Фитнессээр сонирхон хичээллэгч, өөрийн бие галбир эрүүл мэнддээ анхаардаг шинэ үеийн залуусынхаа мэдлэгт нь нэмэр болох үүднээс шинжлэх ухаан, онол нотолгоон дээр суурилсан зөвөлгөөг бэлтгэн хүргэж байна.
Өмнөх пост булчингийн бүтцийн тухай байсан бол энэ удаа хэрхэн томордог талаар товч тайлбарлалаа.
Тэгэхээр булчин хэрхэн томордог вэ?
Булчин өөрийн даах чадвараас илүү ачаалал авах үед булчингийн эдэд бичил түвшний гэмтэл үүсдэг. Үүний дараа энэ бичил төвшний гэмтлийг засварлахаар дархлааны систем идэвхжин цитокин гэдэг бодис дархлааны эсээс ялгаран булчинд нөхөн сэргээлт явагдана. Нөхөн сэргээлт явагдах үед булчин хуучин хэмжээндээ биш, өмнөхөөсөө илүү их ачаалал авахаар сэргээгддэг. Энэхүү нөхөн сэргэлт буюу дасан зохицол нь 2 төрлөөр явагддаг.
Нэгдүгээрт: Гипертроф буюу булчингийн эсүүд хэмжээгээрээ томрох. Өмнөхөөсөө илүү ачаалал авахын тулд эдүүд хэмжээгээрээ томорч дасан зохицож байна гэсэн үг. Хэсэг хугацааны дараа та булчиндаа ачаалал өгөхөө болих үед буцаад хэвийн хэмжээндээ очих буюу агшилт явагддаг. Энэ үзэгдлийг булчингийн атрофи гэж нэрлэдэг. Фитнессээр хичээллээд удаагүй залуус хэсэг хугацааны дараа дасгал хийхээ болих үед булчин буцаад жижгэрдэг нь ийм учиртай бөгөөд тууштай дасгал сургуулилт, ажил амралтын зөв хуваарь, цаг хугацаа, зөв хооллолтын үр дүнд л та хүссэн бие галбираа цогцлоож чадна гэдгийг ойлгох хэрэгтэй. Ер нь бол хурдан хугацаанд турна, богино хугацаанд булчинтай болно гэсэн хуурамч найдвараар өөрийгөө бүү хуураарай. Маш урт хугацаа тууштай бэлтгэл сургуулилт зөв дадал, нотолгоонд суурилсан мэдлэг л таны биеийг өөрчилнө. Хурдан хугацааны өөрчлөлт харуулсан зураг бичлэг үзэж өөрийгөө стресстүүлэх, яарах огт хэрэггүй. Дасгалаа зөв тэгээд тогтмол хийгээрэй. Таны биеийн өөрчлөлт аяндаа л мэдрэгдэх болно.
Фитнесс багш нар дасгал хийхдээ хурдан өргөөд удаан буулга гэж зөвлөдөг. Тэр нь ч үнэн. Учир нь Eccentric contraction буюу булчин сунаж байх үеийн ачаалал нь булчинг хамгийн сайн томруулдаг буюу хамгийн их гэмтэл учруулдаг. Тийм учраас олон дахин хурдан өргөж тоонд хууртах биш цөөн ч гэсэн удаан буулгаж, чанартай дасгалаа хийх нь илүү үр дүнтэй гэсэн үг. Булчин тоо тоолж мэдэхгүй шүү дээ. 12 удаа хурдан хийгээд өнгөрснөөс 5-6 удаа цөөн тоогоор удаан буулгаад хийх нь илүү үр дүнтэй гэсэн үг.
Харамсалтай нь зөвхөн дасгал хийснээр булчин нөхөн сэргээгдэнэ гэсэн үг биш. Шаардлагатай тэжээл, тодорхой дааврууд, хангалттай хэмжээний амралтгүйгээр булчин нөхөн сэргээгдэнэ гэж байхгүй.
Соёл Фитнесс клубын эмч, дасгалжуулагч, хүний их эмч Н.Лүдэвдорж
Мэргэжлийн дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсвэл https://www.facebook.com/tsahimfitnessemch/ эсвэл https://www.facebook.com/soyolwellnesscenter/ болон өөрийн биеэр ирж нарийн зөвөлгөө авахыг хүсвэл Монголын анхны магадлан итгэмжлэгдсэн Соёл фитнесс клубээр ороод гараарай.
Холбоотой мэдээ