“Гар хоосон” америкчуудад өгсөн Хойд Солонгосын зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2019.10.07-нд нийтлэгдсэн

“Гар хоосон” америкчуудад өгсөн Хойд Солонгосын зөвлөгөө

“Гар хоосон” америкчуудад өгсөн Хойд Солонгосын зөвлөгөө

БНАСАУ өнгөрсөн Ням гариг (2019.10.06)-т “АНУ-д цөмийн яриа хэлэлцээгээ хоёр долоо хоногийн дотор үргэлжлүүлэх өөр төлөвлөгөө гаргахаас өөр арга зам байхгүй" гэж мэдэгдэв. АНУ-ын Төрийн департаментынхан Пёньянтай хоёр долоо хоногийн дотор багтаан ярилцах болно гэж мэдэгджээ.

АНУ, Хойд Солонгосын төлөөлөгчид бямба гариг (2019.10.05)-т Шведэд ажлын түвшний яриа хэлэлцээ эхлүүлсэн ч үр дүнгүй өнгөрсөн билээ. БНАСАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Ким Мён Гил “БНАСАУ АНУ-тай энэ оныг дуустал хэлэлцээ хийхгүй бөгөөд Америкийн талд байр сууриа бодож үзэхийг зөвлөлөө” гэж хэлсэн байна.

Хойд Солонгосын дипломатч “Бид Америкийн тал бидэнтэй яриа хэлэлцээ хийх практик бэлтгэл хийгээгүй гэж дүгнэж байна. Үүнтэй холбоотойгоор, хэлэлцээг зогсоож, он дуустал ямар ч хэлэлцээ хийхгүй байхыг зөвлөсөн” гэж мэдэгдсэнийг “Yonhap” агентлаг уламжилжээ.

-АМЕРИК, ХОЙД СОЛОНГОСЫН ЦӨМИЙН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ “ЦАРЦАВ”-

“Kyodo” агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын цөмийн асуудал хариуцсан төлөөлөгч Ким Мён Гил тэргүүтэй төлөөлөгчид Пүрэв гариг (2019.10.03)-т Пёньяныг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх АНУ, БНАСАУ-ын ажлын түвшний хэлэлцээний бэлтгэл ажлын хүрээнд Швед улсад хүрэлцэн очжээ.

Хоёр орны төлөөлөгчид өнгөрсөн бямба гариг (2019.10.05)-т Шведийн Стокгольм хотод албан ёсны хэлэлцээ хийсэн нь хоёрдугаар сард Вьетнамын нийслэл Ханойд болсон дээд хэмжээний уулзалтаас хойш анхны уулзалт юм. Хэлэлцээ эхэлсэн ч Хойд Солонгосын төлөөлөгчид дуусгалгүйгээр уулзалтын танхимыг орхижээ.

Ким Мён Гил удалгүй АНУ-ын төлөөлөгчидтэй ажлын түвшинд хийсэн хэлэлцээ амжилтгүй болсон талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, АНУ-ын төлөөлөгчид "гар хоосон ирж, БНАСАУ-ын шаардлагыг харгалзаж үзээгүй тул "хэлэлцээ хийх хүсэл зоригийг нь унтраажээ".

Ким Мён Гил мөн тив алгасагч баллистик пуужингийн туршилтаа Пёньян үргэлжлүүлэх эсэх нь Вашингтоноос хамаарна гэдгийг мэдэгдээд, “Бид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах болон итгэлцэл бий болгоход чиглэсэн алхам түрүүлж хийсэн. Хэрэв АНУ асуудалд чин сэтгэлээсээ хандвал бид цөмийн зэвсгээс ангижрах алхмуудыг нухацтай хэлэлцэх дараагийн шатанд шилжих боломжтой болно” гэж цохон тэмдэглэжээ.

АНУ-ын эрх баригчид “Стокгольмд хийсэн хэлэлцээ бүтэлгүйтсэн” гэх Пёньяны мэдэгдэлтэй санал нийлэхгүй байгаа ажээ. Тэд мэдэгдэлдээ “БНАСАУ-ын төлөөлөгчдийн хийсэн тайлбар 8 цаг 30 минут үргэлжилсэн хэлэлцүүлгийн агуулга, уур амьсгалтай нийцэхгүй байна. АНУ-ын төлөөлөгчид бүтээлч саналуудтай ирсэн бөгөөд БНАСАУ-ын түншүүдтэйгээ сайн хэлэлцээ хийсэн” гэж дурджээ.

Энэ удаагийн хэлэлцээ 2018 оны зургадугаар сард Сингапурт хийсэн АНУ-БНАСАУ-ын анхны дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулсан гэрээг хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гаргахад чиглэжээ. Уг баримт бичигт хоёр талын хооронд шинэ харилцаа тогтооход хүлээх үүргүүд, бат бөх энх тайван тогтоох болон Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлд хийх ажлуудыг тусгасан байсан ажж.

“ЦӨМИЙН РЕАКТОРАА ТАТАН БУУЛГАВАЛ НҮБ-Д ХОРИГОО ЦУЦЛАХ САНАЛ ТАВИХАД БЭЛЭН”

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-д Йонбён дахь цөмийн реактораа татан буулгахыг зөвшөөрсний хариуд нэхмэл бүтээгдэхүүн, нүүрс зэрэг БНАСАУ-д экспортлохыг хориглосон НҮБ-ын хориг арга хэмжээг гурван жилийн хугацаагаар цуцлах санал тавихад бэлэн байна хэмээн мэдээлснийг Цагаан ордны албаны эх сурвалжуудын мэдээллээс иш татан “Time” сэтгүүл уламжилжээ.

Аравдугаар сарын 1-нд болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны үеэр Трампын туслахууд АНУ, БНАСАУ-ын яриа хэлэлцээг сэргээхэд туслах олон санал танилцуулсан байна. Тэднийг БНАСАУ шумбагч онгоцноос харвадаг баллистик пуужин бүтээж байгаа талаар танилцуулахад Трамп ямар ч ач холбогдол өгөөгүй аж. Тэрбээр БНАСАУ цэргийн чадавхаа хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгааг үл харгалзан тус улстай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх шаардлагатай гэжээ.

Хэрвээ НҮБ энэ хоригийг түр цуцлахаас татгалзсан тохиолдолд АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд эдгээр хязгаарлалтыг дагаж мөрдөхөд тавих хяналтаа түр зогсоохоор төлөвлөж буй юм байна.

Эх сурвалж: YONHAP, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж