Л.Наранбаатар: Надад заах шаардлагагүй, би ажил хийдэг

Хуучирсан мэдээ: 2019.10.05-нд нийтлэгдсэн

Л.Наранбаатар: Надад заах шаардлагагүй, би ажил хийдэг

“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт хийсэн ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


“З.ЭНХБОЛД ДАРГА МИНИЙ АСУУЛТАД ХАРИУЛЧИХАД Л БОЛОХ ЮМ”

1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн, эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа.

-Сүүлийн үед та юу хийж байна. Ингэж асуухын учир нь таныг ажил хийж амьдраач гэж нэг компанийн захирал шүүмжилсэн?

-Би ч уг нь ажил хийгээд л амьдарч байгаа. Улсаас нэг ч төгрөгийн ажил авч байсангүй, төрийн өмчит компанид ч ажиллаж байсангүй. “Гложекс Консалтинг” ХХК-иа 2008 онд үүсгэн байгуулснаас хойш улсад таван тэрбум орчим төгрөгийн татвар төлсөн байдаг юм. Одоо бид 150 гаруй ажилтантай, геологи, хайгуул, нөөцийн үнэлгээний зөвлөх үйлчилгээний компанийг Австралийн болон Канадын стандартаар олон улсын хөрөнгө оруулалт, техникийн зөвлөх үйлчилгээг үзүүлж ажилладаг. Хоёр дахь чиглэл маань улсдаа хөрөнгө оруулалт татах. Зүүн Азийн бүс нутагт нэлээд нэр хүндтэй болсон “Coal Mongolia” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг зохион байгуулж ирснийг мэдэх байх. Уул уурхайн инженер, эдийн засагч мэргэжилтэй. Австрали, Азийн уул уурхайн металлургийн институтийн гишүүн. 125 жилийн түүхтэй энэхүү холбооны гишүүн болно гэдэг асар том сорилт байдаг. Би 15 жил тасралтгүй ажиллаж байж тэнцэж, энэ байгууллагын гишүүн болсон. Ингэснээр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон уул уурхайн төслүүдийн тайланг нэр хүндээрээ итгэмжилж, Торонто болон Хонконгийн хөрөнгийн биржүүд дээр мөнгө босгох тайланг манай монгол инженер залуус хийдэг юм. Манайд ажилладаг гадаад инженер гэж байхгүй. Бид Австрали, Канадуудын хийдэг байсан ажлыг хийдэг болсон. Гадаад инженерүүдийг Монголын зах зээлээс шахаж чадаж байгаа ийм л компани. Тэгэхээр намайг ажил хий гээд заагаад байх шаардлага байхгүй болов уу.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2201709/ эндээс унших боломжтой.


Д.ДАМБА-ОЧИР: МАН НЭГДМЭЛ БАЙЖ УЛСТӨРЖИЛТИЙГ ДААНА

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эх төслийг баталж, Ард нийтээс санал асуухаар болсон. Танай намынхны өргөн барьсан, дангаараа шахуу хэлэлцэж баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эх хэр сайн төсөл болж чадсан бэ. Засаглалын хямралыг тогтворжуулах, эдийн засгийг хөгжлийг түргэтгэх, шүүх засаглалыг сайжруулах өөрчлөлт болж чадсан уу. Та юу гэж бодож байна?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бол амаргүй асуудал. УИХ-ын 57 гишүүн дэмжсэн санал өгч, 64 гишүүний ирцтэйгээр үг өгүүлбэр, таслал, цэг өөрчилдөг өндөр босготой. Сүүлийн гурван сарын хугацаанд гишүүд, ажлын хэсэг маш зав чөлөөгүй ажиллаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн. Үндсэн хуульд 20 орчим жилийн циклтэйгээр өөрчлөлт оруулж байсан юм билээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд яригдаж, шүүмжлэгдэж ирсэн асуудлыг цэглэх зүйл заалтуудыг энэ удаагийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж өгсөн. 30 гаруй бүлэг зүйл ангиудыг өөрчилнө гэдэг Үндсэн хуульд асар том өөрчлөлт орж байна гэсэн үг. Монгол Улсын иргэдийн төр засагтаа итгэх итгэл алдраад байгаа учраас засаг төр нь хариуцлагатай байх, төрд орж ирж байгаа хүмүүс нь ч илүү хариуцлагатай үүднээс хэд хэдэн заалтыг энэ удаагийн өөрчлөлтөд оруулж өгсөн. Миний хувьд Эрдэнэтийг хот болгох асуудлыг тусгах ёстой гэдгийг олон удаа хэлж ярьж байсан бөгөөд энэ удаад миний хүссэн томъёоллоор ороогүй ч бага зэрэг өөрчлөгдсөн ч Дархан-Уул, Эрдэнэт хот болж байгаа. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг батлах ёстой гэж би бодож байгаа. Гэхдээ Ард нийтийн санал асуулгаар батлах ёстой. Ер нь бол цаашид Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сайжруулдаг байх ёстой гэдэг жишиг тогтоож өгөх нь зүйтэй юм билээ.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2202197/ эндээс унших боломжтой.


“УЛСТӨРЧИД АСУУДЛЫГ ДЭВЭРГЭЖ, ИРГЭДИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЖ БАЙНА”

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг МАН-ын бүлэг өнөөдөр шийдвэрлэх байх. Та хувь гишүүнийхээ хувьд Ерөнхийлөгчийн хоригт ямар байр суурьтай байгаа вэ. Хоригт дурдагдсан үндэслэлүүдтэй санал нийлж байгаа юу?

-Хууль зөрчсөн үндэслэлтэй болоод л Ерөнхийлөгч хориг тавьсан байж таараа. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг олонхоороо шийдвэрлэх асуудалд би цэг тавьсан байдлаар хариулах нь зохистой бус. Би олонхын шийдвэрээ дагана. Нөгөөтэйгүүр Үндсэн хууль бол олонхын зөвшилцлөөр шийдэгддэг онцлогтой хууль шүү дээ. Миний хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтээс асуух нь зөв гэж үзэж байна. МАН-ын бүлгийн гишүүд олонхоороо кноп дараад батлах энгийн хууль биш гэдгийг хүн бүхэн мэднэ. Тийм учраас ард нийтээсээ асуух нь зөв.

-Хэрэв Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал хоёр дахь хэлэлцүүлгээр баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл задрах зэрэг эрсдэлтэй юм байна?

-Мэдээж хоригийг хүлээж авбал үүсэх бэрхшээлүүд бий. Тийм учраас дараа нь үүсэх эрсдэлүүдийг олон талаас нь авч ярилцаж байж бүлэг шийдвэрээ гаргах байх. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, ѳѳрчлѳлт оруулах цаг, нѳхцѳл нь бүрдсэн гэдэгтэй санал нэг байна. Өнөөдөр гүйцэтгэх засаглал нь УИХ-аасаа хэт хамааралтай байгаа нь улс орны эдийн засгийг боомилдог, Засгийн газар нь барьцаалагддаг, жоохон зоригтой ажиллах гэхээр Засгийн газраа огцруулчихдаг ийм байдал өнгөрсөн 20 гаруй явж ирлээ. Засгийн газрын дундаж наслалт нь ердөө 1.6 жилээс хэтэрдэггүй байж болохгүй гэдэгтээ санал нэг байгаа. Ерөнхий сайд нь өөрөө засгаа бүрдүүлээд эргээд хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Засгийн газар нь хэдхэн гишүүний гарын үсгээр уначихдаггүй дархлаатай байх, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх зэрэг чамгүй сайн заалтууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан. Мөн Үндсэн хуулийн “дордуулсан долоон заалт”-ыг энэ удаагийн өөрчлөлтөөр засна. Ард нийт энэ бүх өөрчлөлтийг зөв талаас нь харж дэмжих байх гэж бодож байна.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2202781/ эндээс унших боломжтой.


М.АРИУНТУЯА: МОНГОЛЫН ИХ СУРГУУЛИУД БАГШ НАРТ СУДАЛГАА ХИЙХ ЦАГ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ

Нийгмийн шинжлэх ухааны доктор, Васэда их сургуулийн судлаач М.Ариунтуяатай ярилцлаа.

-Топ их сургууль юугаараа топ вэ гэсэн асуултаас хоёулаа яриагаа эхэлье?

-Энэ асуултад “Топ их сургууль юугаараа топ вэ” номын агуулгын хүрээнд хариулъя.

Топ сургуулийг хүмүүс ойлгохдоо орчин, сургалт, багшийн чадвар, оюутны дотуур байр зэрэг бүх зүйлээр нь топ гэж ойлгодог. Энэ ч утгаараа Америк болон Японы топ сургуулийг маш гоё гэж төсөөлдөг. Энэ ойлголт нь бодит эсэхийг номын зохиогч Сато Жин тодорхой тэмдэглэсэн байгаа. Дээрх номын зохиогч Сато Жин нь Токиогийн их сургуульд багшлахын зэрэгцээ АНУ-ын “Princeton” их сургуульд зургаа дахь жилдээ багшилж байгаа хүн. Судлаачид Японы их сургуулиуд АНУ-аас суралцдаг, тэднээс их хуулдаг гэж үздэг. Гэвч топ сургуулиуд дотор ороод ажиллахаар бүх зүйл нь топ байдаггүй, сайн ч зүйл бий, саарч зүйл байдаг гэдгийг зохиолч тэмдэглэсэн байгаа.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2203417/ эндээс унших боломжтой.


“СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ ХЭРЭГ 47 ХУВИАР ӨССӨН”

Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөнтэй ярилцлаа.

-Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг зөрчил ямар байна вэ. Хичээл сургууль эхэлсэн эхэлсэн энэ үед гэмт хэргийн гаралт нэмэгддэг байх?

-Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 17 мянга 564 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Эдгээрийн 66.7 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт үйлдэгдэж буй гэмт хэрэг 2961 хэргээр буурсан. Ангиллаар нь авч үзвэл он гарсаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 4000 гаруй хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 14 хувиар буурсан. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэдэг нь бусдын биед хүнд болон хөнгөн гэмтэл учруулах, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг энэ төрлийн хэрэгт хамаардаг.

Гэр бүлийн хүчирхийлэл энэ он гарсаар 424 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрвөн хувиар буурсан. Түүнчлэн хулгайлах гэмт хэрэг энэ он гарсаар 5756 бүртгэгдсэн бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2200 хэргээр буюу 27.7 хувиар буурсан.

Согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг эхний есөн сарын байдлаар өссөн. Өнгөрөгч есдүгээр сард архидан согтуурахтай холбоотой гэмт хэрэг 1306 бүртгэгджээ. Үүнийг өнгөрөгч оны мөн үетэй харьцуулбал 47 хувиар өссөн байна. Нийгэмд архидан согтуурах явдал маш их байна. Тухайлбал, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж буй иргэдийн тоо өсч оюутан залуус архи хэтрүүлэн хэрэглэх явдал гарч байна. Залуучууд ямарваа нэгэн тэмдэглэлт өдрийг архи, согтууруулах ундаагүйгээр тэмдэглэж чадахаа байсан харагдаж байна.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2202812/ эндээс унших боломжтой.


ЭМЧ МЭРГЭЖИЛТЭЙ МИСС Э.ЦЭВЭЛМАА

"NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор эмч мэргэжилтэй мисс бүсгүй М.Цэвэлмааг урилаа.  

ЮУНЫ ӨМНӨ “MISS WORLD-2019” ТЭМЦЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ЯЛАГЧААР ТОДОРЧ, ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ӨРСӨЛДӨХ ЭРХИЙГ АВСАНД БАЯР ХҮРГЭЕ. ӨӨРТӨӨ ХЭР ИТГЭЛТЭЙ БАЙВ. СЭТГЭГДЛЭЭСЭЭ ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?        

–Маш их баярлалаа. Охид бүр багаасаа мисс болохыг хүсч мөрөөддөг шүү дээ. Миний хувьд ч гэсэн бусдын адил мисс болох мөрөөдөлтэй хүүхэд байлаа. Гэхдээ энэ мөрөөдөл минь ирээдүйд биелнэ гэж бодож байсангүй. Өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх тэр мөч үнэхээр сайхан санагдсан.

Би хоёр жилийн өмнөөс “Miss Word Mongolia” тэмцээнд оролцох юмсан гэж бодож, эмээтэйгээ ярилцдаг байлаа. Эмээ маань ч намайг их дэмждэг байсан юм. Гэхдээ би дотроо “Их сургуулиа төгсчихөөд, энэ тэмцээнд орж, өөрийгөө сорьно доо” гэж боддог байлаа. Тэгээд би 2017 онд “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд оролцож, дэд байранд шалгарч “Хүмүүнлэг мисс” өргөмжлөлийг хүртсэн. Мисс хүн хамгийн гол нь хүмүүнлэгийн элч болдог шүү дээ. Тийм учраас надад боломж байгаа гэдгийг харсан. Өөртөө итгэлтэйгээр “Мiss World- 2019” тэмцээнд оролцож, үндэсний ялагчаар тодорсондоо баяртай байна.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2203399/ эндээс унших боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж