“З.Баянсэлэнгийг улс төрийн хэргээр хэлмэгдүүлж байна” гэв

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

“З.Баянсэлэнгийг улс төрийн хэргээр хэлмэгдүүлж байна” гэв

“З.Баянсэлэнгийг улс төрийн хэргээр хэлмэгдүүлж байна” гэв

Барилга, хот байгуулалтын сайдаар 2015-2016 онд ажиллаж байсан З.Баянсэлэнгийг хууль зөрчсөн мэтээр улс төрийн зохиомол хэрэг үүсгэн хуулийн байгууллагаас шалгаж байгааг эсэргүүцэж, МАХН-ын эмэгтэй гишүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус намын эмэгтэй гишүүд Засгийн газраас тогтоол гаргасан “Түрээсийн орон сууц”-ны хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажлаа хийснийхээ төлөө З.Баянсэлэнгийг буруутгаж байгаа нь улс төрийн далд зорилготой гэдгийг хэлж байв.


“ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛСНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХЭЛМЭГДЭЖ БАЙНА”

Хурлын эхэнд МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн, Сүхбаатар дүүргийн МАХН-ын дарга Д.Дуламсүрэн ярихдаа “Өнөөдрийн хэвлэлийн хурлаар МАХН-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгийг зохиомол улс төрийн хэрэгт оролцуулж, шийтгэх гэж байгааг эсэргүүцэж байна. Шүүхийн байгууллагаас З.Баянсэлэнгийг хоёр үндэслэлээр буруутгаж, гурван жил гэмт хэрэгт холбогдуулан бие, сэтгэл санааны хүнд хохирол учруулж байгаа учраас эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэлээ. Барилга, хот байгуулалтын сайдаар З.Баянсэлэнгэ ажиллаж байхдаа анх удаа Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны тавдугаар сарын 31-ний өдөр гаргасан 298 дугаар тогтоолд “Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тусгасан байдаг.

Энэ тогтоол бол кабинетын зарчмаар хамтын шийдвэр болж гардаг. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн орон сууцны долдугаар хороонд баригдаж байгаа “Бэрэн” компанийн 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд худалдан авах арга хэмжээ авахыг тухайн үед сайд байсан З.Баянсэлэнгэд зөвшөөрсөн. Хоёрдугаарт худалдан авсан орон сууцны үнэ болох 15 тэрбум төгрөгийг 2017 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэхийг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Сангийн сайд Б.Болор нарт даалгасан байдаг. Тэгэхээр З.Баянсэлэнгэ Засгийн газрын шийдвэрийг биелүүлснийхээ төлөө хэлмэгдэх гэж байгаад харамсалтай байна” гэсэн юм.

"ХОЁР ҮНДЭСЛЭЛЭЭР ГУРВАН ЖИЛ ШАЛГАЖ БАЙНА"

Мөн тэрбээр З.Баянсэлэнгийг дараах хоёр үндэслэлээр шалгаж байгаа талаар онцолж хэллээ. Тэрбээр “Нэгдүгээрт төсөл сонгон шалгаруулалт зарлаагүй байна гэдэг үндэслэлээр шалгаж байгаа аж. Гэтэл Засгийн газрын тогтоолд 223 айлын орон сууцыг “Бэрэн” компаниас худалдан авахыг зөвшөөрсөн байх юм. Хэрвээ эдгээр орон сууцыг худалдаж аваагүй байсан бол З.Баянсэлэнгэ Засгийн газрын тогтоол биелүүлээгүй гэж хэрэгт оруулах нь байна. Бас албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр буруутгаж байна. Ажлаа хийсэн хүнийг буруутгаж, хэлмэгдүүлж байгаа нь шударга бус юм. Тэгвэл яагаад Засгийн газрын бусад гишүүд нь хуулийн байгууллагын өмнө дуудагдахгүй байна вэ. Ганцхан З.Баянсэлэнгийг дуудаад байгаа юм бэ гэдэгт хариулт нэхэж байна” гэв.

“ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨРТ МАХН-ЫН 20 ГИШҮҮН ХАМРАГДСАН”

Харин МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн, Сүхбаатар дүүргийн МАХН-ын дарга Б.Хэрлэн ярихдаа “Засгийн газрын 298 дугаар тогтоолыг З.Баянсэлэнгэ хэрэгжүүлэхдээ олон иргэдийг орон сууцтай болгохын тулд ипотекийн найман хувийн зээлд хамрагдалгүйгээр, төлбөрийн 20, 30 хувийг бэлнээр тушаах шаардлагагүйгээр, төрийн өмчийн орон сууцанд амьдрах боломжийг нээж өгсөн. Энэ ажлыг тухайн үед сайдаар ажиллаж байсан хэн ч хийх байсан. Түрээсийн орон сууцанд орж, амьдрах хүмүүсийг сонгон шалгаруулахдаа Барилга, хот байгуулалтын сайд өөрөө гардаж хийдэггүй. Өргөдөл өгсөн иргэдээс цахимаар сонгон шалгаруулж гэрээ хийхэд МАХН-ын 20 гишүүн хамрагдсан байгаа. Эдгээр иргэд дунд МАН, АН-ын гишүүд, нам бус хүмүүс ч бий. Гэтэл үүнийг нь төрийн албыг тэгш шударга хүргэх зарчмыг алдагдууллаа гэж өнөөдөр З.Баянсэлэнгийг буруутгаж байна” гэлээ.

Иймд МАХН-ын эмэгтэй гишүүд шударга зарчмыг баримтлан, хуулийн хүрээнд ажиллахыг Авлигатай тэмцэх газар болон Прокурор, шүүхээс шаардаж байна гэв.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж