Тойм: Ерөнхийлөгчийн хориг ба баривчилгаа

Хуучирсан мэдээ: 2019.10.06-нд нийтлэгдсэн

Тойм: Ерөнхийлөгчийн хориг ба баривчилгаа

Тойм: Ерөнхийлөгчийн хориг ба баривчилгаа

News агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВАВ

УИХ-ын намрын чуулган энэ сарын 2-нд буюу өнгөрсөн лхагва гаригт нээлтээ хийж олон чухал асуудлын талаар хуралдав. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг болон 2018 оны төсвийн гүйцэтгэл, Ерөнхий сайдын мэдээлэл зэргийг хэлэлцсэн юм.

Ерөнхийлөгчийн хоригийг МАН-ын бүлэг хүлээж авах хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзсэн бол Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж, мөн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн санал гаргасан юм.

Харин УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, олонхын саналаар хүлээж авлаа.

Д.ГАНТУЛГЫН ШҮҮХ ХУРАЛ ДАХИН ХОЙШЛОВ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 3-нд Хан-Уул дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон. Гэвч  Д.Гантулгын өмгөөлөгчид хүсэлт гаргаснаар шүүх хурал дахин хойшилжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасныг үндэслэн шалгаж эхэлсэн билээ.

Тус заалтад “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨВ

Монголын үндэсний олимпийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурал энэ сарын 3-нд болж, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөв.

Уг хүсэлтийг МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хэлэлцээд, холбооны ерөнхийлөгчийн ажлыг тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт түр хариуцуулахаар шийдвэрлэлээ.

Мөн МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгууль явуулахтай холбоотой ээлжит бус гишүүдийн хурал зарлан хуралдуулах асуудлыг ойрын үед Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр болов.

ТЕГ “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ”-ЫН АЖИЛТНЫГ БАРИВЧЛАВ

Монгол, Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг бас нэг ажилтны хамтаар энэ сарын 4-нд Тагнуулын ерөнхий газраас баривчилжээ.

Ямар хэрэгт холбогдуулж, баривчилсан нь тодорхойгүй байна. Түүнийг үргэлжлүүлэн хорих уу, эсвэл суллах уу гэдгийг ирэх даваа гаригт шүүх хуралдаанаар шийдвэрлэх аж.

Ж.Пунцаг өмнө нь авлигын хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан тухай тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс мэдээлэл хийхдээ онцолж байв. Учир нь УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар Ж.Пунцагийг томилохдоо Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тодорхойлох тодорхойлолт авалгүй томилсон гэх мэдээллийг хийж байсан юм.

БААВГАЙН ЭСРЭГ БУУ АШИГЛАЖ БОЛНО

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт энэ сарын 3-нд баавгай айлын гэрт орж, аав хүү хоёр луу дайрч, амь насыг нь хөнөөсөн хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж буй.  Энэхүү харамсалтай хэрэг гарсантай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой комисс хуралдаж, аймгийн хэмжээнд онц байдал зарлаж, зайлшгүй тохиолдолд баавгайн эсрэг буу ашиглахыг зөвшөөрсөн байна. Өмнө нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баавгайг агнаж болохгүй гэсэн үүрэг чиглэл өгсний дагуу сум тавьж үргээж байжээ.

Талийгаач О нь хувиараа алт олборлодог нэгэн байсан бөгөөд хүүгийнхээ хамт Могойт гэх газар амьдарч байх үеэр баавгайд бариулсан гэх мэдээлэл байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж