Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшин буюу одоогийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей байрлаж буй байшинг сэргээн засварлах ажлыг эхлүүлсэнтэй холбогдуулж П.Гэндэн сангаас мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд “Уг дүнзэн модон, хоёр давхар барилгыг П.Гэндэнгийн гэрт зориулж, 1928 оны үед Монголд амьдарч байсан герман инженер Герингийн зураг төслөөр анх барьсан. 1937 онд П.Гэндэнг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн буудан алж, байшинг нь хураасан байдаг.
1993 онд П.Гэндэнгийн ганц охин Г.Цэрэндуламын санаачилгаар П.Гэндэнгийн амьдарч байсан байшинд одоогийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейг үүсгэн байгуулсан.
Байшингийн хувьд 1960-аад оноос 1993 он хүртэл гадна талыг нь шавардсан нь барилгын насжилт, чанарт муугаар нөлөөлсөн байсан. Музей байгуулах зорилгоор анх 1993 онд засвар хийж, 1996 оны 9-р сарын 10-нд нээсэн.
2003 онд дахин засвар хийн ашиглаж ирсэн боловч 2007 онд “галын болон эрүүл ахуйн шаардлага хангахгүй, газар хөдлөлийг тэсвэрлэх чадваргүй, музейн зориулалтын бус, ашиглалтын шаардлага хангахгүй, музейн шаардлагад нийцсэн архитектур төлөвлөлтийн зураг төсөл шинээр боловсруулах, мэргэжлийн байгууллагаар засвар бэхэлгээний ажил хийлгэсний дараа ашиглах” гэсэн Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн Дүгнэлт гарсан. Мөн 2017 онд байшингийн үнэлгээ хийлгэхэд 94 хувийн элэгдэлтэй гэж дүгнэлт гарсан байдаг.
“Олон улсын сэргээн засварлах зарчим, арга зүйн дагуу архитектурын хэв загвар, гадна талын хэлбэр, хийц, өнгө будаг зэргийг анхных нь төрх байдлаар сэргээн засварлаж, дотор талын төлөвлөлт нь анхныхаа байдлаар хадгалагдаж үлдээгүй, өөрчлөгдсөн тул шинээр музейн зориулалт, стандартад нийцсэн, орчин үеийн төлөвлөлтийг хийх бүрэн боломжтой” гэж мэргэжлийн архитектор дүгнэлт гаргасан.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ