Сурагчдыг үнэгүй зорчуулахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2015.08.24-нд нийтлэгдсэн

Сурагчдыг үнэгүй зорчуулахгүй гэв

60-н жилийн дараа Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ шинэчлэгдэж, ухаалаг системд нэвтэрсэн. Нийт 13.2 сая ам доллар буюу 27 орчим тэрбум төгрөгийн хөрөнгөөр зорчигчид өөрөө өөртөө үйлчилдэг картын системд шилжсэн байна. Төлбөрийн картын системээ дагаад автобусын маршрут, чиглэлүүд ч өөрчлөгдсөн. Иргэдийн тухайд ухаалаг төлбөрийн системтэй болсон нь нэг дэвшил гэж харж буй ч, автобусны чиглэл өөрчлөгдөж, богино эргэлтийн үйлчилгээнд шилжсэнд шүүмжлэлтэй хандсаар байгаа. Харин хотын тээврийн газраас автобусны маршрут, чиглэлийн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх боломжгүй. Тодруулбал яг хичнээн иргэн ямар чиглэлийн автобусанд ихээр сууж, аль буудлаас хэрхэн дамжиж байна вэ гэдгийг тодорхойлох бодит судалгааг хийх шаардлага тулгарчээ. Улмаар тус судалгаанд үндэслэн нийтийн тээврийн одоогийн маршрут, чиглэлийг өөрчлөх юм байна. Харин дээрх судалгааг гаргахын тулд иргэд нийтийн тээврээр зорчихдоо ухаалаг төлбөрийн картыг ашиглах ёстой гэнэ. Гэвч өнөөдрийн байдлаар 700 мянган зорчигч төлбөрийн карттай болохоос дөнгөж 200 мянган л ухаалаг карттай болжээ.

Нийтийн тээврийн шинэчилсэн чиглэл маршрутаар нийт 73 чиглэлд 996 автобус явж байна. Үүний 11 чиглэл нь Энхтайвны өргөн чөлөө буюу Офицеруудын ордноос Таван шар хүртэлх төв зам дагуу 216 автобус үйлчилгээнд явж буй гэлээ. Хуучин төв зам дагуу 19 чиглэлийн 350 автобус явдаг байжээ. Хотын төв гудамж дагуу зорчих том оврын автобус, тролейбусын тоог 134 өөр багасгаснаар төв замын түгжрэл 20 хувиар, автобусны чиглэлийн давхцал 40 хувиар буурчээ.

Харин үүрэгт ажлаа ухаалаг системд шилжүүлсэн кондуктарууд удахгүй ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ гэсэн мэдээлэл байсан. Тэгвэл ямартай ч автобус компаниуд ойрын 2-3 сардаа кондуктаруудын ажлын байрыг хадгалахаа амлажээ. Ингэхдээ кондуктаруудаар автобусанд хянагч, цэвэрлэгч, автобусны буудлууд дээр карт борлуулагчийн үүрэг гүйцэтгүүлнэ гэжээ.

Удахгүй есдүгээр сарын 1 болж сурагчид хичээлдээ явна. Нийслэлийн тээврийн газар, Улаанбаатар смарт карт компанийн зүгээс сурагчдад зориулсан карт гаргаж, 200 төгрөгөөр зорчуулна гэсэн тооцооллыг хийсэн. Гэтэл сурагчдыг 200 төгрөгөөр зорчуулна гэсэн шийдвэрт Монголын сурагчдын холбоо эсрэг байр суурьтай байгаа юм. "Сурагчдыг нийтийн тээврээр үнэгүй зорчих боломжийг нээх ёстой. Дээрээс нь бага ангийн сурагчид улирал, сараар цэнэглэсэн картныхаа мөнгийг нэг өдөр дуусгах магадлалтай" хэмээн Сурагчийн холбооныхон үзэж байна. Тиймээс сурагчийн картыг үнэгүй болгох асуудлаар “Улаанбаатар смарт карт” компанид мэдэгдэл хүргүүлжээ. Гэхдээ “Улаанбаатар смарт карт” компанийн зүгээс сурагчдыг үнэгүй зорчуулах боломжгүй гэсэн байр суурьтай байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж