Сураггүй болсон АНУ-ын уулчны гэр бүл хүсэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон АНУ-ын уулчны гэр бүл хүсэлт гаргажээ

Сураггүй болсон АНУ-ын уулчны гэр бүл хүсэлт гаргажээ

АНУ-ын харьяат 40 настай уулчин есдүгээр сарын 18-ны өдөр Алтай Таванбогдод авиралт хийх явцдаа алга болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тэрбээр  есдүгээр сарын 20-ны өдөр буцаж ирэх байсан ч одоог хүртэл ор сураггүй байгаа юм. Сураггүй алга болсон АНУ-ын иргэний гэр бүл, найз нөхөд нь Монголын уулчдын үндэсний холбоонд хандаад байгаа гэнэ. Сураггүй болсон иргэнийг Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын  эрэн хайх багийн алба хаагчид есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл хайж, одоогоор эрлийн ажлыг зогсоогоод байна. Энэ хугацаанд Монголын Уулчдын Үндэсний Холбоо байнга холбоотой байж мэдээлэл солилцож байсан бөгөөд гэр бүлээс нь хувийн эрлийн баг гаргах хүсэлтийг гаргажээ.

Сураггүй болсон уулчныг эрэн хайх эрлийн ажиллагаанд оролцох сайн дурын уулчид аравдугаар сарын 5-нд цугларахыг Уулчдын үндэсний холбооноос мэдээллээ.

УУЛЧНЫГ 110 КМ МАШИНААР ЭРЭН ХАЙСАН Ч ҮР ДҮНД ХҮРЭЭГҮЙ

Энэ талаарх мэдээллийг анх Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг “Алтай тоур” аялал жуулчлалын компанийн ажилтан есдүгээр сарын 21-ний 22:11 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн есөн алба хаагч нэг автомашинтай Алтай Таванбогд уулыг зорьж, есдүгээр сарын 22-нд уулын “Байгаль орчны хамгаалалтын пост” гэдэг газар буюу “Бест камп” хамгаалалтын цэгт очсон байна.

Эрэн хайх ажиллагаа есдүгээр сарын 26-ны байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаярын шийдвэрээр 09.00 цагаас “Их-Ойгор” багийн Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын хаалгаас Цэнгэл сум хүртэл 110 км-т автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс эрэн хайх ажиллагаанаас түр зогсоогоод байгаа талаар Баян-Өлгийн аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Тус аймгийн Цагдаагийн газраас есдүгээр сарын 23-наас эрэн сурвалжилж эхэлсэн гэдгийг хэлж байв.

“УУЛЧИД МАЛЧИН ОРГИЛД ГАРАХ ЗӨВШӨӨРӨЛ АВСАН БАЙСАН”

Тухайн үед гадаадын жуулчдыг Алтай Таванбогд уул руу авч явсан “Алтай тоур” аялал жуулчлалын компанийн захиралтай утсаар холбогдсон юм. Тэрбээр “Есдүгээр сарын 19-ны өдөр Алтай Таванбогд уулын Хүйтэн оргил руу авирах зөвшөөрөл Хилийн цэргийн ангиас авах гэсэн боловч орон нутгаас нэг мэргэжлийн уулчинтай хамт авирах ёстой гээд зөвшөөрөл өгөөгүй. Тэгээд бид Малчин оргил руу авирахаар зөвшөөрөл авсан. Тэгээд Малчин оргилд очиж, нэг хоносон. Өглөө хүмүүс босоход ганцаараа явж байсан АНУ-ын уулчин байхгүй байсан. Сураггүй алга болсон уулчин майхан, хоол унд гээд том цүнхээ авч яваад жижиг цүнхээ үлдээсэн байсан. Бидний бодож байгаагаар Хүйтэн оргил руу авирахаар цааш явсан байх гэж таамаглаж байна. Алга болсон уулчин Өлгий хотод долоо хоносон юм билээ. Манай компанид албан ёсны бүтгэлтэй жуулчин биш байсан” гэлээ.

Алтай Таванбогд ууланд Хүйтэн, Найрамдал, Малчин, Бүргэд, Наран, Цагаан Суварга гэсэн зургаан мөнх цаст оргилууд байдаг. Хүйтэний оргил нь Монгол нутгийн хамгийн өндөр цэг буюу 4374 метр өндөр юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж