Дэлхийн дулаарлын эсрэг тэмцэгч идэвхтнүүд дэлхийн дулаарлын асуудалд анхаарал татахын тулд Лондонгийн төвд хуучин галын машинаар засгийн газрын ордон руу хиймэл цус шүршжээ. Английн засгийн газар уул уурхайн төслүүдэд хөрөнгө оруулснаараа нүүрстөрөгчийн хийг хурдацтай ихэсгэж байгаа нь дэлхийн дулааралд бусад улсуудаас илүү нөлөөлж байна гэж тэмцэгчид үзэж буй.
Тэмцэгчид барилгын хаалга руу хиймэл цус цацаж эхэлмэгцээ ус шүршигчийн удирдлагыг алдаж ойр хавийг тэр чигт нь улаанаар буджээ. Барилгыг угааж цэвэрлэсэн ч бүдэг улаан толбо арилахгүй үлдсэн байна.
"Сүйрлийн эсрэг хөдөлгөөн" (extinction rebellion movement) -ий тэмцэгчид аравдугаар сарын гурваны өглөө 10:00 цагт төрийн ордны гадаа хуучин галын машинтай ирж 100 настай тус барилга руу 1800 литр хиймэл цус шүршсэн байна. Мөн бусад жагсагчид "Английн засгийн газар дэлхийн дулааралд хөрөнгө оруулахаа боль!" гэсэн бичгүүдийг барин зогсч байжээ.
Галын машин хэрэглэснээрээ бид ийм хойшлуулж болшгүй яаралтай аюултай нүүр тулаад байна гэдгийг харуулахыг хүссэн гурван эрэгтэй, нэг эмэгтэй тэмцэгчийг цагдаа нар баривчилжээ. Баривчлагдсан тэмцэгч 83 настай, тэтгэвэрт гарсан лектор, дөрвөн хүүхдийн өвөө Фил Кингстон өмнө нь ижил хэргээр зургаан удаа баривчлагдаж байжээ. Тэрбээр "Би дөрвөн хүүхдийнхээ төлөө өөрийнхөө бүх хүчээр тэмцэх болно. Дэлхийн дулаарал ямар хурцадмал асуудал болоод байгааг харуулах гэж би энд ирсэн" гэсэн бол түүнтэй хамт баривчлагдсан хүний их эмч Диана Варнер "Дэлхий даяар байгаль орчин ямар хүнд хэцүү үед ирээд яаж тарчилж байгааг хүн бүрт харуулахын төлөө би шоронд орсон ч чадна. Энэ хөдөлгөөнд оролцож байгаа үйл хэрэг минь миний эмч байсан болон ээж байсан бүхнээс илүү чухал" хэмээн ярьж байлаа.
Тус үйл явдал нь аравдугаар сарын долоонд 60 хотод эхлэх дэлхийн дулаарлын эсрэг жагсаалын нэг хэсэг гэж хөдөлгөөнийхөн хэлжээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: www.time.com