Пак Кын Хе Хойд Солонгосыг уучлалт гуйх хэрэгтэй гэв
Өмнөд Солонгосын хилийн харуулын хоёр цэрэг тэсрэх бөмбөгөнд өртөн шархатсан хэрэг явдалд Пхеньян уучлал гуйх хэрэгтэй гэж Сөүлийн ерөнхийлөгч Пак Кын Хе үзэж байна. Гурав дахь өдрөө үргэлжилж буй хоёр Солонгосын албаныхны уулзалт хэлэлцээг үр дүнд хүргэхийн тулд Пхеньян уучлал гуйх нь чухал гэж Пак Кын Хе мэдэгджээ. Тэрээр “Үүссэн нөхцөл байдал, өдөөн хатгалгыг лавшруулахгүйн тулд бидэнд чин сэтгэлийн уучлалт хэрэгтэй. Эс бөгөөс манай засгийн газар цаашид авбал зохих алхамуудыг хийж, чанга яригчуудыг ажлуулсаар байх болно” хэмээсэн аж.
Хилийн харуулын цэргүүд тэсрэх бөмбөгөнд шархатсаны дараах өдрөөс Хойд Солонгосын хил дагуу чанга яригч байрлуулан Пхеньяний эсрэг суртал ухуулга цацаж эхэлсэн билээ. Үүний хариуд Хойд Солонгос Өмнөд рүү гал нээснээр талууд өнгөрсөн долоо хоногт харилцан их буугаар буудалцсан юм.
Үүссэн нөхцөл байдлыг намжаахаар хоёр Солонгосын төлөөлөгчид өнгөрсөн бямба /VIII.22/ гаригт хилийн зэвсэггүй бүсийн доторх Пханмунджомд уулзалт хэлэлцээ эхлүүлсэн билээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters