Ойн жилийн ургацын өнгө

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Ойн жилийн ургацын өнгө

Ойн жилийн ургацын өнгө

ЦАГ АГААР ТАРИАЛАНЧДЫГ ИВЭЭЖ БАЙНА

Шинэ сарын эхний гурав хоногт уулсын оройгоор будан суусан, шиврээ  бороотой, бүүдгэр өдрүүд үргэлжилсэн ч тариалангийн бүс нутгаар санасныг бодоход хөнгөн чийг өгөх төдий өнгөрчээ. Манай “Шинэ өсөлт” сэтгүүлийн сурвалжлах баг өнгөрсөн  сарын сүүлчээр Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгийн Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг зэрэг суманд ажиллаж, үр тарианы хураалт хэр байгаатай танилцсан билээ. Сурвалжлагаа тэрлэх  зуур бидний явсан газруудаар сүүлийн өдрүүдэд  цаг агаар ямар байсан талаар Дархан-Уул, Сэлэнгэ, Төвийн аймгийн ХХААГ болон ерөнхий агрономич, зарим тариаланчтай утсаар ярьж, лавласан юм. Аз болоход дээрх нутгуудын зарим хэсгээр ялимгүй бороо орж, нэг хэсэгт нь цас үзэгдэх төдий өнгөрчээ.

Төв аймгийн хэмжээнд үр тарианы хураалт 10 гаруй, төмснийх 85.5, хүнсний ногооных 68 хувьтай яваа аж. “Одоогийн байдлаар хүндрэлтэй  зүйл алга. Хураалт оройтож байгаа ч тэнгэр харж байна.Үр тарианы хувьд тариаланчид маань болц түргэсгэх арга хэмжээ авсан учраас саяын чийг хатчихвал 10 гаруй  хоногт амжаад хураачих боломжтой. Цаг агаарын урьдчилсан төлөвийг харахад 20-д хүртэл тогтуун байхаар байна” гэж Төв аймгийн ерөнхий агрономич С.Ганчимэг ярилаа.

Ш.МАРДААН БААТАР ЭНЭ ЖИЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХУРААЛТАА ЭХЭЛЖЭЭ

Мөн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Ургацын ундраа” компанийн захирал Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ш.Мардаан гуайтай утсаар ярихад “Уулаараа жаахан цас унасан. Талбайгаар гайгүй өнгөрлөө. Манайх 80 гаруй хувьтай явна. Одоо босоо тариа байхгүй, 400 орчим га-гийн ангилсан будаа л үлдэж байна” хэмээв. Ямар ч үед ургац алддаггүй Мардаан  баатар энэ жил үр тариа эрхлэгчдээс хамгийн түрүүнд хураалтаа эхэлжээ. Есдүгээр сар дөнгөж эхлэнгүүт хураалтдаа орсон байна. “Энэ жил та яагаад тийм эрт эхлэв. Тариаланчдын олонх  нь чийг болон түрж ургасан ногоон түрүүг харзнасан байдалтай өнөөдрийг хүрэх  шиг боллоо” гэхэд тэрбээр “Энэ жилийн тарианы байдал эрт ангилан хураах л нөхцөлтэй байсан. Ялангуяа тэр түрж ургаж байгаа ногоон түрүү нэгэнт юм болохгүйгээс хойш харж цаг алдах хэрэггүй юм” гэв. Тэрбээр энэ жил га-гаас 14-15 центнер хурааж байгаа аж. Таримлын ургалтын үе шат бүрт шаардлагатай бордоо иөхөл бүрээр нь хангалттай хэрэглэсний хүчинд эрсдэлийг  даван гарч, ургацаа эрт хураах боломжтой болсон гэдгээ Мардаан баатар онцлон тэмдэглэв.

УРГАЦ АЛДАХГҮЙ ГЭСЭН ИТГЭЛ ДҮҮРЭН, СЭТГЭЛ ТЭНЭГЭР

Ингээд тариалангийн бүсэд ажиллаж, Атрын 60 жилийн ойн ургацын өнгө болон  хураалт ямар байгаа талаарх сурвалжлагаа  хүргэе.

Энэ жил тариалангийн бүс нутгаар бороо долдугаар сар гаргаж оройтож орсон төдийгүй чийг ихтэйгээс үр тарианы хураалт өмнөхөөс харьцангуй орой эхэлж байна. Тиймээс бид явсан газраараа үр тариа хураалттай түлхүү танилцсан юм.

Энэ сарын 1-ний байдлаар улсын хэмжээний үр тарианы хураалт 25.1 хувьтай байгаа талаар ХХААХҮЯ-наас албан  мэдээ гаргасан. Үүнийг газар тариалангийн гол бүс нутаг болох Төв, Сэлэнгэ хоёр аймаг дээр аваад үзэх юм бол тус бүр 10 гаруй хувьтай яваа гэсэн үг. Уг нь бол өдийд тариа хураалт бараг шувтарч байх цаг. Гэтэл энэ жил Төв аймгийн тариаланчдын ихэнх нь өнгөрсөн сарын 23, 24-нөөс эхэлсэн бол Сэлэнгийнхэн сарын сүүлч болоход бараг эхлээгүй шахуу байв.

Оройтож байгаа шалтгаан нь таримлын ид ургалтын үед шаардлагатай чийг оройтсонтой холбоотой түрүүлж болц нь гүйцсэн тарианы доороос ногоон түрүү их хэмжээгээр түрж ургаж, бог будаа зэрэг хог ургамал ихтэй холбоотой юм. Тэр хэрээр үтрэм дээр хатаалга, цэвэрлэгээ ахиу шаардсан будаа бууж байв. Тэр бүү хэл, зэрвэсхэн харахад тариа юу, ногоон тэжээл  юм уу гэж андуурахаар нов ногооноороо байгаа үр тарианы талбайтай ч таарч байлаа.

Гэхдээ Атрын 60 жилийн ойгоо тэмдэглэн буй тариаланчдын хувьд дээрхийг асуудал гэж үзэхгүй байна. Боломжийн хэмжээний ургац хураана гэсэн итгэл дүүрэн, сэтгэл тэнэгэр. Ихэнх газарт хураалт жигдрээгүй байсан ч зорьж очсон компаниуд өнгөрсөн сарын сүүлийн налгар өдрүүдэд хураалтаа эхэлж ямар ч гэсэн үтрэмд тариа буусан, хатаалга, цэвэрлэгээний техникүүд нүргэлж, тарианыхаа дээжээс  гурилын үйлдвэрт ачуулах байдлаар оволзсон ажилтай угтсан. Сэлэнгийн Цагааннуурын хураалтаа эхэлсэн компаниудын хувьд үтрэмд бууж буй  тариа нь  цутгалт сайтай, га-гаас дунджаар15-16 центнер авч  байв. Түшиг сумын “Бооцын тариа” компанийн захирал С.Баатар га-гаас 20 гаргаж авч байна гээд сэтгэл өндөр, баяртай угтсан. Хуучин Зэлтэрийн САА-н суурин дээр компани байгуулсан тэрбээр олон жил ашиглалтгүй байсан хуучны том САА-н үлдэгдэл  тариа цэвэрлэгч заампыг энэ жил ажилд оруулсан нь гар ажиллагааг хөнгөвчлөөд амар байгааг хэлж байлаа.

ҮР ТАРИАНЫ ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛ 80 ГАРУЙ ХУВЬД ХҮРЧЭЭ

 

 Тэнгэр бүүдийж хариугүй цас орчих гээд байгаа юм шиг санагдах ч тариаланчдын  сэтгэл  цухал биш байгаа нь жарны хөгжлийн түүх, амжилт ололтын жил ургац алдахгүй гэсэн итгэл үнэмшилтэй байгаатай холбоотой. Нөгөө нэг онцлон тэмдэглэх зүйл нь үр тарианы тариалан эрхлэгчдийн хувьд сүүлийн жилүүдэд шаардлагатай техникийн шинэчлэл нэлээд хийж чадсанд оршино.Үр тарианы томоохон талбайд хуучны трактор, комбайн цөөрч, ихэнхдээ ОХУ-д үйлдвэрлэсэн “Виктор 410” маркын хоногт 100 га хураах хүчин чадалтай  шинэ комбайн ажиллаж байна. Анх 2008 онд “Атрын III аян” эхэлснээр газар тариалангийн салбарт тасраад байсан техникийн шинэчлэл хийгдэж эхэлсэн билээ. Тус аянаар үр тарианы хувьд шинэчилбэл зохих техникийн 40 гаруй хувийг шинэчилсэн гэсэн тоо байдаг байсан бол өдгөө энэ тоо даруй хоёр дахин өсөж 80 гаруй хувь болсон сайхан мэдээтэй Монголын газар тариалангийн салбарын түүхт 60 жилийн ойг угтаж буй юм. Энэ бол том дэвшил. Тиймдээ ч тариаланчдын ихэнх нь “Хураалт оройтсон ч цас орчихгүй бол амжина” гээд хүлээзнэсэн байдалтай байгаа аж. Тариалан эрхлэлтийг дэмжих сан энэ онд гэхэд намрын ургац хураалтад зориулж 36 ширхэг “Виктор 410” комбайн оруулж ирж, 30 хувийн урьдчилгаатай, дөрвөн  жилийн хугацаатай олгосон нь бүрэн борлогдсон байх жишээтэй. Тариаланчид ч дээрх авсан шинэ техниктээ сэтгэл хангалуун байна.

Тариаланчдын хувьд бороо, цас их ороод асуудал үүсгэчихгүй бол будааны болц сайн байгаа учраас үтрэмийн  ажлуудаа сайн хийчихэд хүндрэл бэрхшээл харьцангуй гайгүй байна. Харин Сэлэнгийн Цагааннуурын тариаланчдын хувьд тулгарч байгаа нэг бэрхшээл нь малчид намаржаа руугаа ороод ирсэн нь нэлээд асуудал болж байна гэж байсан юм. Малчдын хувьд ч тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ гэдэг шиг мал нь намаржаа руугаа гүйгээд тогтохгүй болж. Тариан талбай руу мал оруулахгүй байх тал дээр малчид, тариаланчид, сум орон нутгийн засаг захиргааныхан гээд тал талаасаа идэвх чармайлт гаргаж, хараа салгахгүй байх шаардлагатай болсон хэрэг.

БУУДАЙН БОРЛУУЛАЛТЫН ҮНЭ ХАРААХАН ТОДОРХОЙ БОЛООГҮЙ БАЙНА

 

Тариаланчдын бодлыг чилээх өөр нэг зүйл нь нэг тонн улаан буудайн  борлуулалтын үнэ хэд байх бол гэдэг. Зарим компани нь урт хугацааны хамтын  ажиллагааныхаа хүрээнд “Алтан тариа”-д ачуулаад эхэлсэн ч гурилын үйлдвэрийн зүгээс хараахан үнээ хэлээгүй байгаа аж. Түүнчлэн  тариаланчид Тариалан эрхлэлтийг дэмжих сан/ТЭДС/-гаас  хаврын тариалалт, намрын ургац хураалтад зориулж авсан төрөл бүрийн  дэмжлэг, техникийн зээл болон өрөндөө  тус санд будаа тушаах ёстой. Мөн ТЭДС үрийн болон таваарын будаа ч худалдан авч, нөөцөлнө. Тийм болохоор ТЭДС-гийн зүгээс будааны үнийг хэдэн төгрөгөөр авахаар тогтох вэ гэдэг чухал. Энэ жилийн будаа нэлээд чийгтэй байгаа учраас тариаланчдын хувьд  улсад тушаах будааны стандарт шаардлагыг  хангах тал дээр жаахан санаа зовоостой байгаа нь илт анзаарагдах. ТЭДС-гийн хувьд ч гэсэн авсан будаанд  нь хатаалга шаардлагатай болох тул зардал өсөх, хорогдол тооцох гээд асуудал багагүй гарахаар байна.

ТЭДС өмнөх жил нэг тонн буудайг зэрэглэл, зориулалтаас нь хамаарч  500-600 мянган төгрөгийн үнээр авч байсан. Энэ жил ч  тэр үнээсээ нэг их буулгахгүй байх гэсэн таамаг, тариаланчдад байна. Мөн тариаланчдын сэтгэл өег байгаа нэг зүйл саяхан Засгийн газрын зүгээс нэг тонн улаан буудайн урамшууллыг 100 мянган төгрөг болгоно гэсэн баяртай мэдээ дуулдсан явдал юм. Ингээд зарим тариаланчийн сэтгэгдлийг сонирхуулъя.


Р.Тунгалагсайхан/Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Цайдам өгөөж” компанийн захирал/:

Р.Тунгалагсайхан

Өнөөдрийн байдлаар 550-иад га ангилаад байна. Цаана нь  100 гаруй га ангилна. Хураалт 50 хувьдаа орсон. Будаа нэлээд цатгалан байна. Га-гаас 14-15 центнер авч байна.

-14-15 центнер танай өмнөх жилийн ургацтай харьцуулахад  бага уу, их үү?

-Өмнөх жилээс арай илүү байна. Ноднин есдүгээр  сарын 19, 20-нд цас дарсан. Зовж  байж жаахан тариа аваад заримыг нь хаясан. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад энэ намар  цаг агаар ч сайхан, тариаланч биднийг ивээж  байна.

-Та гавьяат хүний, үе дамжсан тариаланч хүү юм байна. Атрын 60 жилийг ямархуу ажил үйлсээр тэмдэглэж байна вэ?

-Манай компани 1992 онд байгуулагдсан. Компанийн маань үүсгэн байгуулагч манай аав гавьяат механикжуулагч Рэнцэнханд гэж хүн байсан. Аавынхаа эхлүүлсэн хүн ардыг хооллож  ундлах буянтай үйлийг үргэлжлүүлээд  явж байгаадаа баяртай байдаг. Би 1984 онд Хөдөө аж ахуйн техникумыг механикаар төгссөн. Түүнээс хойш газар тариаланд тасралтгүй 30-аад жил ажиллаж байна даа. Энэ жилээс хүүгээ энэ үйлдвэрлэл рүү оруулж байна. Тэгэхээр манайх гурван үеийн тариаланч гэсэн үг.

-Танай эргэлтийн талбай хэд вэ?

-Анх манайх 100, 200 га-гаас эхэлж байсан. Одоо нийт эргэлтийн талбай 1430 гаруйд  хүрсэн байна. Үүнээс жилдээ 700-800 га-г тариалдаг.

-Будаагаа хаана нийлүүлж байна вэ?

-Одоогийн байдлаар “Алтан тариа”, “Өег”  хоёрт өгч байна.

-Өнөөдөр тариаланчдын өмнө тулгамдсан хамгийн хүндрэлтэй  асуудал гэвэл та юуг хэлэх вэ?

-Боловсон хүчний асуудал. Механикжуулагч, техникийн чиглэлд бэлтгэгдсэн хүн байхгүй. Ажиллаж байгаа цөөн хэдэн хүн нь хариугүй тэтгэвэртээ суух болсон.  Хөдөө аж ахуйд ажиллах хүн маш ховор байна. Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд л онцгойлон  анхаармаар байна даа. МСҮТ-үүдэд  хөдөө аж ахуйн  өндөр хүчин чадалтай техник эзэмших операторуудыг бэлтгэмээр байна. Төв аймгийн Баянчандманьд  бэлтгэдэг гэдэг боловч тэндээс гарч байгаа нь мэдэгдэхгүй юм. Манай Хонгорын залуучууд Дарханы төмөрлөгийн үйлдвэр рүү ороод газар тариаланд бүр хүн олдохоо байсан.

-Компаниуд хураалтын өндөр хүчин чадалтай техниктэй болж байгаа нь сайн хэрэг ч га-гийн ургац нэмэгдэхгүй бол тэр сайхан техник ашигласны үр дүнг гарахад асуудалтай. Та га-гийн ургацыг нэмэгдүүлэх чиглэлд  юу боддог  вэ?

Наадах чинь маш чухал.  Манайх өнгөрсөн онд зуун  хувь механик уринш хийсэн. Төрийн бодлого бол механикаас аль болох татгалзаж тэг уринш хийхийг чухалчилж байгаа. Би өмнө нь тэг болон  механикийн аль алиныг нь хийж үзсэн.  Тэг уринш нэг л болж өгөхгүй байсан. Зуун  хувь  механикаар хийгээд эрс өөр байна. Манай энэ Хонгорын нөхцөлд тэг уринш төдийлөн  үр дүнтэй байхгүй юм шиг санагдсан. Нутаг нутгийн хөрс, цаг уурын онцлог гэж байна. Ер нь бол  ямар нэгэн байдлаар хөрсөө хөдөлгөж  байж л ургац авах юм билээ. Жишээ нь Номгонд  Мардаан баатар гэхэд дандаа уринш хийж, байнгын тогтвортой ургац авдаг.

Механик уриншийн дутагдалтай тал хаврын салхинд хөрс хийсэх эрсдэлтэй. Өнгөрсөн хавар бол маш их хийссэн. Тэрийгээ бодоод нэг механик нэг хими гээд холимог явбал зүгээр юм болов уу гэж бодсон.

-Хөрсөө тордох тал дээр юу хийдэг вэ?

-Гуматын шингэн бордоо хэрэглэсэн. Өөр хэрэглэхээр олон төрлийн бордоо одоогоор алга.

-Танайх ямар үрээр тарьдаг вэ?

-“Дархан 144” сортын үрийг тариалаад нэлээд хэдэн жил болж байна. Манай Дарханы хүрээлэнгийн эрдэмтдийн гаргасан энэ сорт маань  манайх шиг хавар тариалалтын үед хур тунадас оройтож унадаг, гандуу, халалт ихтэй  нөхцөлд үнэхээр сайн юм. Жил бүр өөрийнхөө үрийг нөөцлөөд, нутгийн хүмүүстээ жаахан үр илүүчилдэг.

-Талбайгаа хаших талаар хөрөнгө гаргаж чадаж байна уу?

-Энэ жил өөрсдийн хүчээр 320 га бүтэн хашсан.

-Танай Хонгорын сумын төв  Атрын 60 жилээр маш их өнгө үзэмж нэмж, бүтээн байгуулалт хийсэн байна. Та хэр оролцсон бэ?

-Атрын 60 жилээр манай сумын удирдлага залуучууд үнэхээр их зүйл хийж, маш сайн ажилласан. Би өөрөө сумын ИТХ-д байдаг. Залуучууд сумыг эрс өөр болгосон.  Хүүхэд залуусын спортын талбай, сумын гэрэлтүүлэг, Атрын 60 жилийн цэцэрлэгт хүрээлэн байгуулсан гээд их бүтээн байгуулалт өрнүүлсэн. Өнгөрсөн долдугаар сард манайх Хонгор сумын болон Монголын анхны дөрвөн САА-н нэг болох Дархан САА-н  60 жилийн ойгоо тэмдэглэсэн. Одоо ч ой угтсан  бүтээн байгуулалтууд үргэлжилж байна. Ойд сумын  компаниуд хандив өгсөн. Манайх нэг га-г 5000 төгрөгөөр бодоод нийт 7.0  сая төгрөгийн хандив өгсөн. Сумын  Засагт дарга болон ИТХ-ын дарга залуучууд баярламаар сайн ажилласан. Та нар манай сумын төвөөр орсон уу, ямар гоё болсныг харсан биз дээ.


Д. Өлзийсайхан /Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн дэргэдэх гарааны “Дархан элит” компанийн захирал/:

Д.Өлзийсайхан

-Танайх хураалтаа гайгүй эрт  эхэлсэн юм биш үү?

Тийм, манайх эрдэм шинжилгээний байгууллагын компани учраас эрт орсон.  Есдүгээр сарын 15-наас эхэлсэн одоо 90 гаруй хувьтай явна. Манай компани Ургамал  газар тариалангийн хүрээлэнгийн дэргэдэх элит үр үйлдвэрлэлийн гарааны компани. Хүрээлэнгийн гаргасан супер элит үрээс  элит үр үйлдвэрлэдэг.  Тийм болохоор талбайд судалгаа шинжилгээний ажлууд ч байнга явагддаг.

-Жилдээ хэчнээн тонн элит үр үйлдвэрлэж, хаана хэрхэн нийлүүлдэг вэ?

2015 онд байгуулагдаад 2016 оноос ургацаа хурааж эхэлсэн. Жилдээ 450-500 тонн элит үр үйлдвэрлэдэг.  ТЭДС-тай хамтарч ажиллаж, жил бүр тус санд үрээ өгч байна. ХХААХҮЯ-ны тусгай зөвшөөрөлтэй  үр үйлдвэрлэх 10 гаруй компани байдаг. Тэдэнд  манайх элит үр нийлүүлэгддэг.

-Элит үр үйлдвэрлэлийн онцлог юу байдаг вэ?

Заавал уриншид тариалдаг. Манайх нийт 900 га эргэлтийн талбайтай. Энэ талбайгаа жилд тал талаар нь уриншилж тарьдаг. Тэгээд хамгийн гол нь цэвэрлэгээ маш сайн байх ёстой. Үрийн будааны тусгай зориулалтын техникээр гурван удаа цэвэрлэдэг. Будгаа задгай хадгалахгүй, заавал ууталсан байх ёстой.  Дээр нь агрономич маш сайн байх ёстой. Манайх Батжаргал гээд энэ талбайд 40-өөд жил ажилласан маш сайн агрономичтой.

-Танайх бас усалгаатай талбайтай юм байна. Нийт хэчнээн га вэ. Цаашид элит үр үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд юу хийх шаардлагатай вэ?

98  га-д усалгаа хийсэн. Дотоодын хэрэгцээг элит үрээр хангахын тулд төр засгаас  бодлого барьж, дэмжиж байна. Анхдагч үрийн аж ахуй, элит үр үйлдвэрлэлийн талбайг нэмэгдүүлэх шаардлага бий. Мөн техник тоног төхөөрөмжийн хувьд төрөөс  дэмжиж ажилладаг.  Гэхдээ цаашид илүү өргөтгөх хэрэгтэй.

-Танайх хураалтын  шинэ техниктэй юм байна. Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэдэх гарааны компанийн хувьд өндөр хүчин чадалтай техник авахад хүндрэлтэй юү?

Техникийн хувьд хангалтгүй байсан. 2017 онд  ХХААХҮЯ-ны зүгээс дэмжиж тарих, хураах иж бүрэн техник өгсөнд их баяртай байгаа. Үүний хүчинд жилдээ 500 тонн элит үр үйлдвэрлэж байна. Га-гаас 16 орчим центнер авлаа.

-Усалгаатай талбайгаасаа хэд авдаг вэ?

20 гаргаад авч байна.

-Элит үрийг ТЭДС-д нийлүүлэхдээ ямар үнээр  өгдөг вэ?

Энэ жилийн үнэ хараахан тодорхой гараагүй байна. Сүүлийн 2-3 жид нэг тонныг нь 800 мянган төгрөгөөр өгсөн.


Ө.Чимиддорж

Ө.Чимиддорж /Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Атар трейд” компанийн захирал/:

Хураалт хүндэвтэр байна. Гэхдээ наймдугаар сарын сүүлч есдүгээр сар аятайхан байлаа. Аравдугаар сар гартал энэ байдлаараа цаг агаар гайгүй байвал боломжийн хэмжээний ургац  авах байх гэсэн найдлага байна.

-Энэ жилийн ургацын онцлог юу байна вэ?

-Бороо оройтож орсон учраас хураалт оройтож байна. Манайх гэхэд бүх талбайдаа зуун хувь бордоо хэрэглэсэн боловч чийгийн дутагдлаас болоод үр дүн сайн гарсангүй. Тариан талбайд шувуу их, малчид намаржаандаа ороод ирсэн. Энэ мэт хүндрэлээс болоод  хорогдол их гарахаар байна.

-Танай үтрэмд нэлээд будаа буусан байна. Чийгийн хэмжээ нь хэдтэй байна вэ?

-Одоогийн байдлаар манайх 1000 гаруй тонн будаа хураагаад байна.  Нэлээд чийгтэй байгаа учраас зарим талбайгаа хэд хоног харахгүй бол болохгүй байна. Га-гаас 15-16 центнер хурааж байна. Чийгийн хэмжээ 13-15 хувьтай байх шиг байна. Хатаалга нэлээд хийгдэх шаардлагатай.

-Танайх энэ жил хэчнээн га-д тарьсан бэ. Нийт хэчнээн га эргэлтийн талбайтай вэ?

-Нийт 4000 га эргэлтийн талбайтай. 2000 га-д тариалсан.

-Мөн гурилын үйлдвэрт ачилт хийлгэж байгаа юм байна. Аль үйлдвэрт, ямар үнээр өгч байна вэ?

-“Алтан тариа” компани манай гол харилцагч. Бараг байгуулагдсан цагаасаа хамтран ажиллаж байгаа. Шаардлагатай үед туслалцаа дэмжлэг авдаг. Энэ нь бидний олон жилийн хамтын ажиллагааны  үр дүн гэсэн үг. Үнээ одоогоор хэлээгүй байна. Мөн  Тариалан эрхлэлтийг дэмжих сантай нэлээд ойр хамтарч ажилладаг. Техникийн дэмжлэг авсан. Тэрнийхээ төлбөрийг өгнө.


З.Батчулуун

З. Батчулуун/Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Их жаргалант уул” компанийн захирал/:

-Түүвэрлэн хураалт хийгээд явж байна. Зарим газраа гайгүй. Зарим талбай түрж ургасан ногоон тариа ихтэй байгаа. Манайх есдүгээр сарын 18-наас хураалт эхэлсэн. Гол  бэрхшээл есдүгээр сарын 20-ноос малчид намаржаа руугаа буусан. Энэ хамгийн хүнд асуудал болж байна. Хураалт яагаа ч үгүй, зарим аж ахуйн нэгж эхлээ ч үгүй байгаа шүү дээ. Сэлэнгийн ройнд мал байх ёстой хэмжээнээсээ 4-5 дахин өссөн. Бид зарим талбайгаа энэ жил өөрийн хүчээр хашаажууллаа.

-Орон унтгийн зүгээс мал тариан талбай руу оруулахгүй байх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Бид аймгийн болон сумын захиргаанд хэлсэн. Одоогоор арга хэмжээ авсан юм алга. ХХААХҮЯ-ны Хашаажуулалт хөтөлбөрийн хүрээнд тендерт ялсан компани нь  манай суманд 150 км сайхан хашаа барьж өгсөн. Олон ч компанийн талбай хамрагдсан. Үүнийг сум орон нутгийн захиргаанд одоо хүртэл  хүлээлгэж өгөөгүй. Тиймээс хариуцах эзэнгүй байгаа учраас хамгаалалт туйлын хангалтгүй байна. Эвдэлж сүйтгэх нь их байна. Үүнийг даруй сум орон нутагт хүлээлгэж өгөөд, сумын захиргаа компаниудтай гэрээ хийу өгөөд, өөд нь татах хэрэгтэй байна. Уг нь их үр дүнтэй ажил болсон юм.

-Танай тарианы болц сайн, ногоон түрүү багатай харагдлаа. Га-гаас хэдэн центнер авч байгаа вэ?

-Га-гаас 16-17 центнер авч байна. Манай одоо хурааж байгаа талбай Сэлэнгийн хөвөөн дээр байдаг болохоор болц гайгүй. Ногоон түрүү ч бага. Үлдсэн талбай нэлээд ногоонтой. Нуурын орчим болохоор шувуу их сүйтгэдэг.

-Хэчнээн га-д тарьсан бэ, хураалт хэдэн хувьтай явна?

-Цагааннуурт нийт 500 орчим га эргэлтийн талбайтай. Үүнийхээ 328 га-д тарьсан. Хураалт 40-өөд хувьтай байна. Үлдэж байгаа 60 хувь нь нэлээд ногоон, босоо байгаа.

-Танайх  өөр газар бас тариалангийн талбайтай юм уу?

-Дархан-Уул аймгийн Хонгор суманд бий. Тэндхийн хураалт бас эхэлсэн.

-Танайх ногоон тэжээл нэлээд хураасан харагдана. Эрчимжсэн мал аж ахуйтай юм уу эсвэл борлуулах  зорилгоор тарьсан уу?

-Одоо ер нь малыг яаж ийгээд  суурин маллагаанд оруулахгүй бол явцгүй боллоо шүү дээ. Хэдэн үхэртэй. Анх удаа 20 га-д ногоон тэжээл тарьж үзлээ. Боломжийн юм байна.

Монголын газар тариалангийн салбарыг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлсний түүхт 60 жилийн ойг тэмдэглэхэд  сар хүрэхгүй хугацаа үлдэж байна. Тариаланчид маань энэ онд  400 гаруй мянган тонн улаан буудай хураан авах Засгийн газрын  зорилтыг  амжилттайгаар биелүүлж, ойгоо баяртай  тэмдэглэнэ гэж найдъя. Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн ургац ч арвин байгааг нийслэлчүүд маань саяхан болсон “Намрын ногоон өдрүүд 2019”-ийн үеэр харж, шинэ ургацаа сэтгэл дүүрэн амлан буй.

И.ОТГОНЖАРГАЛ

Эдийн засгийн төрөлжилт, тогтвортой хөгжлийн “Шинэ өсөлт” сэтгүүл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж