Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн өргөн барьсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. 2017 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэсэн найруулгад хөөн хэлэлцэх хугацааг таван жил болгож багасгасан нь цагаан захтнуудыг хэргээс мултрах боломж олгосон гэж өнөө хэр шүүмжлэл дагуулж буй.
Иймээс дээрх хуулийн төслийг өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр хэлэлцэх үеэр гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: 2017 оны дөрөвдүгээр сарын 16-нд Төрийн ордны 334 дүгээр өрөөнд ажлын хэсэг хуралдахдаа хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх санал боловсруулсан уу, үгүй юү. Үүнийг олон нийтэд хэлж өгөхгүй бол энэ бүхний цаана тухайн үед Байнгын хорооны даргаар ажиллаж байсан Раднаасэд байгаа гэдэг. Ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж байсан Х.Нямбаатар би үхэхээр чи үх гээд “Үүнийг чинь Ш.Раднаасэд хийсэн юм. Алга дарам цаасаар хүн хуурахгүй” гэж ярьсан. Би УИХ-ын Тамгын газраас бүх тэмдэглэл, соронзон бичлэгийг нь гаргуулж авсан. Анхны хэлэлцүүлгийг нь хийх үеэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13-ыг өөрчилсөн. 31.13 бол мөрдөн байцаалтын хугацаатай холбоотой заалт. Мөрдөн байцаалт нэрээр олон хүнийг цагдаагийн байгууллага удаан хугацаагаар үүдэнд зогсоож тамладаг байдлыг багасгах, мөрдөн байцаагчдыг хариуцлагатай богино хугацаанд хурдан шуурхай ажиллуулахын тулд энэ өөрчлөлтийг хийсэн. Гэтэл энэ өөрчлөлтийг үндэслээд заавал материаллаг хуульд өөрчлөлт оруулахгүй бол хэрэгжихгүй гээд Эрүүгийн хуулийн 1.10 буюу хөөн хэлэлцэх хугацааг богиносгох өөрчлөлтийг боловсруулсан. Харин одоо энэ төсөл дээр 31.13-ыг өөрчилсөн заалт орж ирээгүй байна. Ажлын хэсгийнхэн “Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол ямар ч ашиггүй зохицуулалт болно” гэж ярьж байгаад өөрчлөлт оруулсан. Ажлын хэсэгт хэн хэн байсан бэ гэвэл, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар гишүүн, Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр, Улсын ерөнхий прокурорын Гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл, дүн шинжилгээний төвийн дарга Б.Бат-Орших, Ерөнхий прокурорын орлогч Эрдэнэбат, Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсай, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, доктор Ж.Эрхэсхулан, Дээд шүүхийн шүүгч С.Нямжав, Б.Баасандорж нар байсан. Х.Батсүрэн шүүгчээс нэг зүйл асууя. Хөөн хэлэлцэх хугацаатай шүүхийн шийдвэр гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг үндэслэж гаргадаг юм уу, Эрүүгийн хуулийг үндэслэж шийдвэр гаргадаг юм уу.
Дээд шүүхийн шүүгч Х.Батцэрэн: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хязгаарлалт тогтоодог гурван тохиолдол байдаг. Нэгдүгээрт, гэмт хэрэг үйлдсэнээс хойш ямар хугацааны дотор эрүүгийн хэрэг үүсгэх вэ. Хоёрдугаарт, нэгэнт эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсан бол ямар хугацааны дотор мөрдөн шалгаад шүүх шийдвэрээ гаргах вэ гэдэг хоёр дахь хугацаа. Гуравдугаарт, шүүх шийдвэрээ гаргаснаас хойш ямар хугацаа өнгөрвөл энэ шийдвэрийг биелүүлж болохгүй вэ гэдэг хугацаа.
Ц.Нямдорж: Ш.Раднаасэд гишүүний асуугаад байгаа Эрүүгийн хуулийн 1.10-ын хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн заалт. Үүнийг өөрчлөх шаардлага байхгүй. Учир нь Эрүүгийн хуульд дээд тал нь 12 жил гээд заачихсан байгаа. Гол маргаан бол гэмт хэргийн ангиллыг байхгүй болгосонтой холбоотой. Хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэргийн ангиллаар авч үзэх гэхээр Эрүүгийн хуулийн бүх заалтыг хөндөх шарлагатай болох гээд байгаа юм.
Ш.Раднаасэд: Б.Бат-Орших прокуророо, Эрүүгийн хуулийн 1.10-ыг өөрчилсөн заалт хууль батлагдсанаас хойш дангаараа тогтоолтой хамт батлагдсан. Үүнийг санаж байна уу. 2017 оны дөрөвдүгээр сарын 15, 16-ны даваа, мягмар гаригт ажлын хэсэг хуралдаад 17-нд Байнгын хороогоор хэлэлцүүлсэн юм. “Би одоо санахгүй байна. Тэмдэглэл нь байвал уншаад өгөөч” гээд байх юм. Ажлын хэсгийн хурал болж 1.10 дугаар заалтыг өөрчилсөн юм уу, үгүй юм уу гэдгийг л хэлээд өгчих. Тэр нь л хамгийн чухал байна.
Б.Бат-Орших: Ажлын хэсгийн тэмдэглэлийг харлаа. Процессын хуульд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалт орсон ч Эрүүгийн хууль буюу материаллаг хуулийг дагаж зохицуулагдах учраас хоорондын уялдаа холбоог хангах тухай асуудал ажлын хэсгийн хурлын үеэр яригдсан байна.
Ш.Раднаасэд: Ажлын хэсэг хуралдаж Эрүүгийн хуулийн 1.10-ыг өөрчилсөн гэдгээ хэллээ. 31.13 буюу мөрдөн байцаалтын хугацаанд оруулсан өөрчлөлтийг улбаалж Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх ажлыг ажлын хэсэг хийсэн болохоо өөрсдөө ярьж байна, Х.Нямбаатар дарга аа. Гэтэл Ц.Нямдорж сайдын оруулж ирж байгаа төсөл дээр 31.13-ыг хөндөөгүй хэрнээ материаллаг хуулийнхаа хөөн хэлэлцэх хугацааг хөндчихсөн байна.
Ц.Нямдорж: Х.Тэмүүжингийн батлуулсан Эрүүгийн хуулийн 1.10-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолно. Яллагдагчаар татсанаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно” гэсэн заалт байсан. Сүүлд өөрчлөлт оруулахдаа яллагдагчаар татах гэдэг үгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох гэдэг үгээр сольчихсон. Өөр ямар ч өөрчлөлт байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа нь бол Х.Тэмүүжингийн батлуулсан хуульд зааснаараа байгаа. Нэг, найм, 12, 20 жил гэсэн хугацаа бий. Процессын хуулиар чинь 1.2, 1.5-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн үг байгаа. Тэр бол Эрүүгийн хуулийн 1.10-т заасан нэг, найм, 12, 20 жилийн хугацаа өнгөрсөн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн заалт. Энэ өөрчлөлт чинь буруу. Үүнийг хийсэн эзэд нь өөдөөс хараад сууж байна. Х.Батсүрэн, Б.Бат-Орших нар. Эднээс гадна Хууль зүйн сайд байсан С.Бямбацогт, дэд сайд байсан Б.Энхбаяр, ажлын хэсгийн ахлагч гээд хүмүүсийн нэр хурлын тэмдэглэл дээр бичигдээд үлдсэн байна. Одоо хэн нэгэн рүү битгий бухаарай. Үүний цаана юм будилуулах сонирхол байсан байхыг үгүйсгэхгүй. Яллагдагчаар татсан өдрөөр хөөн хэлэлцэх хугацааг зогсооно гэдэг чинь цаашаа шүүх хүртэл ямар ч хугацаанд хэргийг хөөн хэлэлцэж болно гэсэн зохицуулалт. Үүнийг та нар будилуулсан. Хэрэв хувийн сонирхолтой байсан бол та нарыг бүгдийг чинь шалгах хэрэгтэй.
Ш.Раднаасэд: Ц.Нямдорж сайд үүнийг хийсэн эзэд нь гарч ирлээ гэж хэлж байна. Ажлын хэсэг үүнийг хийсэн гэдгийг Б.Бат-Орших прокурор хэллээ, Х.Нямбаатар дарга ч хэллээ. Хөөн хэлэлцэх хугацаан дээр одоо цэг тавъя. Энэ хугацааг наашлуулж цаашлуулсан хүмүүс нь ажлын хэсгийн гишүүд гэдэг нь тодорхой болж байна. Одоо үүнийг Раднаасэд хийсэн гэж битгий худлаа яриарай. Би үхэхээр чи гэдэг байдлаар битгий асуудалд ханд. Твиттер, фейсбүүкийн хуульчид их боллоо. Улстөржиж болох сэдэв, болохгүй сэдэв гэж байдаг. Буруу хуулийг буруу сурталчилсны хор хөнөөл нь ард түмэн дээр бууж байна. Цаашдаа томоохон хуулиудын ажлын хэсгийг сайн хүнээр ахлуулахгүй бол мэдэхгүй юмныхаа дайсан гэгчээр алах юм байна. Ер нь 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулиас бол хэчнээн хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон гэдгийг гаргаж ярих хэрэгтэй. “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг хэрэгсэхгүй болчихсон гэж ойлгосон. Энэ хэрэг 2009 онд илэрсэн юм билээ. Хэрэв хэрэгсэхгүй болсон бол 2019 он хүртэл 10 жил мөрдөнө гэж юу байсан юм бэ. Одоо энэ хуулийн төслийг хурдан баталж хөөн хэлэлцэх хугацаа тойрсон хэрүүлийг дуусгахгүй бол болохгүй байна. Х.Нямбаатараас үүнээс хойш хийсэн бол хийсэн гэдгээ чинь шударгаар хэлээд, хийгээгүй бол хийгээгүй гэдгээ хэлээд хойшоо суучихаж бай. Ингэхгүй “Сэтгүүлчид шахсан учраас чамайг гээд хэлчихсэн юм. Би танай өрөөнд яваад оръё” гэж хэрэггүй. Нэг арьсандаа нэг амьдраад, нэг үхэх хэрэгтэй. Б.Энхбаярт бас хэлэх гэсэн чинь утсаа авахгүй юм. Бид хоёр нэг төгсөлт.
Холбоотой мэдээ