МЭНДЛЭХ, ХҮНДЛЭХ
Хуучин цагт төвдүүд монголчуудыг очих цагт эрхий хуруугаа гозойлгон, хэлээ гаргадаг байжээ. Муу тарничин буюу хараалчин хүний хэл хар өнгөтэй байдаг тул ингэж мэндчилж хүндлээгүй хүмүүсийг өчиггүй цавчдаг байжээ. Эрхий хуруугаа гозойлгодог нь ”сайн буюу найдвартай хүн” гэсэн утга илэрхийлнэ. Одоо бол шинэ Төвдөд ийм мэндчилгээг Лхаст л лав харахгүй. Хөдөө орон нутагт байдаг эсэхийг мэдэхгүй. Харин Хималайн нурууны өвөрт Непалын шерба нарын дунд бол 90-ээд онд очсон ”Монгол гүнж”-ийг явах замд ингээд сууж байсан гэдэг. Ер нь Төвдөд очно гэдэг монголоо олж авна гэсэн үг юм. Хүнтэй золгох мэндлэхээс л бүх юм эхэлнэ. Тийм ч учраас биднийг ”их зантай” хэмээн шүүмжлэх нь их байдаг. Учир юун гэвэл хоёр хүн анх учрахдаа алгаа дээш хандуулан бие биенийхээ гарыг өргөх маягтай мэндлэх ёстой юм. Цагаан сараар бидний золгодог тэр уламжлал л үлдсэн гэж хэлж болно.
”Даши дэлэг” энэ бол ”Өлзий хутаг оршиж, амгалан жаргалан дэлгэрэх болтугай” хэмээн орчуулж болох үг. Монгол хүн амны бэлгээрээ гэж маш олон мэндлэх хүндлэх үг хэрэглэдэг байсан ч бид хүчээр ”тавааршлах” хэмээх мэндчилгээтэй болсон. ”Сайн байна уу?”, ”Юу байна” гэнэ. Тэгээд нэг хайнгадуухан гар гараасаа барина. Хэдийгээр Төвдөд хүмүүс гар барьж мэндлэх нь харагдаж байгаа ч мэндчилгээний маш олон хэлбэр байна. Төвд үндэсний хувцастай хүмүүс холоос баруун гараа толгойдоо хүргэн, хагас мэхийн мэндчилж байна. Биеийн хэлэмжтэй энэ мэндчилгээ бол монгол үндэсний хувцастайгаа явж байх үед хамгийн тохиромжтой. Гар гараа барин атгалцана гэдэг бол ихээхэн бүдүүлэг мэндчилгээ гэж үздэг. Эсрэг этгээд гараа угаагүй ч байж болно. Өвчин бохир нян халдаж болно. Төвдөд бол эрдэмтэй лам хуврагийн гараас барина гэдэг л хамгийн том хүндэтгэл болохоос энгийн цагт гар барин мэндчилнэ гэдэг бол доромжлол мэт санагдаж ч болно.
”Түгжэ чэ” буюу ”Таны лагшин амгалан уу?” энэ үгийг голдуу мэндчилгээний хариуд хэлнэ.
ХАДАГ
Нэг дуу байдаг юм даа.
Жинжүү хотынхоо
Жинтэй ягаан торгоороо хөө… гээд.
Жинжөү бол Химэрлэг жуу гэж дээр үеэсээ монголчуудын хадгийг хийдэг байсан газар. Даляаны чигт буюу манайхаас зүүн урагш далайн эрэг чигтээ нэг ийм хот байжээ. Эртнээсээ нааш химэрлэг буюу яг хадагны гарал үүслийг эндээс гарсан гэж үздэг улс ч бий. Дээхнээ бол монголчууд дайн хийхийн урьдтаа 3 жилийн өмнөөс бэлддэг байж гэнэ ээ. Нэг ижил зүсмийн азарга тавьж, ижил зүсмийн морьд буюу унаган морьдоо дайнд бэлдэнэ. Нөгөө нь арьс үс ноосоо Жинжүү рүү зөөж, химэрлэг торго авна.
Дээр үеийн цэрэг армийн тухай төсөөллөө бол орхих хэрэгтэй. Хүдэр бадир биетэй, төмөр гархин хуягтай цэргүүд бол байсангүй. Авчирсан химэрлэг торгоороо дээлийнхээ дотуур цээжин биеэрээ ороодог байжээ. Ингэж ороосон торго бол:
Нэгд, Бөөстөхгүй (Яагаад гэвэл торгоны утас бөөсний хөлнөөс нарийн)
Хоёрт, Хатгаа авахгүй (Хөлс шингээж авмагцаа биенээс хөндийрдөг)
Гуравт, Сэлэмний шарх хөнгөн авна. Сумны зэвтэй хамт биенээс сугалаад л гаргаад ирнэ.
Дөрөвт, Самбай сэрш зэрэг богино хадгаар цус тогтоож, мөчний шарх боох… гэх мэтчилэн аян дайнаас амьд мэнд эргэн ирэх ”эрдэнэ” болон хувирсан юм.
За ингээд аян дайнд явах гэж байгаа нэгэндээ ”мэнд сайн яваад ирээрэй” гэж ерөөл хэлээд алд алд хадаг өгдөг байжээ. Дайн тулаантай цагт бол алт эрдэнэсээс үнэтэй учир мөнгөний нэгж болно. Сайн сайхан үгс, амар амгалан амьдрал бие биедээ хэлж ерөөж өгдөг уламжлал гарснаас ”ХАДАГ” буюу ”амны бэлэг” хэмээн нэрлэх болжээ.
Дараа нь аян дайнаас амьд мэнд үлдсэн цэргүүд ихэнхдээ хадан агуйд бүтээсэн том том бурханд баярлаж, чихнээс нь өнөөх бие ороосон хадгаа уяж, талархах болсон учраас ”няндар” буюу ”чихний чимэг” хэмээн нэрлэж болжээ. Ингэж хадаг, яндар хэмээх монгол соёл Төвдийн ард түмэнд түгэн дэлгэрч, төвд нэртэй болсон билээ. Хамгийн урт нь 8 алд байх ба үүнийг Их шавийн баранзад хэмээн нэрлэнэ. Богдод Даншиг өргөх үед Халхын 4 хан дөрвүүлээ гар дээрээ барьж өргөдөг хадаг. Эвхэхэд нэг авдар болдог. Одоо Богд хааны ордонд л нэг үлджээ. За тэгээд цаашаа Мэндийн Даш хадаг, Урт насны Аюуш хадаг, Айлын охин гуйдаг алд цагаан Нанжвандан хадаг, сүүл мушгидаг сэрш самбай гээд явж өгнө өө.
Хадаг 5 өнгөтэй бөгөөд хар хадгийг хатуу догшины зан үйл, улаан хадгийг эрхэнд хураахын зан үйлд гэхчлэн ангилдаг бол төвдүүд зөвхөн цагаан хадаг л тан руу барин золгоно. Энэ нь бидний явдал үйл, мөр цагаан байг гэсэн утгатай. Сайн мэдээ сонсоно гэсэн гэсэн бэлгэтэй юм.
За ингээд төвд хүн алд цагаан хадгаан дэлгээд, ”Даши дэлэг” хэмээсээр тан руу алга тосон мэндчилсээр ирлээ.
ТӨВД ХУВЦАС
Төвдүүд өөрсдөө ч хэлдэг.
”Төвдүүд бид Энэтхэгээс номоо
Хятадуудаас хоолоо
Монголчуудаас хувцсаа авсан” гэж. Ер нь бол нэмээд уран барилгаа Непал, Хятад, Монголоос авсан гэхэд худал болохгүй болов уу?
Эрчүүд нь монгол дээлтэй ташуу энгэртэй дээл ихэвчлэн өмсөх бөгөөд баруун гарын ханцуйг голдуу сугалдаргална. Дээлийн ханцуй ихээ урт. Лам нарын тайлах нь ”дээлийн ханцуй урт байх нь Махамудра-г бэлгэднэ. Хоосон чанарыг онохын бэлгэ” гэнэ. Ихэвчлэн арьсан сармай дээл өмсөх бөгөөд дотуур нь цээж нүцгэн байх нь ч бий. Камба хүмүүс нь баатар зоригтой. Амдо хүмүүс нь монголжуу. Үй Зангийн улс нь эрдэмтэй гэж ярилцана. Өндөр уулын бүс, уулын дунд бие, нам дор амьдарч байгаагаасаа шалтгаалаад, нутгийн аман аялга нь ч тэр, хувцас нь ч тэр нилээн ялгаатай. Харин эмэгтэйчүүд нь бол гэрлэсэн, гэрлээгүйг нь хормойноос нь хараад л ялгачихаж болно. Ерөнхийдөө манай шовгор малгай бол Непал, Бутан хийцийнх, манай жанжин малгай буюу 4 талтай малгай бол төвд хоргой малгайнаас үүсэлтэй. Гуталны хувьд манай торгуудын току маягийн үхрийн духны арьсаар хийсэн ширэн галош, эсгий оймстой гуталнаас эхлээд, зааны хоёр соёог бэлгэдсэн камба нутал, хөнгөн цэмбэн сэмбэн гутал, нагчаа гутал, гярга бүс ер нь хувцасын дизайн сонирхдог хүн бол нилээн хэдэн монгол хувцас босгоод л ирнэ. Эхийн эрхт улс учраас эмэгтэйчүүд гоё ганган. Шүр сувд хэрэглэнэ. Шүр бол зовсон эрчүүдийн цус, сувд бол нулмис нь. Хамаг зовлонг биедээ үүрч халдаахын утгаар шүр сувдыг хэрэглэж байгаа болохоос ”нүдээ бүлтэртэл гоёсон”-д тооцох хэрэггүй. Хүүхдүүд нь салтаа нь задархай өмд өмсөөд, идэр 9-ийн хүйтэнд хээв нэг явах нь ч бий гэдэг. Төвдийн хувцасны түүхийн тухай Миндол номун ханы ”Замбутивийн дэлгэр номлол”-оос дэлгэрүүлж уншаарай. Мэдээж хамгийн сайхан юм бол ХООЛ.
Үргэлжлэл бий…
Г.НЯМ-ОЧИР
Холбоотой мэдээ