Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 10

Хуучирсан мэдээ: 2019.10.07-нд нийтлэгдсэн

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 10

Манай сайт өмнө нь Философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран “Философийн булан”, “Либертари булан”-гуудыг эрхлэн гаргаж байсан билээ. Энэ удаа түүний 15 цуврал өгүүллийг тавих гэж байна. Доктор Б.Батчулуун энэ нийтлэлүүддээ Монгол дахь либертари үзэлд учирч буй саад, бэрхшээлийг философи, нийгмийн психологийн үүднээс задлан шинжилж буй тул өмнө нь эрхлэн гаргаж байсан “Философи” болон “Либертари” булангуудын үргэлжлэл хэмээн ойлгож болно. 7 хоног бүрийн Даваа, Баасан гаригт нийтлэгдэх өгүүллүүдийг таалан соёрхоно уу.


(КОММУНИСТ ҮЗЭЛ СУРТЛЫН ИНЕРЦИ)

Хэрэв, өнөөдөр Маркс амьд сэрүүн байгаа бол түүнд өөрт нь хүртэл марксизмыг өлхөөн заачих сартваахиуд Монголд мөн ч олон байна. Голдуу МУИС, ШУА-ийн нийгэм, хүмүүнлэгийн ухааны тэнхим, хүрээлэнгүүдээр шигсэн харагддаг. Бас ч зүгээр үгүй, ерөнхийлөгч, эрхлэгч энэ тэр гэсэн сэтэртэй. Тэд 2018 онд Марксын төрсний 200 жилийн ойг тэмдэглэж, хэдүүлээ цуглан, ёстой амныхаа зоргоор “авч өгсөн” гэдэг. “Уг нь, Марксын зөв байсан, даан ч буруу хэрэгжүүлсэн”, “цэвэр Марксын сургаалаар явсан бол өдийд диваажинг байгуулчихсан байх ёстой байсан” гэж ирээд. Өнөөгийн Япон, АНУ, Герман, Өмнөд Солонгос дахь капитализмын ололт, амжилт юу ч биш юм байх. Бараг л “одоо дэлхий дээр Хойд Солонгос, Куба хоёр хамгийн зөв замаар замнаж байна” гэх шахсан гэсэн. “Алж өгдөг” марксистууд л даа, хөөе.

Монголчууд бид ХХ зуунд марксизмаар тархиа зад угаалгасан ард түмэн. Жорж Орвэллийн Амьтдын нийгэм, 1984 яг нүднээ харагддаг. Өөр үзэл санаа оршин байх ямар ч аргагүй. Хэрэв өөрөөр сэтгэж, өөрийн бодол санааг ил тод хэлбэл шууд л шорон. Амьдрал нь гарцаагүй сүйрнэ. Гэр орон, ор хөнжилдөө ч үг хэлээ цэнэж, амьдрахаас өөр аргагүй. Хэлж ярих, бичиж нийтлэх бүх зүйл хатуу хяналтад. Тагнан турших байгууллагууд нь иргэдээ хаана, юу хийж, юу ярьж байгааг ёстой л гэзэг даган мөрдөж мөшгөнө.

Пролетарийн диктатурын үзэл санааг монголчуудын тархинд яг ингэж суулгасан юм

Коммунистууд төрийг заавал диктатур байх ёстой хэмээнэ. “Пролетарийн диктатур”. Төр нь диктатурт шинжтэй байсан цагт үүргээ биелүүлж чаддаг хэмээн үзнэ. Жинхэнэ “цагдаагийн төрийг” дээдлэгсэд. Коммунистуудын хувьд “шөнийн харуулын төр”, “либерал төр” г.м. нь үнэндээ төр биш.

Өнөөгийн манай нийгэмд ийм үзэл суртлын үлдэгдэл, инерци маш хүчтэй оршиж байна. Нийгмийн боловсролтой гэж тооцогддог, орчин тойрондоо хүлээн зөвшөөрөгдсөн ахмад үеийнхэн, тэр ч бүү хэл, ардчилсан үзэлтэй гэгддэг залуу үеийнхэн хүртэл ийм үзэл суртлын нөлөөнд байгааг амархаан харж болно.

К. Маркс, В.И.Ленин. “Төр бол диктатур” гэсэн онолыг үндэслэгчид.”
“Пролетарийн диктатурын он жилүүд”

Хоёрын хооронд боловсорсон ийм хүмүүсийн хувьд либертари үзэл утопизм, анархизм болж харагддаг. Мэддэг үзэл, нэр томьёо нь. Бас тэгээд эдгээр нэр томъёогоо хагас дутуу, буруу зөрүү ойлгохыг нь яана. Тэдний хувьд self-governance, ёс суртахуунаа удирдлага болгох тухай үзэл бодол огтоос ойлгомжгүй бөгөөд боломжгүй зүйл. А-мораль хүмүүс ёс суртахууныг амьдралын зарчим, баримтлал, “хууль” гэж үздэггүй. Төр гэдэг зүйл л байхгүй бол бүх хүн хулгайч, бүх хүн алуурчин болно гээд итгэчихсэн (өөрсдөө ч бараг тийм болоход ойрхон байдаг болоод ингэж боддог байх). Хоббсын амьдарч байсан үеийн Английн хаос нийгэмд байсан шиг “хүн хүндээ чоно” гэсэн бодол санааг абсолют үнэн хэмээнэ.

Тийм ээ, бүх хүн сахиусан тэнгэр биш. Гэхдээ либертариудын үздэгээр бүх хүн бас чоно биш. Энэ тал дээр анархистуудын зөв, тэд дарвинизмын эсрэг зогсож, нэгэн зүйлийн амьтад, тэр тусмаа хүн гэдэг амьтан нэгнийхээ зовлон зүдгүүрт сэтгэл өвддөг, нэгэндээ туслах сэтгэлтэй байдаг, тийм учраас тэдний хоорондын харилцааг заавал ч үгүй төрөөр зохицуулах шаардлага үгүй гэсэн илүү гуманист итгэл үнэмшилтэй байсан юм. Либертариуд хэдийгээр, анархистууд биш ч энэ тал дээр тэдний зөв хэмээн үзнэ. Либертари аж төрөх ёс нь ийм итгэл үнэмшилтэй хүмүүсийн хооронд бүрэн боломжтой зүйл. Энд утопи зүйл огт байхгүй.

Тэгэхээр өмнөх үзэл суртлын нөлөө хүмүүсийн тархинд хүчтэй оршсоор байгаа нь либертари үзэл суртал тархахад багагүй саад болж байна.

Б.БАТЧУЛУУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж