Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2019.10.04) үдээс өмнөх хуралдаан 50.7 хувийн ирцтэй эхэлж, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд Д.Ганзоригийг томилох талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д тус тус заасны дагуу бригадын генерал Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр танилцуулж буйг хэллээ.
Нэр дэвшигч Д.Ганзориг нь 48 настай, 1980-1990 ЗХУ-ын 8 дугаар дунд сургууль, 1990-1995 онд ОХУ-ын Тамбов хотын Цэргийн дээд сургууль, 1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль, 2001-2002 онд АНУ-ын Явган цэргийн офицерын дамжаа, 2007-2008 онд АНУ-ын Команд штабын коллеж, 2011-2012 онд АНУ-ын Армийн дайны коллежийг тус тус төгссөн. Тэрбээр 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн салааны захирагч, 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш, 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих сургалтын төвийн орлогч дарга, 2003-2007 онд Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, 2010-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албанд референт, 2012-2014 онд Зэвсэгт хүчний жанжин штабт газрын орлогч дарга, 2014 оноос Зэвсэгт хүчний жанжин штабт газрын даргаар ажиллаж байгаа аж. Монгол Улсын Ерөнхийлөгч бригадын генерал Д.Ганзоригийн төрийн тусгай албан ажилласан туршлага, мэргэшсэн байдал зэргийг харгалзан Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд томилох санал гаргасан болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцууллаа.
Уг асуудлыг хэлэлцсэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан танилцуулсан юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд Д.Ганзоригийг томилох талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөхийг гишүүдийн олонх дэмжсэн байна.
Танилцуулгуудтай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ш.Раднаасэд нар хугацаат цэргийн албан хаагчдын эрх зөрчигдсөн, эрүүл мэндээрээ хохирсон, амь насаа алдаж байгаа гэх баримтуудад анхаарал хандуулж ажиллах онцгой шаардлага бий гэдгийг хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Д.Ганболд нар улсын хэмжээнд цэргийн удирдлагыг шууд хэрэгжүүлдэг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хэмээх энэ онцгой албан тушаалын томилгоо зургаан сарын дотор өөрчлөгдөж буйд шүүмжлэлтэй хандаж байсан. Нэр дэвшигчийг цэргийн бүх шатны сургуулийг дүүргэж, олон улсын түвшинд бэлтгэгдсэн шилдэг мэргэжилтэн хэмээн үнэлж, дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Л.Болд нар илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ цэргийн анги нэгж дэх сахилга журмыг сайжруулах шаардлагын талаар сануулсан бол Л.Болд гишүүн цэрэг-иргэний харилцааг шинэ шатанд гаргахад анхаарах талаар саналуудыг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа энхийг сахиулах үйл ажиллагаанд инженерийн ротыг ажиллуулах чиглэлд анхаарал хандуулж ажиллахын зэрэгцээ бүх зүйл хуулийн дагуу байх ёстойг сануулж байв. Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан зэвсэгт хүчний анги нэгтгэлийн эзэмшил газрын асуудлаар Байнгын хорооны даргын хувиар байр сууриа илэрхийлж, тодорхой саналыг гаргаж байв.
Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 40 нь буюу 76.9 хувь нь Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд томилох Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг дэмжсэн.
“Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа
Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус дэд хорооны дарга З.Нарантуяа танилцуулсан.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Б.Баттөмөр, Н.Амарзаяа, Ж.Ганбаатар, Т.Аюурсайхан, М.Билэгт, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон ажлын хэсгийн бусад гишүүдээс хариулт авсан юм.
Монгол Улсын нийт гадаад өрийн талаарх асуултуудад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сайд хариулахдаа, Монгол Улсын нийт гадаад өр 29.7 тэрбум ам.доллар байгаа. Үүний 61.2 хувь буюу 18.2 тэрбум ам.доллар нь Оюутолгой, Энержи ресурс, Саус гоби сэндс, Хөгжлийн банк, Монголын алт, МИАТ, Алтайн хүдэр, Ачит эхт гэх зэрэг аж ахуйн нэгж, компаниудын зээл эзэлж байгааг тайлбарлав. Арилжааны банкуудын гадаадаас авсан 2.2 тэрбум ам.доллар, Монголбанкны 2 тэрбум ам.доллар байгаа бөгөөд үлдсэн 7.2 тэрбум ам.доллар буюу Монгол Улсын нийт гадаад өрийн 24.4 хувь нь Монгол Улсын Засгийн газрын өр гэлээ. Үүний 1 тэрбум ам.доллар нь “Чингис” бондын өр бөгөөд 2021 онд төлөгдөх бол 2022 онд төлөгдөх “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, 2024 онд төлөгдөх “Хуралдай” бондын 600 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 2023 онд төлөгдөх 800 сая ам.долларын өр, тэдгээрийн хуримтлагдсан хүүгийн төлбөрийг мөн барагдуулах ёстойг дэлгэрэнгүй тайлбарласан. Эдгээрээс гадна 4 орчим тэрбум ам.доллар нь 1990 оноос хойш авсан эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбаруудад авсан зээлүүд байгаа бөгөөд Засгийн газрын гадаад өрийг барагдуулах төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа гэдгийг Сангийн сайд хэллээ. Гадаад өрүүдийн өнөөдрийн үнэ цэнэ, төлөгдөх үеийн ханш өөр байдгийг Ч.Хүрэлбаатар сайд дурдаад, өндөр хүүтэй зээлүүдийг өртгийг бууруулах менежмент хэрэгжүүлж байгаа гэлээ.
Сангийн яам сүүлийн жилүүдэд улсын төсвийг нэгтгэх ажлыг хийж гүйцэтгэж байгаа нь өнөөдрийн байдлаар 70-80 хувьтай, цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд олон байгаа гэв. Гаалиар бүртгэлгүй, зөвшөөрөлгүй нүүрс гардаг гэх зэрэг асуудлыг шийдвэрлэхээр гаалййн шинэчлэлийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа аж. Энэ ажил өнгөрсөн сард эхэлсэн бөгөөд гурван жилийн дараа Монгол Улсын бүх боомтыг хууль зөрчсөн үйлдэл бүрийг шуурхай илрүүлдэг хэмжээнд хүргэх зорилго тавин ажиллаж байгаа гэлээ. Татварын эрх зүйн орчныг бүхэлд нь шинэчилсэн бөгөөд холбогдох журмуудыг боловсруулах, сургалтуудыг зохион байгуулах ажлуудыг гүйцэтгэж байнаа гэнэ. Мөн даатгалын тогтолцоо, хөрөнгийн биржийг цэгцлэх, шинэчлэх, санхүүгийн зах зээлийг зөв гольдролд нь оруулж хөгжүүлэх ажлыг 10 орчим хувьтай гүйцэтгэж байгаа гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, ажил эрхлэлт, үйлдэрлэл зэргийг зохицуулахад чухал нөлөө бүхий гадаад худалдааны нэгдсэн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх шаардлагын талаар санал хэлсэн. Мөн өнгөрсөн жилийн эдийн засгийн идэвхжил нийслэлд өрнөсөн байдалд дүн шинжилгээ хийж, орон нутгийн эдийн засгийг сэргээх, орлогын тэгш бус байдалд анхаарал хандуулах, хямралын эсрэг менежмент хэрэгжүүлэх зэрэг саналыг хэлж байсан.
Ийнхүү гишүүд асуулт асууж, тодорхой саналуудыг хэлсний дараа “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 38 буюу 67.9 хувь нь дэмжснээр дээрх тогтоол батлагдав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.