Сонгуульд зориулсан халамжийн төсөв

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Сонгуульд зориулсан халамжийн төсөв

Сонгуульд зориулсан халамжийн төсөв

Эрх баригчид ирэх жил сонгуульд зориулан татвар төлөгчдийн мөнгийг баруун солгойгүй цацах нь ээ. УИХ 2020 оны төсвийн төслийг хэлэлцэж ч эхлээгүй байхад “party” хийсэн нь хууль тогтоогчид хүртэл татвар төлөгчдийн мөнгөөр хонины найр хийхийг нь хүлээн зөвшөөрсөн бололтой. Гэтэл дэлхий дахин худалдааны дайнаас үүдэлтэй хямралд бэлтгэл хангаж байна.

Засгийн газрын боловсруулсан Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд 11.8 их наядыг олж, 13.9 их наядыг зарлагдахаар тооцсон нь төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ийн 5.1 хувьтай тэнцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, улс гүрнүүд хямралаас сэргийлэх зорилгоор төсвийн алдагдлаа бууруулах арга хэмжээ авч буй бол Монгол Улс тэлж, бэлэн мөнгө тараалтаа тэтгэлэг болон бусад хэлбэрээр тараахаар төлөвлөв.

Тухайлбал, төсвийн орлогын 82.6 хувийг татварын орлогоор бүрдүүлэхээр, төсвийн зарлагын 56.2 хувийг цалин, тэтгэвэр, тэтгэмж татаас, зээлийн хүүгийн төлбөрт зарцуулахаар тусгасан нь  хэт өөдрөг төсөөлөл төдийгүй зардал нэмэгдэж, татвар төлөгчдийн нуруунд үүрүүлэх ачаа хөнгөрөхгүй нь.

Зардлын нэмэлтээс дурдвал:

-2020 онд төрийн албан хаагчийн цалин хөлсийг инфляцтай уялдуулан найман хувиар нэмэгдүүлэхэд 159.8 тэрбум төгрөг,

-Нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэхэд 150.6 тэрбум төгрөг/418.4 мянган хүн хамрагдана/

-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 57.2.4-т заасны дагуу төрийн (ТҮ)-ний алба хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 2020 оноос шинээр олгож эхлэхтэй холбоотойгоор 142.7 тэрбум төгрөг,

-Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны хооронд төлж чадаагүй нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлж, 2020 оноос тэтгэвэр авахад 117.3 тэрбум,

-Эхчүүдийн ажилласан жилийг хүүхдийн тоогоор нэмэгдүүлэх, даатгалгүй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцах хууль хэрэгжихэд 10.2 тэрбум,

-Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарсан зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд 12.7 тэрбум,

-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв/МСҮТ/-д суралцагчдад олгох тэтгэлгийг 200 мянга болгож 40 мянган сурагчдад олгоход 79.9 тэрбум төгрөгийг тус, тус нэмж зарцуулахаар төсөвлөснөөс харж болно.

Сонгуулийн жилийн төсөв зардал өндөртэй байдаг ч халамжийг хавтгайруулахаас татгалзаж ирсэн жишигтэй. Харин Ардын засаг сөрж бас ялгавартай хандаж байна. Амьдралынх нь боломжоор ялгаварлалгүй хүүхэд бүрт сар тутмынх нь 20 мянган төгрөг олгочих гэхэд гурван жилийн турш гар татсан Засгийн газар МСҮТ-д суралцагчдад гэнэт хайр зарлан 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор болсныг санал авах зорилго дор хийж байгаа бялдуучлал гэж үзэхээс аргагүй.

Хүүхэд санал өгөх боломжгүй болохоор хаяж, санал өгөх боломжтой МСҮТ-ийнхнийг лоббидож эхэлж байна шүү дээ.

Хамгийн гол нь МСҮТ-д суралцагчдын тэтгэлгийг 200 мянгад хүргэснээр чанартай мэргэжилтэй ажилтан бэлтгэж чадах уу.  МАН сонгуульд санал авах зорилгоор 2011 онд залуу хосод 500 мянган төгрөг олгох хууль баталснаас болж, зөвхөн мөнгөний төлөө гэрлэсэн залуусын тоог эрс нэмэгдүүлсэн. Одоо ч энэний хор хөнөөл арилаагүй, хүчирхийлэл, гэр бүл салалтаар үргэлжилсээр байгаа.  Хар амиа бодсон санал авахын төлөөх “галзуурал” нийгэмдээ ямар том аюул учруулдаг вэ гэдгийн бодит жишээ энэ болсон. Монголд өнөөдөр мэргэжилтэй ажилтан хэрэгтэй байж болох ч зөвхөн мөнгөөр татах бодлого хэрэгжүүлснээр чанартай ажилтан бэлтгэж чадахгүй.  Харин ч тэтгэлэг авахын төлөөнөөс суралцсан нэр зүүсэн залуу үеийг олноор бэлтгэх аюултай. МСҮТ-д суралцагчдад 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог байх үед тэдэн хүүхэд сургасан гэдэг хуурамч баримт бүрдүүлж,  төсвөөс мөнгө идсэн зөрчил гарч, дуулиан дэгдээж байв.

Жилээс жилд Нийгмийн даатгалын сангийн алдагдал өсч, тэтгэврийн зөрүү арилахгүй байгаа тухай гомдлыг эрх баригчдаасаа эхлээд хөндсөн ч энэ хугацаанд зассангүй. Харин ч сонгуулиар санал авахаа бодож гаргасан шийдвэрийнх нь үрээр татвар төлөгчдийн мөнгөнөөс хэд, хэдэн хувилбараар хэдэн зуун тэрбумаар нь цацах нь.

Олон улсын валютын сангаас тавьсан шаардлагын хүрээнд гурван жилийн өмнө Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмсэн. Энэ нэмэгдсэн хувь хэмжээг даатгуулагч хийгээд ажил олгогч нар төлөх гэж чардайж л яваа. Гэтэл төвлөрсөн шимтгэлийг ажил хийдэггүй хэсгийг дэмжихэд буцаагаад зарцуулж байна.

Өртөг нь өндөр байна хэмээн төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг царцааж байсан Засгийн газар барилгын материалын үнэ ханш өсөв үү гэсэн шиг өнөөх хэдэн барилгыг бариулахаар шийдэж… Цаг тухайд нь хөрөнгийг шийдээд бариулчихсан бол зардлыг хумих л байсан даа.

Эрх баригчдын өөрсдийнх нь хэтэвчнээс эдгээр мөнгө гардаггүй тул үүрэхийг нь чи, аахилахыг нь бид гэсэн шиг л сонгуульд зориулан төсвийг цацаж өгөх нь ээ.

Дөрвөн жилийн өмнө Монгол Улсын нийт гадаад өр 21.6 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 29.7 тэрбум ам.долларт хүрчээ.  Энэ өрийг шинээр байгуулагдах Засгийн газар төлөхийн төлөө чардайна. Харин тэр үед өнөөгийн Засгийн газар ажлаа хүлээлцсэн байна.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж