Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал А.Ганбат өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн шалтгааны улмаас ЗХЖШ-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ийнхүү өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад бригадын генерал Д.Ганзоригийг томилуулахаар нэр дэвшүүлж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр /2019.10.04/ УИХ-ын чуулганы хуралдаанаар ЗХЖШ-ын даргыг томилох саналыг зөвшилцөж, тус албан тушаалд бригадын генерал Д.Ганзоригийг томиллоо.
Ийнхүү хошууч генерал А.Ганбат, шинээр томилогдож буй ЗХЖШ-ын дарга бригадын генерал Д.Ганзориг нарт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгын зарлигыг уншиж танилцуулав. Үүний дараа тэд Зэвсэгт хүчний Жанжин туганд хүндэтгэл илэрхийллээ. Мөн хошууч генерал А.Ганбат амжилт хүсээд тамгаа гардуулан өглөө.
ЗХЖШ-ын дарга бригадын генерал Д.Ганзориг нь ОХУ-д цэргийн дээд сургууль төгссөн. АНУ-д явган цэргийн офицерийн хоёр шатны дамжаа дүүргэсний зэрэгцээ Зэвсэгт хүчний 150, 311 дүгээр ангид Энхийг сахиулах ажиллагааны удирдагч, Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн, ҮАБЗ-д мэргэжилтэн, Зэвсэгт Жанжин штабын орлогч, Ажиллагааны удирдлагын газрын дарга зэрэг албан тушаал эрхэлж, Зэвсэгт хүчний салбарт тасралтгүй 29 жил алба хаасан байна.
ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ГЭЖ ХЭН БЭ?
Д.Ганзориг нь 48 настай, 1980-1990 ЗХУ-ын 8 дугаар дунд сургууль, 1990-1995 онд ОХУ-ын Тамбов хотын Цэргийн дээд сургууль, 1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль, 2001-2002 онд АНУ-ын Явган цэргийн офицерын дамжаа, 2007-2008 онд АНУ-ын Команд штабын коллеж, 2011-2012 онд АНУ-ын Армийн дайны коллежийг тус тус төгссөн.
Тэрбээр 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн салааны захирагч, 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш, 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих сургалтын төвийн орлогч дарга, 2003-2007 онд Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, 2010-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албанд референт, 2012-2014 онд Зэвсэгт хүчний жанжин штабт газрын орлогч дарга, 2014 оноос Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан.
Э.АРИУН
Холбоотой мэдээ