Улирлын өмнө: Мемфис Гриззлис баг

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Мемфис Гриззлис баг

Улирлын өмнө: Мемфис Гриззлис баг

NBA-н залуухан багуудын нэг Мемфис Гриззлис баг М.Конли, М.Газол болон З.Рэндольф нарын эрин үед тун боломжийн багийг бүрдүүлээд байсан. З.Рэндольф дээр М.Конлиг 2007 онд, М.Газолыг 2008 онд драфтаар авснаас хойш Мемфис плэй-оффын баг болсон. Харин 2017 онд ахмад тоглогч З.Рэндольф, өнгөрсөн өвлийн солилцоогоор М.Газол Торонто руу явснаар энэ баг шинэчлэлийнхээ үетэй нүүр тулсан. Үүнийг батлах мэт энэ зун 12 жил хүчирхэг Мемфис Гриззлис багийг бүрдүүлээд байсан багийн менежер К.Уоллес ажлаа шинэ менежер К.Клейманд хүлээлгэн өгсөн. Шинэ менежер энэ зун нэлээд өөрчлөлт хийсний дотор багийн нүүр царай болоод байсан М.Конлиг солилцоонд оруулж Ж.Краудер, Г.Аллен болон К.Корвер нарыг авчирсан ч К.Корверыг явуулсан.

  • Багт ирсэн тоглогчид: Ж.Морант, Б.Кларке, Ж.Краудер, Ж.Жэксон, А.Игуодала, Г.Аллен, М.Плампли
  • Багаас явсан тоглогчид: М.Конли, Э.Брэдли, Д.Райт, Си.Жи.Майлс, Ч.Пэрсонс

Зуны солилцоо нэг талаар цалингийн цэсийг нэлээд чөлөөлсөн солилцоо болсон. Хэдийгээр өндөр үзүүлэлттэй тоглогчид биш боловч багтаа макс гэрээтэй байсан М.Конли болон Ч.Пэрсонс нарыг явуулснаар 50 гаруй сая ам.долларын зай гаргасан. Энэ улиралд багт хамгийн өндөр цалинг  NBA-н 3 удаагийн аварга ахмад довтлогч А.Игоудала авч буй. Өдгөө 35 настай А.Игуодалагийн сүүлийн улирал байх магадлал тун өндөр бөгөөд түүнд SG болон SF дээр багагүй минутыг өгч магадгүй. Учир нь залууст түүний туршлага хэрэгтэй. Жижиг довтлогчийн байрлал дээр тоглох К.Андерсоныг бэртлээс ирэх хүртэл А.Игуодала болон К.Краудер нарыг ашиглах болов уу гэсэн таамаг сагсанбөмбөг сонирхогчдын дунд бий.

Багийн энэ зуны хамгийн том ололт нь драфтын сугалаанд 2-р шатанд шалгарсан явдал байсан. Хэдийгээр З.Уильямсоныг авч чадаагүй ч Мюррей Их Сургуулийн залуу тоглогч Ж.Моратыг драфтын эхний тойргийн хоёроор авсан. Мюррей Их Сургуулиас NBA-д алдар нэрээ цуурайтуулсан тоглогч хараахан гараагүй. Ж.Морат бол энэ сургуулиас хамгийн дээгүүр драфтын эрхээр NBA-д хөл тавьж байгаа тоглогч. Их Сургуулийн 2 улиралдаа 18.7 оноо дундажласан бөгөөд өнгөрсөн улирал 24.5 оноо дундажлаж коллежийн лигийн шилдэг холбон тоглогч болсон. Мемфис Гриззлис түүнийг багтаа аваад шууд 4 жилийн гэрээ байгуулсан. Энэ улирал Мемфис Гриззлис багт А.Игуодала, Я.Валанчунас, С.Хилл болон М.Плампли нар 10-аас дээш сая ам.долларын цалинтай. Ирэх улирал дуусгаад А.Игуодала, С.Хилл болон М.Плампли, Ж.Краудер нарын гэрээ дуусах бөгөөд ер нь багтаа үлдэх тоглогч бараг л байхгүй болов уу.

Иймд энэ улиралд шинэ дасгалжуулагч, шинэ менежертэй Мемфис Гриззлис баг яг шинэчлэлийн үедээ ирж байгаа. Магадгүй уналт хийгээд дахин драфтын дээгүүр эрхийг авч, төдийлөн өндөр үзүүлэлттэй гэрээ нь дуусаж буй тоглогчдоо явуулаад 1-2 жилийн дараа дахин сэргэх үү. Одоогийн багийн лидер хэн байх вэ гэдэг ч тодорхойгүй байгаа.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж