Америкийн анхны "Lowell farms" каннабис кафе өнгөрсөн мягмар гарагт баруун Холливүүдэд "Фермээс шууд ширээнд" уриатайгаар нээгдэж урьдчилан ороож бэлдсэн ‘жойнт’-ыг 18 доллар, олон төрлийн ургамал болон тэднийг хэрэглэх хэрэгслүүд, амтат хоолнуудаар үйлчилж эхэлжээ.
Өмнө нь ийм төрлийн үйлчилгээ зөвхөн Амстердамд л байсан бөгөөд Америк дахь үйлчлүүлэгчдэдээ ийнхүү хууль ёсны дагуу ойртсонд хүмүүс баяртай байгаа аж. Уг Кафег Майли Сайрус, Крис Рок, Сара Силвермэн зэрэг одуудтай хамтран ажилладаг "Lowell herb Co" каннабис тариалагчид ивээн тэтгэж байгаа гэнэ.
"Манай кафе Америкт марихуана орцтой хүнс, ундаа, бүтээгдэхүүнээр үйлчлэх албан ёсны эрхтэй газар болж чадлаа" хэмээн Ловел Фермийн ажилчид ярьж байна.
Тус кафед зөвхөн 21 болон түүнээс дээш насныхан үйлчлүүлэх эрхтэй бөгөөд ‘flower hosts’, ‘budtender’ гэж нэрлэгдэх ажилтнууд үйлчлүүлэгчдэдээ ямар сортын каннабис аль хоолны амт болон шим тэжээлтэй сайн зохицох болон каннабис хэрхэн сайн ороох талаар зөвлөгөө өгч ажилладаг ажээ.
Кафен эзэн Андреа Драммэр "Өдөр бүр бид өөр сортуудыг туршиж ямар хоол болон аль дарстай зохицохыг судалж байгаа. Хэзээ ч бүтээж чадна гэж төсөөлж үзээгүй түүхийнхээ нэг хэсэг нь болж үлдэж байгаадаа маш их баяртай байна. Манай 40 гаруй ажилчид үйлчлүүлэгчдэдээ анхаарал халамж тавьж, хэт мансуурахаас нь өмнө болиулах тал дээр маш сайн бэлтгэгдсэн" хэмээн ярьжээ.
Кафе гадаа болон дотор танхим, өндөр чадвар бүхий агаар шүүгчээр тоноглогджээ.
"Бид 120 жилийн турш хуулиар хориглож байсан энэ бүхэн үнэндээ аймшиггүй, аюулгүй зүйл байсныг хүмүүсд таниулах зорилго тээн нэг усан онгоцонд мөр зэрэгцэн сууж далайд гарсандаа, энэ нэрийг авч яваадаа үнэхээр их бахархаж байна" гэж ерөнхий менежер Кэвин Брэди ярьж байна.
2018 оны нэгдүгээр сард Калифорн Каннабисийн хэрэглээг хуулиар зөвшөөрснөөс хойш хүмүүс гэртээ болон жижиг үдэшлэгүүдэд л каннабис хэрэглэсээр иржээ. Харин энэ онд Ловел кафе баруун Холливүүдэд анх удаа олон нийтэд каннабисаар үйлчлэх найман зөвшөөрлийн эзэн болсноор энэхүү анхны кафегээ нээжээ. Мөн үлдсэн долоон кафег ойрын хугацаанд нээхээр төлөвлөж байгаа аж.
Үйлчлүүлэгчдийн зүгээс "Каннабисийг хуулиар зөвшөөрөх нь зайлшгүй зөв зүйл гэж би бодож байна. Амстердамд бол 10 алхаад л нэг каннабистай таардаг. Тэдний туршлагаас харахад энэ бүхэн муу зүйл биш" Дерек Боллэлла 22 настай бизнессийн ангийн оюутан авакадонд дүрсэн начо идэж байх зуураа дурджээ. Мөн "Би энд өдөр болгон ирэх болно. Энэ бол Америк соёл шинэ түвшинд гарч буйн баталгаа. Энд хөгжим нь ч үнэхээр таатай байна. Энэ бол Калифорн. Үүнээс илүү амьдрал гэж хаана байна." Антонела Балагүэр 23 настай хуулийн ангийн оюутан ярьжээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: www.dailymotion.com