлоосоо татгалзсан учраас дээрх хэргийг мөрдөн нэмэлт мөрдөн байцаалтанд хэлэлцүүлэхээр боллоо.
“Жаст”-ын Ш.Батхүү нарыг өнөөдөр шүүнэ
“Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхэд өнөөдөр /2019.10.07/ хэлэлцэнэ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 05-ны өдрийн 240 дүгээр шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 519 дүгээр магадлалтай, Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох 190 хавтас хэргийг яллагдагч Ш.Батхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх юм. Ш.Батхүү нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шалгаж буй.
Хэргийг сануулахад, “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африк дахь “Стандарт” банкинд барьцаалж, их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгагдаж буй “Жаст” группийн захирал Ш.Батхүү, үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг нарт холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газраас шүүхэд шилжүүлсэн. Ш.Батхүүд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2013 оны наймдугаар сарын 15-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тухайлбал, “Жаст” группын захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банктай 2009-2010 онд зээлийн гэрээ байгуулж, 2012 он хүртэлх хугацаанд хэд хэдэн удаа нэмэлт хийж, нийтдээ 160.1 гаруй сая ам.долларын зээл авсан байдаг. Үүнийгээ хугацаанд нь төлж чадаагүй учраас “Стандарт” банк Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд хандаж, “Эрдэнэт” үйлдвэрээс 86.95 сая ам.долларыг нэхэмжилсэн юм.
Э.АРИУН
Холбоотой мэдээ