Оросын Дипломат төлөөлөгчийн газрын хэвлэлийн төлөөлөгч Андрей Ганенко “Тегеран дахь ОХУ-ын Элчин сайдын яам Иранд Оросын сэтгүүлч Юлия Юзикийг баривчилсан шалтгааныг олж мэдэхээр ажиллаж байна” хэмээн мэдэгджээ.
Сэтгүүлч Борис Войцеховский өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт фэйсбүүк хуудсаараа дамжуулан сэтгүүлч Юзикийг Ираны нийслэлд саатуулсан талаар мэдээлсэн байна. Тэрбээр “Сэтгүүлч Юлия Юзикийг өчигдөр Тегеран хотод саатуулсан байна. Шүүх хурал Бямба гаригт болно. Түүнд 10 хүртэл жилийн хорих ял оноож болзошгүй" гэж бичжээ.
Түүний хэлснээр, хэдэн жилийн өмнө Юзик Тегеранд сурвалжлагчаар ажиллаж байсан бөгөөд энэ удаа урилгаар тус хотод иржээ. Гэвч аравдугаар сарын 3-ны өдөр Тегераны нисэх онгоцны буудал дээр түүний паспортыг хураан авч, улмаар баривчилсан байна. Түүнийг Израилийн тусгай албаныхантай хамтран тагнуул хийсэн хэрэгт буруутгажээ. Юлия Юзикийг баривчилсныг түүний ээжийн фэйсбүүк хуудсаар охин нь баталсан байна.
Өдгөө 36 настай Юлия Юзик Ростов мужийн Донецкээс гаралтай. 1999 оноос "Комсомольская правда"-гийн Ростовын оффист, 2001 оноос Москвагийн хэвлэлийн газар, Оросын "Newsweek" сэтгүүлд тус тус ажиллаж байжээ.
Тэрбээр "Аллахын сүйт бүсгүй" номоо 2003 онд гаргасан бөгөөд есөн улсад хэвлэгдсэн байна. Тэр цагаас хойш тэрбээр эрэн сурвалжлах сэтгүүл зүй, утга зохиолын ажил эрхэлж байсан бөгөөд сургуульд барьцаалагдсан хүмүүсийн талаар "Беслан толь бичиг" ном бичжээ.
Юлия Юзик 2016 онд Төрийн Думын сонгуульд Парнассус намаас нэр дэвшин өрсөлдөж байсан аж.
Эх сурвалж: INTERFAX, VESTI
Холбоотой мэдээ