Аравдугаар сарын 5-нд 21.30 цаг:
Улаанбаатар хотод аравдугаар сарын 3-наас эхлэн “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлш хэрэглэсэн 16 өрхийн 35 иргэн угаартаж, дөрөв нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарав. Амиа алдсан иргэдийн хоёр нь дөрөв, хоёр настай хүүхэд байжээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, Нийслэлийн Онцгой комисс аравдугаар сарын 5-ний 21.30 цагийн орчимд шуурхай хуралдаан зарлаж, "Тавантолгой түлш" ХХК, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтнуудаас мэдээлэл сонсон үүрэг даалгавар өгсөн юм.
Хэрэг болсон газарт Цагдаа, Онцгой, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан ажиллажээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгч буй мэдээллээр угаарт хордсон хүмүүс нь “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлш хэрэглэсэн байсан. Ханан пийшэнтэй айлуудад энэхүү харамсалтай хэрэг явдал болсон гэдэг тайлбар хийгээд буй.
Мөн сайжруулсан түлшийг үйлдвэрлэхэд барьцалдуулагч ашигладаг байна. Энэ бүтээгдэхүүнийг нь БНХАУ-аас импортолдог. Үйлдвэрлэлээс гарч байгаа сайжруулсан түлшинд шинжилгээ хийхэд асуудал байгаагүй, хяналт тавьж ажиллаж байсан” гэх мэдээллийг албаныхан хийсэн.
Сайжруулсан түлшнээс иргэд угаартаж хордсон энэ хэрэг нь буруу галлагаанаас болов уу, эсвэл түлш нь асуудалтай байв уу гэдгийг тогтоохын тулд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 23 дээжийг шинжилгээнд хамруулахаар Ашигт малтмал, газрын тосны газар, Геологийн төв лаборатори, Гаалийн лабораторид өгсөн байна. Өчигдөр үдээс хойшдоо шинжилгээний хариу гарчих боломжтой гэсэн мэдээллийг өгч байсан ч хараахан гарсангүй. Зөвхөн нэг лабораторийн хариу ирсэн тул үлдсэн хоёр лабораторийн хариуг ирсний дараа нэгтгэж, өнөөдөр олон нийтэд мэдээлэхээр болжээ. Мөн энэ асуудалтай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан гэх мэдээлэл байгаа ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нийслэлийн Засаг даргаас мэдээлэл сонссон гэдэг мэдээлэл ч бас байна.
Ж.Батбаясгалан: Сайжруулсан түлшнээс хордсон гэж дүгнэж болохгүй
Аравдугаар сарын 6-нд 12.00 цагт
Нийслэлийн Онцгой комиссоос өмнөх өдөр нь Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байсан юм. Уг ажлын хэсэг өчигдөр хуралдаж, 12.00 цагт хэвлэлийнхэнд мэдээлэл хийв.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт энэ хэрэг боллоо. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж өчигдөр 23 цагаас хойш ажиллаж байна. Нийтдээ 98 албан хаагч ажиллаж байна.
Хүн амиа алдсан хэрэг дээр Эрүүгийн хэрэг үүсгээд явж байгаа учраас цагдаагийн байгууллага албан ёсны мэдээлэл хийнэ.
“Тавантолгойн түлш” компанийн сайжруулсан түлш нь олон улс болон Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу үйлдвэрлэгдэж байна. Одоогийн байдлаар нийт 30 мянга гаруй тонн түлш борлуулагдсан. Сайжруулсан түлшний 90 гаруй хувь нь Өмнөговь аймгаас ирж байгаа угаагдсан түлш, 2.5 хувийг барьцалдуулдагч бодис, 1 хувийг бэхжүүлэгч бодис, 1 хувь нь шохой байдаг. Шохой нь хүхрийн хэмжээг бууруулах үүрэгтэй. Сайжруулсан түлшний дээжээс гурван төрлийн лабораторид өгч шинжлүүлж байна.
БНХАУ-аас импортоор орж ирдэг барьцалдуулагч нь түлш үйлдвэрлэхэд стандартын шаардлага хангахуйц гэж дүн гарч байсан. Дахин шинжилгээнд хамруулж байна.
Угаарын хийнд хордсон байж магадгүй шинж тэмдэгтэй 35 иргэн эрүүл мэндийн байгууллагад хандсан. Одоогоор зургаан иргэн хэвтэн эмчлүүлж байна. Шууд сайжруулсан түлшнээс болж, иргэд хордсон гэж дүгнэж болохгүй” гэлээ.
Хэрэглээнээс болж хордсон юм биш үү гэдэг асуудлыг ярьсан
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн:
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь “Тавантолгой түлш” компани сайжруулсан түлшийг үйлдвэрлэж эхэлсэн үеэс нь лабораторын шинжилгээ хийж ирсэн. Сар бүр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс нь дээж авч, шинжилж байсан. Стандарт баталсны дараагаас ч шинжилгээ хийж ирсэн. Чийглэг, үнслэг, дэгдэмхий, хүхэр, илчлэг, бат бөх чанарыг үзэж байсан. Энэ бүхэн стандартынхаа дагуу шинжилгээний үзүүлэлтээр баталгаажиж гарч байсан.
Өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулж, есдүгээр сарын 17-нд сайжруулсан түлшний чанар ямар байна вэ гэдгийг шалгасан. Түүвэрчилсэн байдлаар дээж авч шинжилсэн. Ингэхдээ хоёр, гурав, дөрөв, тав, долоо, наймдугаар сард үйлдвэрлэгдсэн болон есдүгээр сарын 14-нд үйлдвэрлэгдээд нөөцөлсөн түлшнээс дээж авч, шинжилсэн. Стандартын үзүүлэлтээ хангаж байсан. Энэ дүгнэлтдээ бид итгэлтэй байна.
Онцгой комиссын хурал дээр юу яригдсан бэ гэхээр 200 мянган өрх зэрэг түлхэд нэг хүрэхгүй хувь дээр ийм асуудал үүссэн нь хэрэглэж байгаа зуух, эсвэл буруу хэрэглэсэн, хаалга цонхоо битүүлсэн, хэрэглээнээсээ болж хордсон юм биш үү гэдэг асуудлыг ярьсан” гэлээ.
“Укс устай төстэй үнэр үнэртэж байсан гэсэн”
Хүмүүст анхааруулга болгох зорилгоор хохирогчдын ар гэрийн төлөөлөл болсон нэгэн иргэн Mass.mn –д яриа өгснөөс сийрүүлэв.
Хэрэг явдал аравдугаар сарын 3-4-нд шилжих шөнө болжээ. Дүүгийнх нь охин аав, ээж рүүгээ утсаар залган “Хүүхэд уйлаад байна, өвдчихсөн бололтой. Та хоёр яаралтай ирээч” гэж хэлжээ. Аав, ээж хоёр нь гэрт ирэхэд охин нь ухаан алдсан, хоёр настай орчим хүүхэд нь гиншин уйлж байсан аж. Ээж нь хүүхдийг авч, охиноо сэргээхээр оролдон, гэрт үлдсэн. Харин аав нь түргэн тусламжийн машин дуудахаар гарч явжээ. Буцаад ирэхэд эхнэр нь мөн ухаан алдсан байсан аж. Түргэн тусламж цаг алдалгүй ирж, эмч нь “Угаартсан байна” гэж оношлон зохих эмчилгээг хийснээр тэд аврагджээ.
Харин хоёр хүүхэд эмнэлгийн тусламж хараахан авч чадалгүй нас барсан аж. Хоёр хүүхэд эндсэн талаар ээж болон эмээ нарт өнөөг хүртэл хэлж зүрхлээгүй байна.
Дүүгийнх нь хэлснээр гэрт оронгуут укс устай төстэй үнэр үнэртэж байжээ.
Гэр хороололд амьдарч ирсэн тул өмнөх жилүүдэд нүүрс түлж өвөлждөг байсан, энэ жилийн тухайд сайжруулсан түлшнээс өөр түлэх зүйлгүй тул түүнийгээ л түлсэн. Төмөр зуухтай. Хаалтыг нь хаагаагүй, 30 орчим хувиар багасгасан байсан.
Галлагаа дөнгөж эхэлж байна. Гэтэл дөрвөн хүний амь эрсдэнэ гэдэг бол аймаар байна. Юунаас болов гэдгийг үнэн зөвөөр тогтоохгүй бол маш өндөр эрсдэлтэй тулна гэсэн юм.
Төрд нүд, чих байна уу?
Төрд нүд, чих байна уу, ийм асуулт тавихад хүргэж байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын тайлбараар угаарын хийнд хордсон иргэд нь "Тавантолгой түлш" компанийн сайжруулсан түлш хэрэглэсэн байдаг. Энэ хэрэг явдал анхных нь аравдугаар сарын 3-4-нд шилжих шөнө болж, хоёр хүүхэд амь насаа алдсан ч албаныханд энэ тухай мэдээлэл огт ирсэнгүй юу, эсвэл ирснийг анзаарсангүй юу, аравдугаар сарын 5-нд хэвлэлүүдэд иргэд өөрсдөө хандаж, энэ тухай мэдээлэл цацагдаж эхэлсний дараагаар Нийслэлийн Онцгой комисс 21.30 цагт хуралдав. Бүтэн нэг өдрийн дараа нийслэлийн Онцгой комисс хуралдсан юм. Энэ үед нийслэлийн хэмжээнд 16 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авснаас дөрөв нь нас барсан байлаа. Нэг өдрийн өмнө ч болов ард иргэддээ хандаад нөхцөл байдлын талаар сэрэмжлүүлэг хүргэсэн бол өнөөдрийн энэ хэмжээнд хүрэхгүй байж болох байсан болов уу.
Г.ХОРОЛ