Монгол, Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг бас нэг ажилтны хамтаар өчигдөр орой (2019.10.04)Тагнуулаас баривчилжээ
Ямар хэрэгт холбогдуулж, баривчилсан нь тодорхойгүй байна. Түүнийг үргэлжлүүлэн хорих уу, эсвэл суллах уу гэдэг нь ирэх даваа гаригт шүүх хуралдаанаар шийдвэрлэх аж.
Ж.Пунцаг өмнө нь авлигын хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан тухай тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс мэдээлэл хийхдээ онцолж байв. Учир нь УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар Ж.Пунцагийг томилохдоо Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тодорхойлох тодорхойлолт авалгүй томилсон гэх мэдээллийг хийж байсан юм.
Харин төмөр замчид Ж.Пунцагийг УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар томилсныг эсэргүүцэж, мэргэжлийн хүн томилохыг шаардаж байсан юм.
Мөн Ж.Пунцагийг УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар томилогдсоныг одоогийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй холбон тайлбарлах яриа ч гарч байв.
Тэгвэл хэвлэлийн хуудаснаа Ж.Пунцаг нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байх үедээ авлигын хэрэгт холбогдсон. Ж.Пунцаг 2014 онд “Си Ар Си Жи девеломент Монголиа” ХХК-ийн орлогч захирал Жан Юү Шингээс 5 сая төгрөгийг орчуулагч Жя Рун Лингээр дамжуулан авсан, мөн бизнес ангиллын визээр Монгол Улсад зорчин ирсэн боловч ажил эрхэлж байгаад визний хугацаа хэтрүүлсэн 14 хятад иргэнийг дахин хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан болох нь мөрдөн байцаалтаар нотлогдсон.
Тиймээс Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн хуралдаанаас Ж.Пунцагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял ногдуулж, БНХАУ-ын иргэн Жан Юү Шинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэн хэмжээ /9.5 сая төгрөг/-гээр, Монгол Улсад түр оршин суух Жя Рун Линд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тус тус торгож, хэргийг шийдвэрлэж байсан гэж мэдээлж байжээ.
Холбоотой мэдээ